БЗД-ийн аваргуудад Плоцк хотод зочлох эрхийн бичиг гардууллаа

2016 оны 04 сарын 20

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Польш улсын Плоцк хотын хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг Ерөнхий боловсролын сургуулийнсурагчдын сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 23 сургуулийн нийт 43 баг, 500 гаруй өсвөрийн тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж уралдсан юм.

Хоёр сарын турш зохион байгуулагдаж 290 тоглолт явагдсан тус тэмцээний ялагчаар Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн Д.Отгонжаргал дасгалжуулагчтай эрэгтэй баг, Э.Болорцэцэг дасгалжуулагчтай 33 дугаар сургуулийн эмэгтэй багийн тамирчид шалгарч, Польш улсын Плоцк хотод зочлох эрхийн бичгээр шагнууллаа.

2016 оны Баянзүрх дүүргийн Лигийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар 21 дүгээр сургуулийн сурагч Х.Номин-эрдэнэ, 33 дугаар сургуулийн Г.Отгончимэг нар  тодорсон. Харин тус тэмцээний шилдэг дасгалжуулагч багшаар “Шавь” цогцолбор сургуулийн багш Б.Мядагмаа, 33 дугаар сургуулийн багш Э.Болорцэцэг нар шалгарсан юм.

Дашрамд дурдахад, өсвөрийн сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах энэ жилийн тэмцээнд дүүргийн хувийн хэвшлийн сургуулийн сурагчид оролцсоноороо онцлогтой байлаа. Мөн сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчилах, ур чадварыг дээшлүүлэх, залуу тамирчдыг шалгаруулах зорилготой тус тэмцээн ихээхэн өрсөлдөөнтэй тоглолтуудаар өрнөлөө хэмээн зохион байгуулагчид онцолж байсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД