Л.ЭРХЭМБАЯР: АН ХЭНТЭЙ Ч ЭВСЭХГҮЙ

2016 оны 04 сарын 20

Ардчилсан намын ҮЗХ уржигдар шөнө дунд хүртэл хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталжээ. Энэ талаар тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өчигдөр мэдээлэл хийлээ. Үүгээр хоёр асуудал шийджээ. ҮЗХ-ны хуралдааны ирц 63 хувь байсан гэнэ. Юуны өмнө АН сонгуульд оролцоно гэдэг улс төрийн шийдвэрээ баталгаажуулсан байна. Тэд аль нэг намтай эвсэхгүй, дангаар оролцох нь. Мөн “Монгол хүн-2020” сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа дүгнэж, нэмж баяжуулах саналаа ярилцан баталжээ.

Үндэсний аудитын газарт өнөөдөр 18.00 цагаас өмнө намууд мөрийн хөтөлбөрөө өгч, аудит хийлгэх учиртай. Тэр болтол мөрийн хөтөлбөрт ямар санаачилга тусгасан талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй гэнэ. Өнгөрсөн дөрвөн жилд тэд зорьсон ажлынхаа 90 хувийг хийсэн гэж үзжээ. ҮЗХ-ны хурал нээлттэй байгаа бөгөөд энэ долоо хоногт багтан хуралдах юм байна. Түүнээс сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.

-ИЗНН, МҮАН зэрэг намыг нэгтгэх талаар яриа хэлэлцээ юу болсон бэ?

-Намууд энэ сарын 29-ний дотор нэгдэх, эвсэх эсэхээ шийдэх ёстой. Манай нам сонгуульд эвсэхгүй гэдэг нь тодорхой болсон ч бидэнтэй нэгдэх боломж тэр хүртэл нээлттэй байна.

-Эвсэхгүй гэж онцолж буй нь ямар шалтгаантай юм бол?

-Бид 1996 онд эвсэл байгуулсан ч Засгийн газраа хэд хэдэн удаа сольсон. 2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулсан ч задарсан. Энэ мэтээр эвслийн зовлонг хангалттай амссан. Ер нь эвслүүд “но”-той, эргээд улс орны нийгэм, эдийн засагт ноцтой байдал үүсгэдэг.

-Х.Баттулга гишүүнийг намаасаа гарна гэх мэдээлэл тарсан. Ийм шийдвэр гаргавал та бүхэн хэрхэн хүлээн авах вэ?

-Х.Баттулга гишүүн ҮЗХ-ны хуралдаанд оролцоогүй. Яагаад ирээгүй гэдгийг асууж тодруулсангүй. Ер нь нэг гишүүн нам байгуулаад гарлаа гэвэл би гайхахгүй. Хүмүүс гарч ч, орж ч байдаг. 1-2 хүн гарлаа гээд намын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй.

-ҮЗХ хэзээ үргэлжлүүлэн хуралдах вэ. Үүгээр таныг огцруулах, эсэх асуудал ярина гэсэн мэдээлэл байна?

-ҮЗХ-ны хуралдааныг хаагаагүй. Тиймээс өнөөдөр ч товлож магадгүй. Ер нь сонгууль дөхсөн учраас ойр ойрхон хуралдах байх. Шийдвэрлэх хэд хэдэн асуудал бий. Аль тойрогт хэнийг нэр дэвшүүлэх, жагсаалтад яаж эрэмбэлэх гэдгээс гадна ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлах тухай ярилцана.

-Сонгуулийн хуулийг өөрчлөх, 100 хувь мажоритар системээр зохион байгуулахаар намууд тохиролцсон гэж буй?

-Бараг ярихгүй байх. АН уг асуудлаар нэгдмэл байр суурьт хүрээгүй.

-МАН, МАХН-ынхан бүх шатны сонгуульд эвсэхээр болж байх шиг. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Бусад намын асуудалд бид хөндлөнгөөс дүгнэлт хийхгүй. Гэхдээ миний хувьд энэ хоёр намыг эвсэх биш, бүр нэгдээсэй гэж хүсэж байгаа. Намууд нэгдэх нь улс оронд хэрэгтэй.

 С.ТУУЛ 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД