Дрифтийн “Цуврал”-ын аваргууд тодорлоо

2016 оны 04 сарын 17

Дрифтийн спортын клубууд нэгдэж “Монголын дрифт нэгдэл” гэх төрийн бус байгууллага байгуулаад буй. Тус төрийн бус байгуулага санаачлан зохион байгуулсан “Series 2” буюу “Цуврал 2” дрифтийн тэмцээн өнгөрөгч бямба гаригт болж өндөрлөлөө.

2015 онд ОХУ-ын тамирчид урилгаар ирж оролцож байсан тус тэмцээн энэ удаад Авто худалдааны цогцолборт өрнөсөн бөгөөд шүүгчээр ОХУ-ын Эрхүү хотын дрифтийн баг ажилласнаар онцлогтой болсон юм.

Механик болон автомат хурдны хайрцагтай гэх хоёр төрөлд үргэлжилсэн тэмцээний автомат хурдны хайрцагтай машины төрөлд JZX клубийн тамирчин Г.Батхолбоо түрүүлсэн. Харин уламжлалт буюу механик хурдны хайрцагтай машины төрөл хоёр үе шаттай болсон. Эхний шатанд тамирчид зохион байгуулагдын урьдчилсан бэлдсэн зам дээр богино хугацаанд, зөв техникээр шарвасан. Харин хоёр дахь шатанд тамирчид хос хосоор оролцож, түрүүлж гарсан тамирчинд хэр ойрхон шахаж шарваснаар оноог тооцсон юм. Эл хоёр шаттай үргэлжилсэн төрөлд “iDrift” клубийн тамирчин Ч.Билэгсайхан түрүүлж, мөн клубийн тамирчин Энхтайван, “Black team” клубийн тамирчин П.Ганболд нар хоёр, гуравдугаар байрт шалгарлаа. 

Мөн энэ үеэр тамирчин Ч.Билэгсайхан, П.Ганболд, Энхтайван нарт спортын гуравдугаар зэрэг олгосон. Энэ Монголын дрифтийн спортод анхны спортын зэрэг авч буй тохиолдол болж, спортын эл төрлийн түүхэнд нэгэн шинэ хуудас сөхсөн юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД