ХОЁР ТИВИЙН ПАРЛАМЕНТЧИД 20 ЖИЛЭЭ ДҮГНЭН, ХОЙШИД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛЭЭ ЯРИЛЦАВ

2016 оны 04 сарын 25

Өнгөрөгч өдрүүдэд Ази, Европын 32 орон болон Европын парламентын 170 төлөөлөгчийг нэг дор цуглуулж, “АСЕМ дахь Ази, Европын парламентын түншлэлийн үүрэг, оролцоо” сэдвийн дор ярилцсан Ази-Европын парламентын түншлэл (АЕПТ)-ийн IX уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Тус уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж буй.

Тиймээс ч хоёр тивийн хууль тогтоогчид өнгөрсөн 20 жилээ дүгнэн, цаашид баримтлах чиглэлээ түлхүү ярилцаж, АСЕМ-д дорвитой дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтаа цаашид үргэлжлүүлэх, тэр дундаа парламентын чиглэлийг бэхжүүлэх, АСЕМ болон АЕПТ-ийн хэлхээ, холбоог зузаатгах чин хүсэлтэй буйгаа нотолж, Ази, Европын улс түмнүүдийн нийтлэг зорилго, эрх ашгийг амьдралд хэрэгжүүлэхэд парламентуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахаа амлалаа.

Тухайлбал, парламентчид АСЕМ-ын дээд түвшний уулзалт хооронд зохион байгуулдаг сайд нарын болон бусад бүх уулзалтын мөрөөр арга хэмжээ авах, АЕПТ-ийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх үүднээс дүрмээ хянан үзэх шаардлагатай талаар ч цухалзуулж байсан юм. Мөн АСЕМ-ын үйл ажиллагааг сурталчлахтай холбоотойгоор АСЕМ-ын өдрийг гишүүн орнуудад жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тэмдэглэж байхыг төлөөлөгчид дэмжиж буйгаа илэрхийлж байсан.

Үүнээс гадна тэд алан хядах ажиллагаа нэмэгдсээр байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлж, терроризмын бүх хэлбэрийг эрс буруушаасан. Терроризм, цөмийн зэвсэг, дүрвэгсдийн асуудал зэрэг дэлхий нийтийн өмнөх сорилтыг олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу үр дүнтэй шийдвэрлэхэд олон талт үйл ажиллагаа шаардлагатай хэмээн санал нэгдсэн.

Тухайлбал, БНАСАУ-аас өнгөрөгч нэгдүгээр сард хийсэн цөмийн туршилт, ердөө сарын дараа баллистик пуужин хөөргөсөн зэрэг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолуудыг ноцтой зөрчиж байгаагийн зэрэгцээ Зүүн хойд Ази болон бусад тивийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байгааг онцлон дурдаж, цөмийн хөтөлбөрөөс бүрэн татгалзахыг шаардаж, зургаан талт яриа хэлэлцээг үр нөлөөтэйгөөр сэргээх зайлшгүй шаардлага тулгараад буйг онцлов.


Мөн АЕПТ-ийн парламентчид цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаарх АСЕМ-ын семинарыг жил бүр зохион байгуулахаа илэрхийлсэн. Эдгээр болон уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаарх олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, байгалийн гамшгийн менежментийн чиглэлээр АСЕМ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагаа, хоёр бүсийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа, ард иргэдийн хэлхээ холбоог бэхжүүлэх, оюуны өмчийн эрхийн асуудлуудыг тусгасан нийт 44 зүйл бүхий тунхаглал баталсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Уулзалтын явцад улс орнуудын илэрхийлсэн байр суурь, дэвшүүлсэн санал, санаачилгууд нь тунхаглалд нийтийн зөвшилцлөөр тусгалаа олсон. Тунхаглалыг ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад танилцуулна” хэмээн онцолсон. Тэрбээр уулзалтыг нээж, удирдан явуулсан юм.

ХОЁР САЛБАР ХУРАЛДААН БОЛОВ

Уулзалтын хүрээнд “Уялдаа холбоо ба үр дүнтэй олон талт үйл ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдвээр хоёр салбар хуралдаан зохион байгуулсан. Энэ тухайд УИХ-ын дарга “Өнөөгийн олон улсын байдал нь урьдчилан таамаглашгүйгээр хувьсан өөрчлөгдөж, дэлхийн улс үндэстэн бүхэн томоохон шалгуур, сорилтуудтай нүүр тулгараад байна.

Эдгээр сорилтыг давах гарц нь дэлхийн улс орон, ард иргэдийн яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, ард түмний төлөөлөл болсон хууль тогтоогчид бидний үр дүнтэй хамтын ажиллагаа гэж Монгол Улс үздэг. Тийм ч учраас энэхүү уулзалтын нэгдсэн хуралдааныг “АСЕМ дахь Ази, Европын парламентын түншлэлийн үүрэг, оролцоо”, салбар хуралдаануудыг “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” гэсэн хоёр сэдвийн дор зохион байгуулсан” гэв.

“Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа” салбар хуралдааны тайланг Норвегийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн Рини Иохансен танилцуулахдаа, хэлэлцсэн асуудлуудаар бүрэн ойлголцож нэгдсэн нэг шийдэлд хүрснийг онцолсон. Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг аль болох идэвхжүүлж ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг арилгах, төсвийн орлогыг тэгш хуваарилах, нийгмийн түвшний ялгааг аль болох багасгах нь чухал гэж парламентын гишүүд санал нэгтэй үзсэн болохыг тэмдэглэв.

Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо, АСЕМ-ын гишүүн орнуудын хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг нэмэгдүүлж, парламентууд шилдэг арга туршлагаа хуваалцах, тулгамдаж буй асуудлуудаа хамтарч шийдвэрлэдэг байхаар тохиролцсоныг танилцуулсан юм.

“Уялдаа холбоо ба үр дүнтэй олон талт үйл ажиллагаа” салбар хуралдааны хүрээнд төлөөлөгчид АСЕМ-ын хамтын ажиллагааны бүхий л чиглэлд уялдаа холбоо тусгахын чухлыг онцлоод, бүс нутаг дамнасан тээврийн зам, коридор, сүлжээ хөгжүүлэн сайжруулах, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх замаар Ази, Европын орнуудын ард иргэд, парламент болон Засгийн газар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх нь хоёр бүс нутгийн хооронд бараа, үйлчилгээ, хөрөнгийн чөлөөт урсгалыг тэлэх, хүмүүс нь харилцан зорчих, улмаар улам сайн ойлголцож, илүү дотно харилцаатай болоход хувь нэмэр оруулна гэж байв.

Тэр дундаа дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал нь үндэсний хэмжээнд оновчтой бодлого хэрэгжүүлэхийг шаардаж буй ч худалдаа, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд хүргэх тааламжтай бөгөөд тэгш боломж бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагаа юунаас ч чухал болохыг тэмдэглэж байлаа.

“ИХ ЕВРАЗИ ГЭСЭН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ БҮСИЙН ТӨЛӨӨ

АЖИЛЛАХ БОЛНО”

Нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүү Монгол Улс нь хоёр тивийн хоорондын биет болон биет бус харилцаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэхэд зохих ёсны хувь нэмрээ оруулахыг эрмэлзэн ажиллаж байгааг онцлоод энэ хүрээнд АСЕМ-ын санаачилга, үйл ажиллагаанд Ази, Европын хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид болон залуучуудын төлөөллийг өргөнөөр оролцуулах, салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллах талаар манай улсын гаргасан АСЕМ-ын төвийн талаарх санаачилгыг түнш орнууд дэмжин ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

АСЕМ-ын төвийн тухайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтэд үг хэлэхдээ онцолсон бөгөөд “АСЕМ-д бид үргэлж хувь нэмэр оруулж байх ёстой. Тиймээс бид Улаанбаатарт АСЕМ-ын төв байгуулъя гэж ярилцаж байгаа. АСЕМ-ын нарийн бичгийн дарга нарын газар гэж хүнд суртлын байгууллага байдаггүй нь бас онцлог юм. АСЕМ-ын төвөөр дамжуулан дараагийн хурал болох улс оронд тусалдаг, өмнөх хурлын туршлагаас хуваалцдаг жижигхэн, хоёр гурван хүн ажилладаг төв Монголд байгуулъя гэж байгаа юм” хэмээсэн.

ОХУ-ын Төрийн Думын гишүүн А.Тарнавский ОХУ нь газар зүйн байршил, түүх, соёлын хувьд Евразийн зүрхэнд оршдог орны хувьд “Торгоны зам” болон бусад санаачилгыг идэвхтэй дэмжин оролцож ирснийг онцлоод, “Зүүн өмнөд Азийн бүсийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд чөлөөт худалдааны бүсийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, АСЕМ-ын гишүүн болон бусад орны түвшинд байгуулах эрмэлзэлтэй байна. Цаашид Их Еврази гэсэн Мурманскаас Шанхай хүртэлх чөлөөт худалдааны бүсийн төлөө ажиллах болно” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр түүнээс Ази, Европыг холбосон чөлөөт бүс байгуулах санаачилга Монголд ямар ач холбогдолтойг тодруулахад, “Бүс нутгуудыг хамарсан чөлөөт бүс цөөнгүй байдаг. Монгол Улс ч бүс нутгийн интеграцад зайлшгүй орох ёстой. Уг асуудал бодитой яригдаж эхэлбэл дэмжиж оролцоно” гэсэн юм.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.193.1 huuliin chuulgan gesen ug