”Торгоны замыг бодитоор сэргээж, Ази-Европ, Итали-Монголыг холбох боломжтой”

2016 оны 04 сарын 21

Улаанбаатарт нээлтээ хийж буй АСЕП буюу Ази-Номхон далайн парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор ирсэн Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.

Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч хэлэхдээ “Авлигатай тэмцэхэд гаргасан Ерөнхийлөгч таны гавьяаг би өндрөөр үнэлдэг. Би 43 жилийн турш шүүгчээр ажиллахдаа авлигын эсрэг ажилласан. Одоо ч гэсэн ажиллаж байна. Саяхан мөнгө угаах болон санхүүгийн хуурамч тайлан, баланс гаргахын эсрэх хууль, тогтоомжийн төслийг өргөн барьсан. АСЕМ, АСЕП-ийн уулзалтыг Монголд хийж байгаа нь Ази-Европыг холбох, түүний дотор Монгол-Италийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэлээ.

Тэрээр мөн “Итали Улс нь Монгол Улстай арьс боловсруулах, хүнсний аюулгүй байдал, хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, аюулгүй түгээлт, уул уурхай, харилцаа холбоо, дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллах боломжтой. Марко Пологийн үеийн торгоны замыг бодитоор сэргээж, Ази-Европ, Итали-Монголыг холбох боломжтой. Итали нь Европдоо ногоон эрчим хүчний чиглэлээр тэргүүн байр эзэлдэг. Нар, салхины эрчим хүчийг ашиглах чиглэлээр хамтарч ажиллах боломж нээлттэй харагдаж байна.

Мөн соёл, боловсролын талаар хамтран ажиллах боломжтойгоо Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ илэрхийлсэн. Монголоос олдсон олдворуудыг музейд байршуулах, тэдгээрээс Италийн иргэдэд үзүүлж сонирхуулах, олон нийтэд дэлгэх талаар хамтарч ажиллах боломжтой. Монголын дуурийн дуучдыг Италид бэлтгэх чиглэлээр Соёлын яамд хооронд тохиролцоонд хүрсэн.Италийн жуулчдыг Монголд визгүй зорчуулах боломжийг нээж өгөхийг хүсч байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд “Хоёр орны харилцааг бэхжүүлэх талаар таны хэлсэн зүйлүүдтэй санал нэг байна. Бидний зүгээс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Италийн Ерөнхий сайд ирж оролцоно гэж хүлээж байгаа. Миний халуун дотно мэндчилгээг Италийн Ерөнхийлөгч Сержио Маттареллад дамжуулж өгөхийг хүсье. Монголд тавтай морилохыг дахин ерөөе” гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.243 торгоны замыг нээвэл ч манайд их ашигтай
103.229.122.195 solongos ital