”1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулагдана”

2016 оны 04 сарын 20

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар Монгол Улсын Их Хурал, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийв.

БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан хэлсэн үгэндээ, “Манай хоёр орны хамтын ажиллагаа нь стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хийсэн уулзалт маш үр өгөөжтэй, харилцан ойлголцолд хүрсэний зэрэгцээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон хэлэлцээ хийлээ.

Энэтхэг Улс дэлхийн хамгийн том ардчилсан орон юм. Бидний хувьд ардчиллын урт хугацааны олон талт туршлагыг хуримтлуулж чадсан гэдэгт итгэлтэй байдаг. Энэхүү туршлага нь төлөөллийн ардчилал, ардчиллын үйл явц болон институцийг бэхжүүлэх чиглэлээр туршлага хуримтлуулсан болохыг онцлон  тэмдэглэе. Бид өөрсдийн хуримтлуулсан туршлагаа Монгол Улстай хуваалцахдаа үргэлж нээлттэй байдаг бөгөөд УИХ төдийгүй Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, албан хаагчидтай манай орны Лок Сабхагийн Тамгын газар туршлага солилцон, хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, "Монгол Улсын “гурав дахь хөрш”, монголын ард түмний “оюун санааны хөрш” Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим (Лок Сабха)-ын дарга Эрхэмсэг хатагтай Сумитра Махажаны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай болж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Лок Сабхагийн даргын энэхүү айлчлал нь 2015 онд хоёр улсын харилцаанд “Стратегийн түншлэл” тогтоосны дараагаар хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байна.

БНЭУ-ын Лок Сабхагийн даргын айлчлалын гол зорилго нь хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, өндөр дээд түвшинд хийх харилцан айлчлал, яриа хэлэлцээний залгамж чанар, давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Түүнчлэн Монгол, Энэтхэг хоёр улс нь олон улсын болон бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд амжилттай хамтран ажиллаж ирсэн уламжлалаа үргэлжлүүлэн цаашид ч мэдээлэл солилцож зөвлөлдөх, харилцан биенээ дэмжиж ажиллахаа нотоллоо" гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Үүний дараа "БНЭУ-аас Монгол Улсад олгох нэг тэрбум ам.долларын зээлийн нөхцөл, ач холбогдолын талаар Та байр сууриа илэрхийлнэ үү?" гэх сэтгүүлчийн асуултад БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан хэлэхдээ  “2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр БНЭУ-ын Засгийн газраас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдэхээр болсон. Энэ зээл Монгол Улсын дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт, хүний хөгжил болон институцийн хөгжлийг бэхжүүлэхэд зарцуулагдах юм. Энэхүү зээлийн нөхцөл болон ач холбогдол хоёр орны Засгийн газрын түвшинд яригдаж байгаа бөгөөд ирэх сард гэрээ хийгдэж дуусах төлөвтэй байгаа” гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.142 хэрэгцээтэй бол зээл авах нь зөв? Харин үр ашигтай, хяналттай өгөөжтэй л байх ёстой. Харин элдэвээр УТ-ээд хэрэггүй!Айлгаа
202.131.234.243 дахиад л зээл, дахиад л өр. Монгол хүний төлөх өр ч тамтаггүй боллоо доо
202.131.234.243 ИРгэн ТА 33 сая төгрөгийн өртэй байна
  • 2016 оны 04 сарын 20