МАН, МАХН-ынхан 51:25 харьцаагаар эвсэх үү

2016 оны 04 сарын 19

Маргааш гэхэд улс төрийн намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хураалгах хуультай. Энэ дагуу ойрын өдрүүдэд намуудын шийдвэр гаргах дээд байгууллагууд хуралдаж, мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлахаар ажиллаж байна. “Айл болгон асуудалтай” гэдэгчлэн ганц мөрийн хөтөлбөр гэлтгүй ярилцаж, улс төрийн шийдэлд хүрэх шаардлагатай, асуултын тэмдэгтэй зүйлс нам бүрт бий. Өчигдөр МАН-ын Бага хурлын хуралдаан эхэлсэн. Өнөөдөр МАХН-ын Бага чуулгантай. Аль алиных нь гол зорилго МАН,  МАХН сонгуульд эвсэх, эсэхэд эцсийн цэг тавих. 

МАН-ынхан Бага хурлын хуралдаанаа намын байрандаа 14.00 цагт товлосон ч бараг хоёр цагийн дараа эхлүүлсэн. Энэ болтол тэд зүгээр суугаагүй бололтой. Бага хурлын гишүүддээ өглөөнөөс хойш хаалттайгаар номын дуу сонсгож, залгуулаад Удирдах зөвлөл нь хуралдсан. Удирдах зөвлөл хуралдаж дуусангуут гишүүд нь хоол идчихээд, шууд Бага хурлын хуралдааныг эхлүүлсэн нь тэр. 60 гаруй хувийн ирцтэй эхлүүлсэн Бага хурлын хуралдааны эхэнд МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн, цаашид төлөвлөж буй ажлын талаар илтгэл танилцуулсан.

Тэрбээр “Амласан бол ажил хэрэг болгох мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гишүүд, дэмжигчид эдийн засаг, нийгэм, улс төрийн өнөөгийн байдал, хүндрэлээс хэрхэн гарах арга зам, сонгуульд ялбал яаж ажиллах вэ зэрэг олон зүйл асуулаа. Өрийн дарамт санаа зовоож байна. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөөллөөр энэ онд манай эдийн засагт өсөлт ажиглагдахгүй нь. Монголбанк цаасан мөнгө ихээр хэвлэсэн. 2012 оны зургадугаар сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэл төгрөгийн ханш 50 гаруй хувиар унасан. Зээлжих зэрэглэл буурсан. 62 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан.

Монголын эдийн засаг “граммынх” боллоо. Хаврын тариалалт эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад 18- 20 мянган тонн үрийн буудай дутуу, түүнийгээ хаанаас авахаа шийдээгүй байна. Ахмадуудын 86 хувь нь 426 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй. Тиймээс бид эдийн засгийн хямралаас гаргах мэргэжлийн Засгийн газар бүрдүүлнэ” хэмээн онцолсон. Ингэснээр хуралдаан хэвлэлийнхэнд хаалттай болов. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар оролцож, МАН-ын гишүүнчлэлээ сэргээн, Бага хурлын гишүүн болсон юм.

М.Энхболд Тусгаар тогтнолын ордонд ийн илтгэл танилцуулахтай хамт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар мэдээлэл хийв. Тэд бол МАН, МАХН сонгуульд эвсэх, эсэх асуудлаар байгуулсан хамтарсан ажлын хэсгийн ахлагч бөгөөд ажлын хэсэг нийт арван удаа хуралджээ. Ажлын хэсэгт МАН-ыг ахалж буй Ч.Хүрэлбаатар “Өчигдөр (уржигдар) орой ойлголцоогүй үлдсэн асуудлууддаа цэг тавьсан. Монгол Улсын эдийн засаг хямарчихсан, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа нөхцөлд МАН, МАХН улс төрийн хариуцлагаа өндөржүүлж, энэ сонгуульд ялахаас өөр аргагүй боллоо.

Ингэж байж улс орны болон ард түмний нийтлэг эрх ашиг хангагдана гэж үзэж, энэ гэрээ хэлцлийг хийсэн” гээд МАН болон МАХН УИХ-ын сонгуульд эвсэж оролцвол МАХН тойрогт 15, намын жагсаалтаар арав буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 буюу нийт 51 хүнийг тус тус нэр дэвшүүлэхээр ажлын хэсгийн түвшинд тохиролцсоноо мэдэгдлээ. Мөн “Хамтдаа үүрэг хүлээж, амлалтаа тууштай биелүүлэн, эвслийг бат бэх байлгах зорилгоор УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг квотоос гадуур хоёр нам ээлжлэн нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн.

Эвсэл ялалт байгуулсан тохиолдолд УИХ болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгуулийн бодит дүнг үндэслэж хуваарилна” гэв. Орон нутгийн сонгуульд ч эвсэж оролцохоор санал нэгджээ.

Ингэхдээ 2012 оны сонгуулиар тухайн намуудад өгсөн санал, ИТХ дахь суудлын тоог харгалзан орон нутгийн намын байгууллагууд гэрээгээр харилцан тохиролцох гэнэ. ИТХ-ын дарга болон Засаг даргын суудлыг сонгуулийн үр дүнд үндэслэж эзэнтэй болгох юм байна.

Харин эвслийг 50:50 харьцаагаар буюу тэргүүн нь МАН-ын, Удирдах зөвлөлийн дарга нь МАХН-ын дарга тэргүүлэх аж. Эвслийн тэргүүн болон Удирдах зөвлөлийн дарга нар ижил эрхтэй, харилцан хориг тавих зарчмаар ажиллахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн Ч.Хүрэлбаатар “Улс төрийн бүх төрлийн хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө эвслээс нэр дэвшигч, аль нэг субъектийг нь хууль хяналтын байгууллагаас сонгуульд оролцуулахгүй байх гэсэн оролдлого гаргавал хоёр нам хамтарч тэмцэнэ” хэмээн онцолсон.

МАХН-ын талыг ахалсан Ч.Улаан “Хоёр намын удирдах дээд байгууллага зарчмын шийдвэр гаргах бололцоо бүрдлээ. Хуулийн хугацаа маш тодорхой тул намуудын удирдах дээд байгууллага эвсэх, эс эвсэхээ шийднэ. Үүний дараа эвслийн удирдах байгууллага байгуулах боломжтой. Улмаар хамтарч хэрэгжүүлэх хөтөлбөрөө боловсруулан, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Хоёр нам сонгуульд хамтарч оролцох нь амжилт үзүүлэх магадлалыг өндөрсгөнө гэдэгт талууд санал нэгдсэн.

Нөгөө талаас гишүүд дэмжигчид, нийт ард иргэний санал, хүсэлтийн дагуу хамтарч ажиллах нь зүйтэй юм гэсэн зарчмын байр суурьт хүрсэн. Бидний хамтын ажиллагааны үр дүнгээс хамаарч намууд нэгдэх, эсэх тухай ярина. Тиймээс том ажлын эхлэл, гарааны нөхцөлийг тодорхойллоо. Ажлын хэсгийн нэгдмэл байр суурьт үндэслэн сонгуульд эвсэж, нэг субъект болж оролцох ажил эрчимтэй эхэлж байна” гэсэн юм.

Эвсэхээр болбол аль аль намын түвшинд боловсруулсан мөрийн хөтөлбөрийн төслийг нэгтгэж, хуулийн хугацаанд багтаан Үндэсний аудитын газарт хүргүүлэх боломжтойг тэд хэлж байсан. Харин “Жагсаалтын дараалалд ямар зарчим баримтлах вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Ч.Хүрэлбаатар “Гуравт нэг” гэсэн үндсэн зарчмаар явна гэж тохиролцсон” гэсэн бол Ч.Улаан “51:25 гэсэн тоог харахад л 2:1 гэсэн харьцаатай байх нь ойлгомжтой. Энэ суурь зарчимд үндэслэн нарийвчилсан зүйлүүдээ шийднэ” хэмээв. Харин тэд эвслийг юу гэж нэрлэх тухайд нууцалсан. Уг нь нэрийн талаар ярилцаж, санал нэгдсэн хувилбарууд ч бий гэсэн.

Гэхдээ хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын Бага хурлын зарим гишүүн МАХН-тай эвсэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байв. Тэрбээр “Эрх барьж байгаа нам “хувьсгалт” гэдэг үгнээс татгалзаж, нэрээ өөрчилсөн нь том түүх шүү дээ. Ингэж өөрчлөөд байвал улс төрийн нам гэж юу болох билээ. МАХН зохиомлоор бий болсныг бүгд мэдэж байгаа. Эвсэх талаар ярьж эхэлсэн нь манай нам үүнийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно” гэж байсан юм.

Дугаар шилжих мөчид Бага хурлаар мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэлэлцэж байлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 МАН, МАХН- эвсэх нь зөвөө, одоо л нэг учраа олж байх шиг байна.