Дөрвөн жүдоч Азийн аварга боллоо

2016 оны 04 сарын 17

Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентад өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 30 орны 235 жүдоч хүчээ сорьсон уг тэмцээнд манай бөхчүүд өмнө нь үзүүлж байгаагүй өндөр амжилт гаргалаа. Тэмцээнд Монголын 17 тамирчин өрсөлдсөнөөс дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж, зургаа нь шагналт тавдугаар байрт оров. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх, 81 кг-д Н.Дагвасүрэн, -100 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр болон эмэгтэйчүүдийн 57 кг-д Гавьяат тамирчин Д.Сумъяа нар алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо.   

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медалийн эзэн болсон. Тэрбээр Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэгтэй аваргын төлөө хүч үзсэн юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа, 63 кг-д Ц.Цэрэннадмид, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг- О.Жавзмаа нар хүрэл медалийн болзол хангалаа. Манайхан медалийнхаа чанараар Японы дараа хоёрдугаар байрт жагсчээ. Япончууд дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ. Монголчууд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нийтдээ 17 алт, 39 мөнгө, 81 хүрэл медаль хүртсэн байна.    

П.Тунгалаг

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
119.40.98.162 жаахан чанар муутай тэмцээн болсон. ЛУВГАРУУД НЬ ОРОЛЦООГҮЙ
220.191.168.25 mUNDAG YUM AA. SAIN BAINAA.