Нутгийнхаа дэвжээнээс олимпын эрх авч чадсангүй

2016 оны 04 сарын 25

Манай улсад анх удаа зохион байгуулсан, “Рио-2016” олимпын наадамд оролцох эрх олгох, чөлөөт бөхийн олон улсын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд 80 орны 500 гаруй тамирчин чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр олимпын 48 эрхийн төлөө өрсөлдөв.

Тэдний дунд олимпын алтан медальт, ДАШТ-ий зургаан удаагийн аварга Хамид Сориан (Иран), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Е.Букина (ОХУ), Европын аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн аварга Н.Гольц (ОХУ), дэлхийн аварга Хэлэн Марилиус (АНУ), ААШТ-ий гурван удаагийн аварга Т.Аманжол (Казахстан), дэлхийн аварга М.Шастина (Унгар) олимпын хүрэл медальт Унда Майдер Гонзалес (Испани) зэрэг тив, дэлхий, олимпын медальтнууд зодоглосон юм.

Манай улсаас чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа, эрэгтэйчүүдийн 97 кг-д ААШТ-ий алтан медальт Д.Хүдэрбулга нар хүчээ сорьсон.

Ц.Намуунцэцэг эхний барилдаанд Туркийн бөхийг ялж, дараачийн тойрогт БНАСАУ-ын бөх Ким Хён Гёнд хожигдож, тэмцээнээ өндөрлөв. Тэгвэл О.Бурмаа эхний барилдаанд БНСУ-ын тамирчинг хожиж, улмаар ОХУ-ын бөх Е.Букинад ялагдсанаар олимпын эрхээ авч чадсангүй. Ц.Намуунцэцэгийн хувьд олон улсын тэмцээнд барилдах туршлага бага байсан бол О.Бурмаа шийдвэрлэх мөчид тактикийн алдаа гаргаснаас болж ялагдсаныг чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр хэлсэн.

Харин Д.Хүдэрбулга эхний тойргуудад Унгар, Грек, Германы тамирчныг ялж, хагас шигшээ барилдаанд Узбекистаны бөх М.Ибрагимовд 2:9-өөр хожигдсон. Гэсэн ч хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ким Жэ Ганг дийлж, олимпын эрхийн төлөө дахин хүчээ сорих боломжтой болсон юм. Харамсалтай нь Молдавын бөх Н.Себанд 7:4-өөр ялагдан, олимпын эрхээс атгаад алдав. Ийнхүү манай бөхчүүд нутгийнхаа дэвжээнээс олимпын эрх авч чадсангүй. Гэхдээ тэдэнд дахин нэг боломж үлдсэн нь Туркийн Истамбулд ирэх сард болох олимпын эрх олгох тэмцээн юм.

Сонгомол барилдаанд 51 орны 150 гаруй бөх зургаан жинд хүч үзсэнээс БНХАУ, Норвеги, Узбекистан, Армен, Беларусийн бөх тус бүр хоёр, БНСУ, Румын, Финланд, Гүрж, Швед, Литва, Марокко, Унгарын тамирчин тус бүр нэг эрх авав. Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдээс алт, мөнгөн медаль хүртсэн 12 тамирчин олимпын эрхтэй болсон. Тодруулбал, АНУ, Унгараас тус бүр хоёр, БНАСАУ, Эквадор, Грек, Израиль, Франц, Турк, Герман, Венесуэлийн тамирчин тус бүр нэг эрхтэй болж, эх орноо зорив. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд зургаан жинд өрсөлдөж, эхний гурван байрт шалгарсан бөхчүүд олимпын эрх авсан.

Манай сонины дугаар хэвлэлтэд шилжих мөчид хөнгөн жингийн аваргууд тодорч, Бахрейн, Гүрж, Турк, Румын, Азербайжан, Энэтхэгийн бөхчүүд олимпын эрх гардсан бол хүнд жингийн барилдаанууд үргэлжилж байлаа. Тэмцээний шүүгчээр олон улсын 40 орчим шүүгч ажилласны дотор манайхаас Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр нар багтсан юм.

П.ТУНГАЛАГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.25 ARCHAAGUI HOGNUUD VE.