Спортын мастер Б.Дашдаваа “Ахмадын цом 2016”-д түрүүллээ

2016 оны 04 сарын 17

-Ахмадуудыг дэмжин залуус уухайлав-

Айдасын даваанд өнөөдөр адуу биш автомашин уралдлаа. Яармагийн дэнжинд хурдан морины уралдаан зохион байгуулахаар больсноос хойш хурдан хүлгийн тоосоор энгэрээ чимдэг байсан энэ даваа эзэнгүй шахуу болсон гэхэд болно.

Тэгвэл өнөөдөр автомашины бартаат замын “Ахмадын цом 2016” болон суудлын тэрэгний “Speed cup 2016” уралдаан энд боллоо. “Speed Auto” клубээс зохион байгуулсан эл тэмцээний ахмадын уралдаанд 30 тамирчин бүртгүүлснээс техникийн шалтгаанаар дөрөв нь хасагдаж, 26 тамирчин гурван хэсэгт хуваагдан өрсөлдлөө. Эхний тойрогт 2.2 км урттай бартаат замыг долоон удаа тойрч уралдсан бол финалын шатанд есөн тойрог хийж аваргаа тодруулсан юм.

40-өөс дээш насны тамирчид уралдаанд оролцож, хурд хүч, авхаалж, самбаа эр зоригоороо илүүрхэн Спортын мастер Б.Дашдаваа түрүүлж, ОУХМ С.Эрдэнэчулуун, З.Отгонбаяр, Спортын мастер Мөнхтөр, ОУХМ Ж.Эрдэнэбилэг нар удааллаа.

Автомашины бартаат замын уралдааныг үзэхээр олон хүн цугласан байлаа. Цастай, шавартай, бартаатай замаар торох юмгүй давхих ахмадуудыг тамирчин залуус дэмжин уухайлж, ур чадварыг нь гайхаж байлаа. Энэ удаа аваар осол гараагүй, тамирчин гэмтээгүй нь туршлагатай тамирчдын гавьяа биз ээ. Харин нэг машин уралдааны замаас гарахаас өөр аргагүй болж, эвдэрсэн бол нэг тамирчин уралдааны замыг буруу тойрсон учраас хасагдсан юм.

Суудлын тэрэгнүүд ч гэсэн энэ удаа УАЗ 469-ийн нэгэн адилаар бартаат замаар уралдав. Хаазлан урагшлах, шарваж тойрохоос эхлээд сүртэй, хүчтэйгээ мэдрүүлэх энэ уралдааны ялагч нь Спортын мастер Л.Ариунболд болов. Спортын дэд мастер С.Будсүрэн, нэгдүгээр зэргийн тамирчин Б.Батсуурь нар хоёр, гуравдугаар байрт шалгарсан юм. 

Уралдаанд спортын мастер Э.Ууган-Эрдэнэ, Л.Ариунболд, спортын дэд мастер С.Будсүрэн болон Д.Батбаяр, Б.Батсуурь, Ц.Гансүх, Т.Алтансүх, П.Наранбаяр, Э.Гүррагчаа нар оролцлоо.

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.114.126 Өчигдөр биш өнөөдөр болсон ш дээ