УЛС ТӨРИЙН “УЛААН БУРХАН”

2016 оны 04 сарын 22

Монголын төр улаан бурхан өвчнөөр өвчилчихөөд сэхээн амьдруулах тасагт дээрдэх янзгүй байдалтай байна. Анх улс төрийн “улаан бурхан”-ы вирусийг Н.Энхбаяр 2011 оноос тараасан сураг дуулдана. Тэр вирусийн нэр нь МАХН. Уг аюултай вирусийн эсрэг вакцин тариулаагүй АН-ынхан улс төрийн “улаан бурхан”-аар хүчтэй өвдөж, төр хямрах нөхцөл байдлын эхлэл тавигдсан.

Нөгөө талд дархлаа сайтай, МАХН хэмээх вирусийн эсрэг вакцин тариулчихсан МАН-ынхан АН-ынхандаа өчнөөн зөвлөж, зааварласан ч тусыг эс олов. Өнөөдрийг хүртэл эрх баригч намынхан МАХН хэмээх вируст идэгдчихсэн, шантаажинд нь өртсөн маягтай байгаа нь монгол төрийн эмгэнэл. Н.Энхбаярын тараасан вирус бүхэл бүтэн улс орны хямрал маягтай болж хувирсан нь АН-ын дархлаа сулын гай.

Ойрын өдрүүдэд өрнөсөн улс төрийн гол үйл явдлын эсрэг дүр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр байлаа. Тэрбээр дээр дурдсан шиг улс төрийн “улаан бурхан” болчихоод байна. Угшил нэгтэй хоёр намыг эвсэн нийлүүлэх сонирхолтой нийгмийн хүлээлтийг тэр өөрийн амбийцаараа үгүй хийж чадлаа. Монголын ард түмэн түүнд сайн, сайхан бүхнийг өгсөн. Тэр ч байтугай Монгол Улсын төрийн өндөр дээд гурван ч албан тушаалыг түүнд бэлэглэсэн. Тэгвэл Н.Энхбаяр гэдэг хувь хүн Монгол Улсад юу өгсөн бэ гэж асуувал түүнд дорвитой хариулчих зүйл байхгүй. Наанадаж их өр, цаанадаж “Мянганы зам” л ярина.

Энэ хоёр сэдвийг ярьсаар байгаад улиг болгочихсон. Одоо хэд ч яриад ард түмэн тархиа угаалгахаасаа өнгөрсөн л дөө... Түүнийг баригдаад явахад Монголын ард түмэн цээжээрээ хамгаалсан. Гэвч тэр хайрыг нь даагаагүй. Нөгөө сурсан зангаараа хувийн эрх ашиг, амбийцаа урьтал болгосон. Ямар сайндаа л Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар савлаж эхлэхэд “Чи намайг Шадар сайд болговол би чамайг унагаахгүй шүү” гэсэн тохироо хүртэл хийж байх вэ дээ. Нарийндаа өнөөдрийн эрх баригчид 1996 оноос хойш Н.Энхбаярын халаас, шантаажинд орчихсон юм. Үргэлж л түүний зохиосон улс төрийн жүжгийн туслах дүрд тоглож ирсэн АН-ынхан өнөөдөр ч зохиолоор л нь явж байна.

Тэрбээр З.Энхболдод “Намайг цагаатгах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар батлуулчих. Үгүй бол бид МАН-тай эвслээ. МАН, МАХН хоёр эвсвэл танай нам дуусна шүү” гэж шантаажилж байгааг харвал тэр хэзээ ч засаршгүй хүн юм. МАН-ынхан овоо дориухан санаачилга гаргаж эвсчихье гэж зүтгэсэн ч амжилт олсонгүй. Амжилтгүй болсон шалтгаан нь улс төрийн “улаан бурхан” Н.Энхбаяр. Хоёр нам ажлын хэсэг байгуулж 10 гаруй удаа уулзсан байдаг. Ингэхдээ МАХН-ын тавьсан саналд МАН-ынхан аль болох буулт хийж, эвсэх гэж хичээсэн ч Н.Энхбаярын “дураараа зан” хэрээс хэтэрч нэгэнт үзэглэсэн албан бичигт засвар оруулна гэсэн нь МАН-ын удирдлагад таалагдсангүй.

Иймээс МАН барьцгүй хүний барьцаанд орж байхаар ганцаараа зүтгэсэн нь дээр гэсэн шийдвэр гаргасан бол нөгөө талд Н.Энхбаярын МАХН гарах гарцгүй, буланд шахагдсан хэвээр үлдлээ. МАН-ын дарга М.Энхболд “Дөрөв ч хонохгүй ярилцаж тохирсноосоо буцаж буй нам дөрвөн жилийн дотор хэд ч өөрчлөгдөж болох юм байна. Манай нам эвсэх асуудал дээр маш их чармайлт гаргасан ч бидний чармайлтыг МАХН хүндэтгэж үзсэнгүй” гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн.

Эцэст нь МАН-ын Бага хурлын хоёр дахь өдрийн хуралдаан таван цаг гаруй завсарласан. Энэ хугацаанд МАН-ын дарга М.Энхболд Төрийн ордонд МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан тухай мэдээлэл цацагдсан. Тухайн үед МАН-ын дарга М.Энхболд “Салаад явж болсон юм чинь нэгдэж, нийлж болох байлгүй дээ” гэж хэлсэн хэмээн ойрын эх сурвалж мэдээлсэн юм. МАН-ын дарга М.Энхболд эвийг эрхэмлэж, зөвшилцлийг чухалчилдаг нь энэ удаа ч харагдлаа.

С.БУЯН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.92.176 Gutgeleg
103.57.92.176 Enhbayariig gutgehee boli. Setguulch s.buyan gegch ooroo ih muu Hun bna!,,,
103.26.193.1 huul guul gej niitelvel
150.129.140.98 Эд нарт Энхбаяраас өөр муулах хүн олдодгүйл юм байх даа. Бусад нь бүгд энхийн цагаан тагтаа юу. ёстой солиотой амьтад юмаа.
150.129.142.105 Дэндүү туйлшрах юм аа, эх орноо гадны хөрөнгөтөнд худалдаж өөрөө хагартлаа баяжсан С. Баяр, Баярцогт нараас илүү нүгэлтэн гэж монголд байна уу.
68.100.193.179 Uul ni negdej Orvol zugeer dee, tegvel ch umhii debil ANuusuud gazriin hursnuus archigdlaa l gsen ug !
183.81.169.58 хорт хавдар юм биш үү ??????????????