БАЯРТАЙ, пропорциональ тогтолцоо

2016 оны 04 сарын 25

Улстөрдийн дэглэсэн жүжиг амжилттай өрнөж байна. Сонгуулийн хуулиас пропорциональ тогтолцоог хасаж, 100 хувь мажоритар болгохоор АН, МАН-ынхан тохирсон тухай бид мэдээлсэн. Ингэхдээ тэд “хүний гараар могой бариулах” тактик хэрэглэсэн юм. Цэцээр “Намын жагсаалтаар гишүүн сонгох нь Үндсэн хууль зөрчинө” гэсэн шийдвэр гаргуулаад “аргагүйн эрхэнд” хүлээн авсан болох сценари бичсэн хэрэг л дээ.

Энэ ёсоор иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн (пропорциональ)”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг, 21 дүгээр зүйлийн 2, 3, 23 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн Цэцэд гомдол гаргасан юм.

Үүнийг Цэц өнгөрсөн баасан гаригт дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн байна” гэж үзлээ. Уг дүгнэлтийг маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр хуваарьт оруулжээ. Тун шуурхай ажиллахгүй бол горьгүй нь мэдээж.

УХРАЛТ УУ, УХААРАЛ УУ

Монголчууд 1992, 1996, 2000, 2004, 2008 оны сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулсан. Жижиг 76 тойрогтой байхад улстөрчид сонгогчдын саналыг худалдан авахад амархан байна, маргаан, будлиан их, ер нь л буруу тогтолцоо гэдэг нь батлагдлаа гэсээр 2011 онд хуульд өөрчлөлт оруулсан. 48 гишүүнийг 26 тойргоос, үлдсэн 28-ыг намын жагсаалтаар сонгох холимог хувилбарыг УИХ баталсан.

Тэр үед Д.Лүндээжанцан тэргүүтэй МАН-ын гишүүд 100 хувь мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах төсөл хүртэл санаачилж байсан түүх бий. Байж болох хамгийн зөв, эрүүл хувилбар хэмээн пропорциональ тогтолцоог улстөрчид магтаж байлаа. Дэлхийн улс орнууд ч энэ системийг л сонгож байна, хөгжилтэй хөл нийлүүлнэ гэж байв. Нийт сонгогчийн таваас доошгүй хувийн санал авсан нам жагсаалтаар УИХ-д суудал авч байсан юм. Гуравдагч хүчнийхэнд боломж олгосон ардчилсан тогтолцоо байсан хэрэг л дээ.

Гэвч өнөөдөр байдал 180 хэм эргэв. Юун дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, харин ч ухрах сонголтыг УИХ хийх гэж байна. 2011 онд пропорциональ тогтолцоонд хайр зарлаж байсан үеэс хойш АН, МАН-ын нэр хүнд олон нийтийн дунд унажээ. Рейтинг тогтоосон судалгаануудаар МАХН, эсвэл бие даагч гишүүд дээгүүр гарч ирээд эхэлсэн учир тэд магтаад байсан пропорциональ тогтолцоог Сонгуулийн хуульд хадгалбал шалаар нэг унасан нэр хүнд нь хайран 28 суудлыг сул алдана хэмээн эмээж буй юм. Дэвшлээс ухрах болсон нэг гол шалтгаан нь энэ. Дэлхий Монголын талаар юу гэж шуугих нь хамаагүй, шударга, эрүүл тогтолцоо байх, эсэх тэдэнд сонин биш.

Нөгөө талаар өнгөрсөн дөрвөн жилд пропорциональ тогтолцооны сул тал нэлээд гарлаа. Гол нь энэ тогтолцоонд намууд бэлэн биш байж. “Шударга ёс” эвслийнхэн Н.Энхбаяр даргынхаа нэрээр сонгогчдоос чамгүй санал авч, Ч.Улаан, М.Сономпил, Н.Батцэрэг, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нарын долоон хүн жагсаалтаар гишүүн болсон. Эднээс О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарыг энэ өндөр сэнтийд “оймсонд хавчуулагдсаны” хүчинд орж ирсэн хэмээн ярьдаг. Хамгийн гол нь төр түших хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй хэмээн шүүмжлүүлж байв. Нөгөөдүүл нь ч төрөөр тоглож ханахгүй юм.

Эрхэм гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төсөл өргөн барьж, УИХ түүнийг нь сар гаруйн турш хэлэлцэн цагаа алдсаны эцэст татаад авчихсан. Тухайн үед Ц.Нямдоржоос эхлээд “Монголын төрөөр тоглолоо” хэмээн уурсаж байсан билээ. З.Баянсэлэнгэ гишүүн даргадаа үнэнч байсны хариуд УИХ-ын гишүүнээс Барилга, хот байгуулалтын сайд хүртэл амжилттай дэвшлээ. Гэвч салбарынхаа талаар ойлголт муу, буруу зөрүү ярьж иргэдийг төөрүүлдүүлж, бусад гишүүнээ уурлуулж ханахгүй л явна.

УИХ-ын гишүүд ч “Ард түмнээс мандат авалгүй орж ирчихээд чи юу юм” гэсэн байдлаар жагсаалтаар сонгогдсон бусдадаа ханддаг нь нууц биш. Ямар нэг “өрөвдүүлэх тактик” хэрэглээд л нийт сонгогчийн таваас доошгүй хувийн санал авчихдаг, тэр квотоороо гудамжинд явсан хэнийг ч хамаагүй УИХ-д оруулчихдаг байдал л уг тогтолцооны сул талыг илчилсэн хэрэг. Ялангуяа гуравдагч хүчний намуудад хүлээн зөвшөөрөгдөх, чадвартай боловсон хүчин цөөн байгаа нь пропорциональ тогтолцооны халхавчин дор хэн ч хамаагүй гишүүн болж, төрөөр тоглодог буруу жишиг тогтоох гээд байгаа гэмтэй.

Ийм хоёр шалтгаан үүний ард байна. Нэг талаар дэлхийн дэвшлээс ухарч буй ч нөгөө талдаа манайд хөрс, суурь нь бэлэн биштэй холбоотой гарсан энэ мэт алдааг засах ёстой гэсэн ухаарал ч байж мэдэх.

ЦЭЦИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭР БИЙ

Улстөрчид хүссэн шийдвэрээ Цэцээр гаргууллаа. 2015 оны төгсгөлд Сонгуулийг өөрчлөх гэж байхад эдгээр иргэд яагаад ч энэ гомдлоо гаргаагүй юм. Санал хураалт болохоос зургаан сарын өмнө хууль өөрчлөхийг хориглосон, заалтыг яагаад хассан юм бол. Бүгд нэгийг хэлнэ. Цэцийн дунд суудлын хуралдаанд анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан депутатууд бөөнөөрөө оролцсон байна лээ. Тэд “Иргэд УИХ-д төлөөллөө шууд сонгох ёстой. Гэтэл намын жагсаалт гээч гарч ирж, тухайн нам өөрөө хүмүүсээ эрэмбэлж буй нь хуульд нийцэхгүй” хэмээн ярьцгаав. Эрх ашигт нь нийцсэн энэ шийдвэрийг УИХ хүлээж авахын тулд дээрх тайлбарыг хэлнэ.

Маргааш Байнгын хороогоор, пүрэв гаригт чуулганаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үед зарим гишүүн “Ингэж ухарч болохгүй, байж болохгүй зүйл” гэх мэтээр ярина, хараарай. Өнгөн дээрээ ингэж ярихгүй бол болохгүй. Ямар манай хоёр нам тохирчихсон юм гээд дуугүй суултай нь биш. Харин тойрогт хүч үзээд гарах боломж тун муу болсон настайчууд, эсвэл жагсаалтаар орж ирсэн “азтанууд” үнэнээсээ эсэргүүцэж мэдэх юм. Хэсэг “хэнхэглэж” байгаад УИХ дүгнэлтийг шууд хүлээгээд авч ч мэднэ. Учир нь санал хураах өдөр дөхчихсөн, цаг хугацаа давчуу байгаа. Харин бага ч гэсэн ичих булчирхай байгаа бол олон нийтийн дунд түгсэн “Намууд ингэж тохиролцсон” гэх мэдээллийг бүдгэрүүлэхийн тулд дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авахгүй байхыг үгүйсгэхгүй.

Хэрэв тэгвэл Үндсэн хуулийн цэц их суудлаараа хуралдаад л гүйцээ гэдгийг тэд мэдэж байгаа. Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг учраас жагсаалтаар гишүүн сонгох заалт шууд л хүчингүй болно. Ингэвэл түүхэнд анх удаа УИХ-ын сонгууль болохоос хоёр сарын өмнө Сонгуулийн хуулиа өөрчилсөн парламент болж үлдэх нь. Хагацъя гэж хагацсангүй дээ. Баяртай, пропорциональ тогтолцоо.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 28 мануухай УИХ-д гарахгүй боллоо.................. .............
202.126.89.199 маш буруу юм хийсэн ҮХЦ. Ард түмнээсээ сонгогдож байгаа гэх этгээдүүд сонгуулийнхаа сурталчилгаанд зарцуулсан мөнгөө сайд дарга болж эсвэл төлөөнйи этгээдээ төрийн албанд шийдвэр гаргах, төсөв захиран зарцуулах мөн өөрийн компанидаа тендер олж авах замаар хэд нугалж буцааж олдог мажоритори тогтолцоог л баталгаажууллаа даа.Мажоритор тогтолцооны балаг гэвэл эрхэм гишүүд сонгогдсон тойрогтоо дахин сонгогдохын тулд үр ашиггүй хөрөнгө оруулалтыг тойрогтоо хийнэ.Хөдөөгийн анги дүүрдэггүй сургууль эмч нь тогтдоггүй эмнэлэг, хамаатануудаара а ажилладаг захиргаа, үзвэр гэх юмгүй соёлын төв гэсэн хэдхэн байгууллагатай сумын төвийг тордоход төсвийн хөрөнгийг хайр гамгүй зарцуулна.Эрхэм гишүүнийг олон сонгосон сумд ч мөн сайхан ”хөгжсөн” дөө.Харин пропорцианаль тогтолцоогоор намууд улсаа хөгжүүлэх бодлогоо өрсөлдүүлнэ.
202.126.89.199 илжиг модон хударганаа гэж.Ард түмэндээ хайртай депутатуудаа нутаг жалгаасаа сонгоод төсвийн хөрөнгйиг үр хөрөнгө оруулалтанд зарцуулаад л... цаадуул нь ч сонгуульд зарцуулсан мөнгөө авлигаар нөхж нугалж олоод л таарсаг
103.26.193.1 komunizm baisan bol ingehgui baisan
103.26.193.1 frantsiin hyanaltiin ardchilaliig mongold nee
103.26.193.1 Ter ni yadag yum
  • 2016 оны 04 сарын 25