Г.Уянга ТТЭНН-ын дарга болох уу

2016 оны 04 сарын 18

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид өнгөрсөн баасан гаригт улс төрийн хоёр ч намын гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ынхан даргаа өөрчилснийг бүртгүүлэх хүсэлтээ дахин ирүүлсэн. Энэ удаад УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг даргаар сонгохоо больж, “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын нэрийг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан юм. Т.Ганболдыг намын даргаар сонгох хуралд нь Б.Найдалаагийн талынхан оролцоогүй гэнэ. Тиймээс өмнө нь болсон хурлаараа Б.Найдалааг ХҮН-ын даргаар сонгосноо баталгаажуулахаар дахин Улсын дээд шүүхэд хандсан аж. Тус шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид ХҮН-аас ирүүлсэн дарга өөрчлөгдсөнийг бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хангахаас татгалзав. Учир нь Дээд шүүхийн гуравдугаар сарын 18-ны 07 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй, намын дотоодын маргаан хэвээр байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, Т.Ганболд, Б.Найдалаа нарын хэнийг ч намын дарга гэж бүртгэхээс татгалзсан байна.
Мөн энэ өдөр Монгол консерватив намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн байна.
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид удахгүй Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам (ТТЭНН)-ын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэх аж. Улс төрийн 23 дахь нам болон 2015 оны дөрөвдүгээр сарын 18-нд байгуулагдаж, Дээд шүүхэд тус оны тавдугаар сарын 29-нд бүртгүүлсэн, УИХ-ын гишүүн Х.Баттулга ард нь байдаг гэх ТТЭНН-ын дарга Ц.Баянбилэгийг саяхан өөрчилсөн аж. Түүний оронд намын хурлаараа УИХ-ын гишүүн Г.Уянгыг сонгож, бүртгүүлэх хүсэлт шүүхэд гаргаад байгаа гэдгийг намынхан нь мэдээлсэн юм. Уг хүсэлтийг нь хүлээн авах эсэх хурлыг удахгүй товлох юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД