Өчигдөр цагдаагийнхан хамгаалалтад гараад байсны ”УЧИР”

2016 оны 04 сарын 19

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-нд  зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн иржээ. 

Түүнийг өчигдөр орой Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм. Энэ үеэр Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдхүүнээрээ хамгаалалтад гараад байжээ.

 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхимын дарга энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэх айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн хатагтай Сумитра Махажанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхах юм.

 

 Түүнчлэн Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтийн ёслолд оролцоно.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ануул Мишра нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим (Лок Сабха)-ын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурнА.

 
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД