СУМИТРА МАХАЖАН: Тэрбум ам.долларын зээлийн гэрээг ирэх сард эцэслэнэ

2016 оны 04 сарын 20

Бүгд найрамдах Энэтхэг Улсын парламентын доод танхим (Лок Сабха)-ын дарга хатагтай Сумитра Махажан УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Өчигдөр УИХ-ын дарга хүндэт зочныг Чингис хааны талбайд угтсанаар айлчлал албан ёсоор эхэлсэн. Үүний дараа спикерүүд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааг 2015 онд стратегийн түншлэлийн түвшинд хүргэснээ зарласнаас хойш хийж буйгаараа онцлог болохыг тодотгосон. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын чухал үр дүнгийн нэг болох тус улсаас манай улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурахаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд энэ сарын сүүлчээр мордохоор төлөвлөж буйг дуулгав.

Түүнчлэн УИХ уг зээлийн хэлэлцээрийг энэ долоо хоногт хэлэлцэж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоно гэв. Хатагтай Сумитра Махажан өргөн уудам газар нутагтай Энэтхэг Улсын хувьд сүүлийн жилүүдэд анхаарлыг орон нутаг руу чиглүүлэх санаачилга өрнүүлэн, алслагдсан хязгаар нутгаа хөгжүүлэх бодлогыг чухалчилж буйгаа дуулгаад, энэ нь асар уудам газар нутагтай, хүн ам цөөнтэй Монгол Улсад ач холбогдолтой байж болох юм хэмээн онцолсон. Хэлэлцээ өндөрлөсний дараа тэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан юм. Энэ нь хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэх ач холбогдолтой гэнэ.

Түүнчлэн Монгол, Энэтхэг улс нь олон улсын болон бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд амжилттай хамтран ажиллаж ирсэн уламжлалаа үргэлжлүүлэн, цаашид ч мэдээлэл солилцож зөвлөлдөх, харилцан биенээ дэмжиж ажиллахын нотолгоо болохыг талууд тэмдэглэж байлаа. Дараа нь Сумитра Махажан, З.Энхболд нар сэтгүүлчдэд товч мэдээлэл өгсөн. Энэ үеэр хатагтай Сумитра Махажан “Өчигдөр танай оронд хөл тавьсан цагаас мэдэрсэн зочломтгой, сайхан зан чанар хоёр орны найрсаг сайхан харилцааны нэгэн илрэл гэж бодож байна. Энэхүү айлчлалаар түүхийн нэгэн шинэ хуудас нээлээ” хэмээн онцолсон.

Түүнчлэн тэрбээр нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн тухайд “Үүнийг хөгжлийн дэд бүтэц, хүний хөгжлийг бэхжүүлэхэд зориулан олгож буй. Зээлийн зарчмыг хоёр талын холбогдох албаны хүмүүс ярилцах ёстой. Гэрээг ирэх сард дуусгах байх” гэв. Айлчлалын хүрээнд тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрхэм зочинд бараалхсан юм.

Б.УРАН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД