АЕПТ-ийн уулзалтын буухиаг Монгол Улсад дамжуулан өгч буйгаа илэрхийлэв

2016 оны 04 сарын 22

Бүгд Найрамдах Итали улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо манай улсад албан ёсны айлчлал хийж буй. Ингэхдээ тэрбээр АСЕМ-ын гишүүн орнуудын парламентчдын чуулга уулзалт болох Ази, Европын парламентын түншлэл (АЕПТ)-ийн наймдугаар уулзалтын буухиаг манай хууль тогтоох байгууллагад албан ёсоор дамжуулан өгөх үүрэг хүлээж байгаа билээ. Тэрбээр өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга “800 жилийн өмнө Монгол, Итали улс одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. Италийн иргэн Марко Поло Их Монгол Улсын хаан Хубилайн ордонд 20 гаруй жил амьдарч, торгоны замын дагуу худалдаа, арилжаа хийж байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг” гээд, харилцааны түвшингээ тэр үеийнхээс ахиулах боломж бийг онцлов.

Тухайлбал, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүн орнуудын хувьд харилцаагаа илүү ойртуулах боломжтойгоос гадна Монголын түүхий ноолуурыг Италийн боловсруулах технологитой нэгтгэх замаар хамтран ажиллах ирээдүй бий гэв.

Ноён Пьетро Грассо 800 жилийн өмнөх “Торгоны зам”-ыг бодитоор ажил хэрэг болгох олон боломж өнөөдөр бий гэдэгтэй санал нэгдэж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрбээр “БНИУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад Элчин сайдын яам байгуулах зарлиг гарган, энэ үүргийг туршлагатай дипломат ажилтан гүйцэтгэх болсон нь манай талаас хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагийн бодит илрэл мөн.

Маргааш (өнөөдөр) болох АЕПТ-ийн есдүгээр уулзалтын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ чиглэл нээнэ гэдэгт найдаж байна” гэв. Ингээд тэд парламентын түвшний харилцааны хүрээнд цаашид Монгол, БНИУ-ын хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хоёр тал санал солилцлоо.

ПЬЕТРО ГРАССО ЕСДҮГЭЭР УУЛЗАЛТЫН НЭЭЛТЭД ҮГ ХЭЛНЭ

Энэ өдөр Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан. Ноён Пьетро Грассо энэ үеэр “Авлигатай тэмцэхэд гаргасан Ерөнхийлөгч таны гавьяаг би өндрөөр үнэлдэг. Би 43 жилийн турш шүүгч хийхдээ авлигын эсрэг тэмцсэн. Одоо ч ажиллаж байна” гэв. Тэрбээр 1972 онд Баррафранка хотын шүүгчээр ажлын гараагаа эхэлж, 2013 он хүртэл мэргэжлээрээ ажиллаж байгаад, мөн оноос Сенатын танхимын Ерөнхийлөгчөөр томилогджээ.

Төрийн тэргүүнтэй уулзахдаа тэрбээр “Итали улс Европтоо ногоон эрчим хүчний чиглэлээр тэргүүлэх байр эзэлдэг. Нар, салхины эрчим хүчийг ашиглах чиглэлээр хамтарч ажиллах боломж бий” гээд соёл, боловсролын чиглэлд ч хамтран ажиллах боломжтой гэв. Соёлын чиглэлээр хамтран ажиллах хэд хэдэн саналыг Гадаад хэргийн сайд түүнтэй уулзах үеэрээ тавиад байсан юм.

Тухайлбал, 2020 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үеэр хамтарсан цогц арга хэмжээ зохион байгуулах, Монголын дуурийн дуучдыг Италид сургадаг тэтгэлэгт хөтөлбөрийг сэргээх, “Ла Скала” театрын удирдлагыг Монголд урих, Монгол Улсад музей байгуулах, хөл бөмбөгийн багуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Италийн эртний бичгийн дурсгалууд дахь Монголын түүхийн холбогдолтой баримт мэдээллийг судлах чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн.

Пьетро Грассо Монголоос олдсон олдворуудыг музейд байршуулах, Италийн жуулчдыг Монголд визгүй зорчуулах боломж бий болгохыг хүсээд, манай дуурийн дуучдыг Италид бэлтгэх чиглэлээр салбарын яамд тохиролцоонд хүрснийг дуулгалаа.

Тэрбээр өнөөдөр эхлэх АЕПТ-ийн есдүгээр уулзалтын нээлтэд үг хэлэх бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар мөн мэндчилгээ дэвшүүлэх юм. Тус уулзалт маргааш бүтэн өдөр үргэлжлээд өндөрлөх бөгөөд үр дүнтэй, олон талт харилцаа, хамтын ажиллагаа болон ирээдүйн төлөөх түншлэл салбар хуралдаанууд болно. Улмаар АЕПТ-ийн есдүгээр уулзалтын тунхаглал батална.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД