Манай бөхчүүдийн нутгийн дэвжээндээ олимпийн эрхээ авах бүрэн боломжтой

2016 оны 04 сарын 21

Монгол улс зуны олимпийн XXXI наадмын 22 эрхийг өөрсдийн болгоод байгаа. Тэдгээрийн ес нь чөлөөтийнхнийх юм. Тодруулбал 2015 оны Лас Вегасын дэлхийн аваргын дэвжээнээс эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Э.Бэхбаяр, 65 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, 74 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт П.Өнөрбат , 125 кг-ын жинд Азийн наадмын мөнгөн медальт Ж.Чулуунбат , эмэгтэйчүүдийн 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-ын жинд ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа нар Риог зорих эрхээ халаасласан. Мөн гуравдугаар сард Казакстаны Астанад болсон олимпийн эрхийн Азийн сонгон шалгаруулалтын тэмцээнээс эрэгтэйчүүдийн 86, эмэгтэйчүүдийн 53, 58 кг-д нэмж эрх авсан. Чөлөөт бөхийн олимпийн 12 жингийн 9-т нь Риог зорих тизээ захиалаад буй шигшээ багийнханы дараагийн дайралт Улаанбаатарт болох дэлхийн эрхийн анхдугаар тэмцээн байх юм. Маргааш сонгомол барилдаанаар эхлэх Улаанбаатарын тэмцээнд өмнөх хоёр тэмцээнээс эрхгүй хоцорсон эмэгтэйчүүдийн 48, 75, эрэгтэйчүүдийн 97 кг-д манай бөхчүүд зодоглох билээ. Ингээд манай бөхчүүдийн эрх авах боломжийн талаар өгүүлье.

 Эмэгтэйчүүдийн 48 кг: Энэ жинд 2015 оны ДАШТ, болон Азийн эрхийн тэмцээнд ОУХМ Э.Нарангэрэл зодоглосон ч хараахан эрхээ авч чадаагүй. Харин энэ удаад 2016 оны насанд хүрэгчдийн улсын аваргаар Э.Нарангэрэлийг илүүрхэн улмаар аваргын тавцанд гарсан залуу тамирчин Ц.Намуунцэцэг дэвжээнд гарахаар болоод байна. Маргааш эхлэх дэлхийн эрхийн анхдугаар тэмцээний энэ жинд 21 орны шилдэг бөхчүүд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн. Тэдгээрийн дунд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Германы Жакүелин Саскиа, хүрэл медальт, БНАСАУ-ын Ким Хүон Геон, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, Энэтхэгийн Вениш, мөнгөн медальт, Солонгосын Лее Юүми, буурал тивийн медальт, Швед, Финланд, Украйны шилгүүд байгаа. Тиймээс Ц.Намуунцэцэгийг хүндхэн барилдаанууд хүлээж буй. Гэхдээ жингийн сугалаа явагдаагүй байгаа гэдгийг санах хэрэгтэй.

75 кг-ын жинд Лас Вегасын дэлхийн дэвжээнд ОУХМ Г.Наранчимэг, Астанагын Азийн сонгон шалгаруулалтад ОУХМ Б.Одончимэг нар хүч үзсэн ч амжилтыг эс олсон. Тиймээс нутгийнхаа дэвжээнд гарах эрхийг дасгалжуулагчид гавьяат тамирчин О.Бурмаад олголоо. Дэлхийн медалийн тавцанд гурвантаа гишгэсэн гавьяатын хүчтэй өрсөлдөгчид манай улсад ирээд байгаа учраас энэ жингийн барилдаанууд тун сонирхолтой болох бизээ. Тодруулбал Лондоны олимпод О.Бурмаа гавьяатыг ялж, улмаар хүрэл медалийг энгэртээ зүүсэн Испаний Майдар Унда, дэлхийн хүрэлтэй Украйн гаралтай Молдавын бөх Светлана Саенко, мөнгө хүрэл медальт, Орос бүсгүй Екатрина Букина нар “Буянт-Ухаа”-д барилдах юм. Энэ жингийн бүх  шилдгүүдийг ялж үзсэн гавьяат олимпийн эрхээ өвөртлөх бүрэн боломжтой.

97 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга зуны олимпийн XXXI наадмын эрхийн төлөөх гурав дахь тэмцээндээ оролцоход бэлэн болсон. Сүүлийн гурван жил дотооддоо босоо байгаа Азийн аварга Д.Хүдэрбулга Астанагын дэвжээнд эрхийн үзүүрээс атгаад алдсан. Тиймээс энэ удаад түүнд алдах боломж байхгүй. Энэ удаагийн тэмцээний 97 кг-ын жинд хүч үзэх бөхчүүдийн нэрсийг харахад ч манай бөхөд боломж бий. Хэрвээ эрхгүй хоцорвол дараагийн тэмцээнд спортын мастер М.Билгүүтэйг сонгох магадлал өндөр байгаа.

Г.Цэнд

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.119.91 Amjilt hvse tamirchidaa
202.70.37.134 hezeech bilguuteeg songohgui