Монгол Улс Иранаас газрын тос авах уу

2016 оны 04 сарын 18

Иран улс Хятадаар дамжуулан манайд тос нийлүүлэхийг хүсэж буй тухай en.trend.az цахим хуудсанд мэдээлэв. Мөн Ираны боловсруулаагүй газрын тосыг Монгол руу нийлүүлэхээр хоёр тал хэлэлцсэнийг Ираны Үндэсний газрын тосны компанийн эх сурвалж мэдээлснийг mehrnews.com цахим хуудсанд бичжээ.

Тус компанийн Гадаад хэрэг хариуцсан гүйцэтгэх захирал Сайед Мохсен Гамсари “Монгол бол манай улсын газрын тос экспортлох шинэ зах зээл” хэмээн онцолсон байна. Тэрбээр Монгол Улс далайд гарцгүй тул өөр орноор дамжуулан бүтээгдэхүүн экспортолж болохыг тэмдэглээд, ийм боломжит “зам”-ыг Хятад хэмээн үзэж буйгаа дурджээ. Урд хөршөөр хэрхэн нийлүүлэхийг эцэслэн шийдвэрлэх хэлэлцээг хоёр улсын төлөөлөл хийж буй бололтой.

Өмнө нь Ираны Газрын тосны сайд Бижан Занганех манай улс руу Хятадаар дамжуулан 50-60 мянган баррель түүхий тос экспортлох боломжтойг онцолж байжээ. Эргэн сануулахад, өнгөрсөн оны эцсээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Иранд айлчлах үеэр тус улсын албаны хүн зөвхөн тос хэлбэрээр бүтээгдэхүүн экспортлох боломжтойгоо мэдэгдэж байв.

Хэрэв Иранаас тос авбал урд хөршийн үйлдвэрт боловсруулж, газрын тосны бүтээгдэх үүн болгон манайд нийлүүлэх боломжтойг дээрх айлчлалын багийн нэгэн төлөөлөл ярьж байсан юм. Тэр үед боловсруулах үйлдвэрийн өртөг, тээврийн зардлыг нь тооцох хэрэгтэйг онцолж байлаа.

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД