Ашиг сонирхлын гүүр ТӨРИЙН БАНК

2016 оны 04 сарын 19

“Төрийн банкийг хувьчилъя”. Олон улстөрч ингэж хэлэхийг нь сонсож байлаа. Гэвч хувьчилж түвдэхгүй л байна. Шалтгаан нь юу вэ? Төр мэдэлдээ банктай байх зүй ёсны шалтгаан үнэндээ олж харахгүй л байгаа юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нэгэнтээ “Төр гүүр банктай байх хэрэгтэй. Хэрэв аль нэг банк хүндэрвэл Төрийн банктай нийлүүлээд санхүүгийн зах зээлээ доргиохоос сэргийлнэ” гэж тайлбарлаж байсан. Энэ муу ёрын гэмээр тайлбар л даа. Дахиад банк дампуурна гэж зөгнөөд ч байгаа юм шиг сонсогдсоныг нуух юун.

Гүүр банк гэдэг ойлголт санхүүгийн зах зээлд байдаг. Ийм зорилгоор Төрийн банкийг байгуулсан. Гэхдээ санхүүгийн зах зээл мөнхөд гүүртэй байна гэж үгүй. Банкуудын үйл ажиллагаа доголдож, иргэдийн итгэл алдрахад харилцагчдыг хохиролгүйгээр хүндрэлээс гаргахын тулд гүүр банк байгуулдаг. Зах зээл тогтворжиж, иргэдийн итгэл сэргэсний дараа гүүр банкаа хувьчилдаг, эсвэл өөр банктай нэгтгэдэг. Энгийнээр тайлбарлавал, банкны салбар амьдралын алдааны урсгалд живчих гээд байвал гүүр болгон гаталж гараад эвхчихдэг механизм гэсэн үг.

Алдагдалд орж, дампуурах нь тодорхой болсон “Зоос” банкны сайн активыг ялгаж аван, 2010 онд Төрийн банк байгуулсан. Хэрэв гүүр банк байгуулаагүй бол харилцагчид нь 100 орчим тэрбум төгрөгийн хохирол амсах байлаа. Мөн 2013 онд санхүүгийн алдагдал хүлээсэн “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нийлүүлсэн. Бас л харилцагчдыг нь хамгаалсан механизм байсан. Төрийн банк гүүр болох үүргээ сайн гүйцэтгэсэн гэсэн үг. Одоо санхүүгийн зах зээл тогтворжиж, банкуудын шалгуур үзүүлэлт ч сайжирчихсан. Тиймээс төрд гүүр банк байх шаардлагагүй. Монголбанк Төрийн банкийг хувьчлах саналаа Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн гэдэг. Гүүр банк шаардлагагүй болсон гэж төрүүлсэн “эцэг” нь хэлээд байгаа хэрэг л дээ.

Хувьчлахгүй байгаа шалтгаан нь тун энгийн. Санхүүгийн зах зээлээр дамжуулж, улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх эрх баригчдын бэлэн хэрэгсэл нь учраас хувьчлахгүй байна. Тодорхой жишээ дурдъя. 2012 оны сонгуулийн өмнө тухайн үед эрх барьж байсан МАН Төрийн банкаар дамжуулж, орон сууцны зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Таван жилийн хугацаатай хэрэгжих уг хөтөлбөрийн санхүүжилтийг төсвөөс гаргах схем “зурсан” байв. Тиймээс бусад банк энэ хөтөлбөрт оролцохоос эрс татгалзсан. Харин Төрийн банк эрсдэлд орох магадлал өндөр байсан ч Сангийн яамныхны хүчин дор энэ хөтөлбөрийг дангаар хэрэгжүүлсэн юм. Энэ удаад эрх баригч АН Төрийн банкийг улс төрийн ашиг сонирхолдоо ашиглаж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Малчны зээлийн хүүг бууруул” гэсэн үүргийг Сангийн сайд Б.Болорт өгсөн. Энэ бол Б.Болор сайдын алга урвуулах мэт амархан гүйцэтгэх даалгавар. Төрийн банкны гүйцэтгэх захиралд үүрэг өгөөд л гүйцээ. Тун удалгүй Төрийн банкны малчны зээлийн хүү 32-оос 18 хувь болж буурсныг санаж байна уу. Малчны зээлийн 85 хувийг ХААН банк олгодог. Эрх баригчид ХААН банкны гүйцэтгэх захирлыг ч зээлийн хүүгээ бууруулахыг ятгаж дөнгөв. Тэднийх ч малчдад зориулсан бага хүүтэй зээлийн бүтээгдэхүүн гаргаад байгаа. АН орон нутагт өрсөлдөгчдөө ялагддаг. Иймээс малчдын саналыг авах “найраа”-гаа Төрийн банкаар дамжуулан хийж байгаа нь энэ.

