Д.Мөнхзул: Эгч, дүүтэйгээ хамт ДЭЛХИЙН АВАРГА болохыг хүсдэг

2016 оны 04 сарын 22

Манай өсвөрийн шатарчдын дунд гурван Зул бий. Д.Хонгорзул, Д.Мөнхзул, Д.Өнөрзул гэдэг эгч дүүс. Тэд Монголдоо төдийгүй олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн шатарчид. Тэдний дундах нь буюу Д.Мөнхзул өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальтай.

Мөн манай улсад өнгөрсөн долоо хоногт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр 33 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. 10 настай. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Хэдэн настайгаасаа эхэлж шатар тоглосон бэ?

-Зургаан настайгаасаа эхэлж тоглосон. Аав, эгч хоёрын тоглож байгааг хараад анх сурсан. Манай аав мэргэжлийн шатарчин биш ч, их сонирхдог. Гурван охиндоо зориулж “Хамтын хүч” нэртэй шатрын клуб байгуулсан. Бид хамтарч бэлтгэл хийдэг.

-Шатрын юу нь хамгийн сонирхолтой вэ?

-Нүүдлээ янз бүрээр бодох. Бас хожих. Анхаарал төвлөрч, оюун ухаан хөгждөг.

-Анхны тэмцээндээ ямар амжилт үзүүлж байв?

-Долоон настайдаа улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод тавдугаар байрт шалгарсан.

-Хэчнээн медальтай вэ. Том амжилтуудаасаа сонирхуулаач.

-40 гаруй медальтай. Улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил түрүүлсэн. Өнгөрсөн жил Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд болсон, 16 хүртэлх насныхан оролцдог, олон улсын нээлттэй тэмцээнд нэгдүгээр байрт шалгарсан. Мөн өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртсэн.

Сая Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр төрөлд аварга боллоо. Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтой.

-Ямар мөрөөдөлтэй вэ. Мэдээж их мастер болохыг хүсдэг байх, тийм үү?

-Тийм ээ. Насанд хүрэгчдийн шатрын дэлхийн аварга болно. Эгч, дүү хоёрыгоо бас дэлхийн аварга болоосой гэж хүсдэг. Манай дүү Д.Өнөрзул өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан. Эгч хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сард зохион байгуулах өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, хошой аварга болох зорилготой. Би Төрийн банкны элч тамирчин болсон. Гадаад руу тэмцээнд явахад тэд их тусалдаг.

-Өрсөлдөгчөө хэрхэн хождог вэ. Өөрөө хожигдохоор ямар санагддаг вэ?

-Өрсөлдөгчийнхөө алдааг сайн ажиглаж, түүнийг нь ашиглаж чадвал хождог. Мөн нүүдлээ сайн бодож, тооцоолох хэрэгтэй. Яарахгүй нүүх нь чухал. Хожигдвол нэг их харамсдаггүй ээ.

П.ТУНГАЛАГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.27.126 Amjilt xusie....moroodol ni biellex boltugai
150.129.142.156 Монхзул Дэлхийн аваргын алт монгон медальтай биш.Дэлхийн аваргын алт,Сурагчдын дэлхийн аваргын монгон медальт.Онорзул бас Сурагчдын дэлхийн аваргын хvрэл медальтай шvv.Аав