Н.ЭНХБАЯР ЭРГЭЖ БУЦАВ

2016 оны 04 сарын 20

МАН-ын Бага хурал уржигдар шөнө дөл болтол хуралдаж, өчигдөр үдээс хойш үргэлжлүүлэв. Үүгээр мөрийн хөтөлбөрөө эцэслэн баталж, МАХН-тэй эсвэх, эсэхээ шийдэх байсан ч ажлын хэсгийн түвшинд тохиролцсонооосоо МАХН буцаж эхэлснийг гишүүн Ч.Хүрэлбаатар зарлалаа. Тэрбээр “Ч.Улаантай хамтарч мэдээлэл хийснээс хойш олон үйл явдал болж өнгөрлөө. Тохиролцсон асуудлаасаа МАХН буцсан агуулгатай бичгүүдийг бидэнд ирүүлж эхэллээ. Цаг хугацаа тулчихсан байхад тохиролцооноосоо буцаж буйд харамсаж байна” хэмээн МАХН чухам ямар асуудлаар буцсаныг тайлбарлав.

Уг нь тэд орон нутгийн сонгуульд ч эвсэж оролцохоор тохиролцсон бөгөөд нэр дэвшүүлэхдээ 2012 онд авсан санал, ИТХ дахь суудлын тоог харгалзахаар ажлын хэсгийнхэн санал нэгдсэн. Гэтэл МАХН-аас өнгөрөгч сонгуулиар ИТХ-д бус, УИХ-д авсан саналын тоог харгалзах ёстой гэсэн шаардлага тавьжээ. Ингээд зогсохгүй МАН-д 80, МАХН-д 20 хувийн хатуу квот тогтоож, Засаг дарга, ИТХ-ын даргыг авсан суудлаас үл хамааран хоёр намаас сөөлжиж томилно гэсэн байна. Ажлын хэсгийн зөвшилцлийн хүрээнд сонгуулийн бодит үр дүнг харгалзан Засаг дарга, ИТХ-ын даргыг орон нутгийн намын байгууллагаас нэр дэвшүүлэн томилохоор тохиролцоод байсан юм.

МАН-аас эдгээр саналаа буцааж авах, хугацаа авалгүй эцсийн хариугаа өгөхийг шаардаж, товлосон хугацаанд хариу өгөхгүй бол ажлын хэсэгт хамтран ажиллах боломжгүй гэдгээ төлөөллийн байгууллагадаа уламжлахаа мэдэгджээ. Ер нь ажлын хэсгийнхэн арван удаа хуралдаж, 51:25 харьцаагаар эвсэхээр тохиролцох хүртэл МАХН-ынхан бараг уулзалт бүрт саналаа өөрчилж байжээ. МАХН-аас эхлээд бүх шатны сонгуульд 20:80, дараа нь 40:60, Х.Баттулга гишүүний “Баянгол” зочид буудалд байрлах компаниудыг шалгасан дуулиант үйл ажиллагааны маргааш орон нутагт 20:80, тойрогт 40:60, нийслэлд 50:50 хувийн харьцаагаар нэр дэвшүүлнэ гэж яван чангарч байсан аж.

Бага хурлын хуралдаан МАХН-ын Бага чуулганаас болж хойшилсон нь үүгээр батлагдав. Эвсэх, эсэх асуудлаар эцсийн шийдэлд хүрэх учиртай МАХН-ын Бага чуулганы хуралдаан намын байрандаа хаалттай болсон. Хуралдаанд намын дарга Н.Энхбаяр илтгэл танилцуулж, МАН-тай эвсэхийг дэмжсэн уур амьсгал танхимд давамгайлж байсныг эх сурвалж хэлэв. Гэвч МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян “Бүрэн ойлголцсоны дараа эвсэх, эсэхийг эцэслэнэ. Эцсийн шийдвэрийг Н.Энхбаяр дарга гаргана” гэсэн юм.

Үнэхээр ч эцсийн шийдвэрийг МАН, МАХН-ынхны аль нь ч бус, гагцхүү Н.Энхбаяр л гаргах бололтой. Ажлын хэсгээс тохиролцсоны дагуу байгуулсан санамж бичигт өмнө тавьсан саналаасаа буцахгүй байх заалт бий аж. Үүнийг сануулсан намын нөхдөдөө Н.Энхбаяр “Энэ хамаагүй” хэмээн томорсон сурагтай. Юутай ч дөнгөж нэг өдрийн өмнө талууд эх орон, ард иргэдээ бодож эвсэх шийдэлд хүрснээ баяр бахдалтайгаар тунхаглаж, түүнийгээ бичсэн бэх нь хатаагүй шахам байхад ингээд ноороглочихлоо. Ээлжит сонгууль, улс төрийн ирэх өдрүүдийн үйл явдлыг төсөөлж, зураглах үйл явцыг Н.Энхбаяр дахиад л самарчихлаа.

Улмаар МАН-ын Бага хурлын гишүүдийн олонх МАХН-тай эвсэхгүй хэмээн санал нэгдсэн ч дугаар шилжих мөчид үүнийгээ баталгаажуулж, алх цохиогүй байв. Учир нь Н.Энхбаяр дахин уулзаж, ярилцах хүсэлт тавьж, эргэж буцсан нь МАН-ынхныг хүлээлгэхэд хүргэсэн бололтой.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.114 Еооо шал солиотой юмаа
68.100.193.179 Uul ni negdej Orvol zugeer dee, tegvel ch umhii debil ANuusuud gazriin hursnuus archigdlaa l gsen ug !
27.123.214.86 Беен инээд. Ийм л еревделтэй улс терчидтэй улс байхгуй шуу. Мэргэжлийн холбоодоос сонгуульд дэвшдэг болговол таарна.