Сонгуулийн хуулийг өөрчлөх, эсэх нь Цэцийн шийдвэрээс хамаарна

2016 оны 04 сарын 18

Сонгуулийг 100 хувь мажоритар тогтолцоогоор зохион байгуулах төлөвлөгөөт ажиллагаа хэдийнэ эхэлжээ. УИХ-ын 76 гишүүний 28-ыг намын жагсаалтаар буюу пропорциональ тогтолцоогоор сонгохоор энэхүү хуульд заасан нь Үндсэн хуульд заасан сонгогчид төлөөллөө шууд сонгоно гэснийг зөрчсөн тухай гомдлыг иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар Цэцэд гаргасан байна. Сонгуулийн хуулийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн (пропорциональ), 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг, 21 дүгээр зүйлийн 2, 3, 23 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус зөрчсөн, эсэхийг тогтоолгохыг тэд хүссэн юм байна.

Уг гомдлыг Цэц энэ сарын 22-нд дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр товложээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус хуралдаанд гишүүн Д.Лүндээжанцан оролцох аж. Сонгуулийн хуулийг өөрчилж, жагсаалтыг үгүй болгох нь АН, МАН-ын эрх ашигт нийцэж буй. Тэд 28 суудлыг “дэмий” үрж байснаас нийслэл болон орон нутагтаа эв найртайгаар хуваан аваад, жижиг 76 тойргоор сонгуулиа хийе хэмээн тохирсон байна. Ингэхийн тулд л санал хураалт болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалтыг УИХ хасаж баталсан. Ардчилсан намын нэр хүнд нэлээд унасан. Тиймээс намын нэрээр санал авах магадлал буураад буй. МАН-ын хувьд ч жагсаалт ашиггүй гэдэгтэй санал нэгджээ.

Улмаар 28 мандатыг нийслэлд 60, орон нутагт 40 хувь байхаар хувааж авахаар ярьсан сурагтай. Гэхдээ уг өөрчлөлтийг УИХ шууд хийчих нь зохимжгүй, холимог тогтолцоо нэвтрүүлсэн дэвшлээсээ ухарсан хэрэг болно. Тиймээс л Үндсэн хуулийн цэцээр шийдвэр гаргуулж байгаад өөрчлөхөөр төлөвлөжээ. Нэр бүхий хоёр иргэн аль намын гишүүн гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Нэгэнт ийм тохиролцоо хийсэн тул Л.Болд, Ш.Түвдэндорж нарын төсөл хэрэггүй болно гэсэн үг. Гэхдээ жагсаалтаар гишүүн сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Цэц гаргах болов уу. Ингэвэл өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д жагсаалтаар сонгогдон ажилласан 28 гишүүнийг үгүйсгэсэн хэрэг болно. Мөн УИХ-аас гаргасан шийдвэрүүд яах билээ. Энэ мэтээр бөөн бантан болж мэдэх юм.

 С.УУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 ер нь аймаг бүрийг 1 тойрог болгож жалга довын үзлээр хүмүүсийг УИХ-д гаргадгыг халах цаг болсон. 2-3 аймгийг нэгтгэж 1 том тойрог болговол жалгын үзэлтэй хүмүүс гарах боломжгүй болно.