Төрийн банкийг хувьчилна гээд 2016 оны улсын төсвийн тухай хуульд заачихсан байгаа. Тодруулбал, 75 тэрбум төгрөгөөр борлуулж, орлогыг нь төсөвт төвлөрүүлэх юм. Гэвч хэзээ, хэн хувьчлалыг нь зохион байгуулах нь тодорхойгүй. Сангийн яамныхан энэ талаар үг унагах дургүй. Үнэн хэрэгтээ тэдэнд хувьчлах бодол, төлөвлөгөө ч байхгүй. Тууштай бодлого ч алга. Хувьчилна гэж төсөвт тусгасан нь заль байх магадлалтай. Сангийн яамныхан төсвийг хуульд нийцүүлэхийн тулд орлогыг нь зохиомлоор өсгөдөг гэмтэй. Ингэхдээ төрийн өмчит компанийг хувьчилж, орлого төвлөрүүлнэ гэж хуульчилдаг.

Ойрын үеийн бэлэн жишээ нь МИАТ, “Хөтөлийн цемент шохой”, “Монголын хөрөнгийн бирж” компани юм. 2015 оны улсын төсвийн тухай хуульд МИАТ компанийн хувьцааны 49 хувийг хөрөнгийн зах зээлд борлуулж, “Хөтөлийн цемент шохой” компани, “Монголын хөрөнгийн бирж”-ийг хувьчилж 180 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэж заасан. Гэсэн ч хөрөнгийн зах зээлд арилжаагүй, хувьчлаагүйг нь бид харж байна. Төрийн банкийг хувьчилна гэдэг санаачилга өмнөх жилийн заль мэхийн өөр нэг хувилбар болов уу.

Уг нь Засгийн газар Төрийн банкийг 100 тэрбум төгрөгөөр зарчихад оруулсан хөрөнгөө нөхөөд авчих юм. Ингээд тоглоомноос гарахын оронд хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөөд, банктай зууралдаад байгаа шалтгааныг улс төрөөс яахин салгаж ойлгох билээ. Бөхөөр зүйрлэвэл, төр засуул нь, банкууд бөх нь юм. Гэтэл төр засуул хийхээс гадна өөрөө барилдаад л наадамд түрүүлчих гээд, хувийн хэвшилтэй зах зээл булаацалдаад арцалдаж явна. Төрийн банк салбартаа дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, жилд 20 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа.

Тэднийх “Эрсдэлгүй ирээдүйн баталгаа” гэсэн уриатай. Үүнийхээ цаана төрийн өмчит банк учраас харилцагчдаа хохироохгүй гэсэн далд утга агуулдаг. Гүйцэтгэх захирлууд нь ч төрийн өмчит банк тул хадгалуулсан мөнгөө алдана гэж айлтгүй гэж ил цагаан ярина. Хэрэв Төрийн банк эвгүйтвэл харилцагчдын хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэсэн санаа шүү дээ. Энэ бол шударга бус өрсөлдөөний нэг хэлбэр.

Санхүүгийн хүндрэлийн гүүр болгохоор байгуулсан энэ банк улстөрчийн ашиг сонирхлын гүүр болж хувирлаа. Удахгүй улстөрчдийн “тоглоомын компани” болж хувирах биз. Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Д.Батсайхан УИХ-ын сонгуульд АН-аас Завхан аймагт нэр дэвшинэ гэж яригдаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд асан Ц.Туваан, АН-ын гишүүн Б.Баттүвшин нар түүний халааг авч, Төрийн банкны ТУЗ-ийн дарга болон ерөнхийлөгчөөр томилогдлоо. Төрийн банкийг санхүүгийн зах зээлийн сүйтгэгч, улстөрчдийн парламент рүү тэмүүлэх гишүүр болгож дуусгахаас нь өмнө хувьчилъя.

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.142 Үнэндээ бол зөв тайлбар байна. Юм болгоныг УТ-ээд байгаа энэ мэтийн хөлсний бичээчүүд сонгуульд өрсөлдөх хүч бүхний хооронд захиалгаар ”ЯС” хаях юм даа??хөлсний хутгуур?