З.Баянсэлэнгэ: Иргэдээс шинэ суурьшлын бүстэй холбоотой санал их ирж байгаа

2016 оны 04 сарын 21

Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Сайдын цаг” уулзалтад оролцож, ипотекийн зээл болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамд өөрчлөлт оруулж, алслагдсан 3 дүүрэг, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс болон орон нутагт баригдсан орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгох шийдвэрийг гаргасан. Иргэд болон барилгын компаниудын зүгээс шинэ суурьшлын бүстэй холбоотой санал хүсэлт их ирж байгаа учраас Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэллээ.

2010 онд батлагдсан тус хөтөлбөрт шинэ суурьшлын бүсийг байршлыг тодорхойлж, тусгасан ч өнгөрсөн 6 жилийн хугацаанд шинэ суурьшлын бүс өргөжин тэлсэн учраас хөтөлбөрт өөрчлөлт оруулвал зарим барилга, орон сууцны хүүг 5 хувь болгох боломжтой болох юм байна.

Мөн тэрээр түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпораци бүртгэснээс 2368 иргэний материал холбогдох шаардлага хангаж, баталгаажсан байна. Цахим сугалааг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түрээсийн орон сууцыг өмчлүүлэхтэй холбоотой асуултад Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ "Өмчлөх асуудал түрээслэхээс өөр зохицуулалтаар шийдэгдэнэ. Хэрэв өмчлүүлэхээр шийдвэрлэвэл Монголын Ипотекийн корпораци арилжааны банкуудтай гэрээ хийх шаардлагатай болно. Мөн иргэн тодорхой хугацаанд түрээсийн төлбөрөөсөө илүү төлбөр  төлөөд  урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд өмчлөх эрх нь үүсдэг зохицуулалт хийгдэнэ" гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД