“АРЬС БУДАХ ТЕХНОЛОГИЙГ САЙЖРУУЛАХАД ШАР БУУРЦАГНЫ ТОС АШИГЛАСАН”

2016 оны 04 сарын 15

Олонх хүн хувцас худалдаж авахдаа өнгө нь зохиж байгаа, эсэхийг анхаарахаас тухайн материалд хэрхэн будаг оруулж өнгө гаргасныг чухалчилдаггүй л болов уу. Тухайлбал, арьсан гутал худалдаж авлаа гэхэд өнгө, загвар, хөлд эвтэйхнээс гадна арьсны чанар, чийг татах, эсэхэд нь анхаардаг. Харин тухайн арьсыг ямар технологиор будаж боловсруулсан нь сонин биш. Гэтэл зарим арьсан гутал өмссөн даруйд хөл будаг болгож, тодорхой хугацааны дараа будаг нь арилж эхэлдэг.

Тиймээс будуулах эсвэл тослохоос өөр аргагүй болдог шүү дээ. Арьс боловсруулалтад будах технологи чухал. Дэлхийн олон оронд арьс будах төрөл бүрийн технологи нэвтрүүлж, туршиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Харин манай улсын үйлдвэрүүд арьс будахдаа ихэнхдээ өнгөн хэсгийг нь будаж, тусгай шингэнээр өнгөлдөг аж.

Тэгвэл Хөнгөн үйлдвэрийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн “Армоно” нэгдлийн эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Насанжаргал арьс будах шинэ технологи нэвтрүүлжээ. Тэрбээр 1995 онд дунд сургуулиа төгсөөд БНЧУ-ын Техникийн их сургуульд арьс, шир, үслэг эдлэл боловсруулах технологич, инженер мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Эх орондоо ирээд ШУТИС болон Хөнгөн үйлдвэрийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн “Армоно” нэгдэлд эрдэм шинжилгээний ажил хийж байгаад БНЧУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын Пардубицийн их сургуульд 2014 онд докторын зэрэг хамгаалсан юм.

Тэрбээр өндөр молекулт нэгдлийн технологи мэргэжлийн хүрээнд “Микрокапсулын хүчлийн болон реактив будгаар арьс будах” сэдвээр судалгаа хийсэн байна. Энэ судалгааны үр дүнд липосомийн систем дэх микрокапсулын эко будгаар ширхэглэг уургийг будан бүтээгдэхүүний колористикийн үзүүлэлтийг сайжруулах өндөр технологийн судалгаа хэмээх төсөл хэрэгжүүлж буй. Арьс будахад хэрэглэдэг ихэнх будаг нь өндөр идэвхтэй буюу материалтай түргэн нэгдэх чанартай байдаг аж. Ийм будаг арьсанд түргэн уусаж, өнгөн хэсэгт нь тогтож хатдаг байна. Ингэснээр арьсны гол болон гүн хэсэгт будаг хүрэхгүй үлдэж, жигд тархахгүй байхаас гадна усанд хаягдал будаг их үлдэж, бохир ус гарах зэрэг экологи, эдийн засгийн хувьд олон сөрөг үр дагавартай байдаг.

...Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд цэвэрлэх байгууламжийн лагийн асуудал их яригддаг. Арьс, ширний үсийг унагаах зорилгоор ашигласан шохойны хаягдал нь их хэмжээний лаг үүсгэдэг. БНХАУ-аас импортолдог шохой нь 30-40 хувийн шохойны агууламжтай, үлдсэн нь ямар ч хэрэггүй шавар, шороо байдаг...

Тиймээс П.Насанжаргал арьсны гүнд шингэдэг, удаан тогтоцтой, эко будгийг микрокапсулын аргаар гарган авчээ. Тэрбээр “Микрокапсулын технологи нь хөдөө аж ахуй, биотехнологи, анагаах ухаан, хүнс зэрэг үйлдвэрлэлийн олон салбарт нэвтэрсэн. Ялангуяа эмийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг. Эмийг хүний биед хурдан шингээхгүйн тулд микрокапсул ашигладаг. Мөн ургамал, хүнсний ногооны бордоог амархан задарч алга болгохгүй, хөрсөнд аажим аажмаар шингээж, удаан хадгалахын тулд хэрэглэдэг. Харин арьсанд будгийг удаан шингээж, гүнд нь нэвтрүүлэх зорилгоор микрокапсулын технологийг ашигладаг юм. Шар буурцагт их хэмжээний уураг, төрөл бүрийн нийлмэл тос агуулагддаг. Тосонд нь фосфолипид буюу олон улсын нэршлээр лецитин байдаг. Энэ нь усан орчинд орохоороо хувирч бүрхүүл үүсгэдэг.

Энэ хувирлыг липосом гэж нэрлэдэг. Ийм тосны агууламжтай будаг нь усанд хурдан уусахгүй, арьсан материалд удаанаар гүн шингэдэг юм. 2014 оны байдлаар манай улс 51.9 сая малтай байсан. Үүнээс жилд дунджаар 37 мянга гаруй тонн арьс, шир бэлтгэдэг гэж үзвэл манай арьс, ширний үйлдвэрүүд зөвхөн 20 хувийг нь дотооддоо боловсруулах хүчин чадалтай. Ийм хэмжээний арьс, шир боловсруулахад 30 тонн буюу 10 сая гаруй төгрөгийн будаг импортлох шаардлагатай гэсэн тооцоо бий. Харин арьс будах явцад нийт будгийн нэг хувь нь хаягдал болж урсдаг.

Энэ технологийг нэвтрүүлснээр бүтээгдэхүүний эдэлгээ сайжрахаас гадна материалын хаягдал болон импортын будгийн хэрэглээ багасахаас эхлээд олон талын ашигтай. Тиймээс импортын бүтээгдэхүүнээ энэ мэт шинэ технологиор баяжуулж хаягдал багатай ашиглах нь одоохондоо хамгийн зөв шийдэл болов уу” хэмээсэн.

БНЧУ-ын Пардубицийн их сургуулийнхан дээрх технологийг ноосон, хөвөн даавуу, мод, цаас зэрэг төрөл бүрийн материал дээр туршсан байна. Харин арьсан дээрх туршилт судалгааг нь П.Насанжаргал хийжээ. Энэ нь арьс будах технологийг сайжруулах зорилгоор Монголд анх удаа нэвтрүүлсэн шинэ технологи юм байна. Тэрбээр шинэ технологио эх орондоо ашиглаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Түүний төслийг төрөөс ч дэмжиж буй.

Үүнээс гадна тэрбээр “Армоно” нэгдлийнхэнтэй хамтарч, хоёр төсөл хэрэгжүүлж буй. Төслийнх нь талаар түүнээс тодруулахад “Арьс ширний үйлдвэрлэлийн усны хэрэгцээг багасгаж, хаягдал усыг дахин ашиглах, түүнд агуулагдах бохирдлыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах зорилгоор “Арьс, ширний үйлдвэрлэлд цэвэр ус хэмнэх технологийн оновчтой шийдэл” төсөл хэрэгжүүлж байна. Арьс боловсруулах үйлдвэрт усны хэрэглээ маш их байдаг. Бид хаягдал усаа дахин хэрэглэвэл усны хэрэглээ илт багасна. Энэ нь экологид чухал ач холбогдолтойгоос гадна эдийн засагт хэмнэлттэй.

Мөн “Бөсгөсөн шохой, инновацийн бүтээгдэхүүн, технологийн нэвтрүүлэлт” төсөл бий. Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд цэвэрлэх байгууламжийн лагийн асуудал их яригддаг. Арьс, ширний үсийг унагаах зорилгоор ашигласан шохойны хаягдал нь их хэмжээний лаг үүсгэдэг. БНХАУ-аас импортолдог шохой нь 30-40 хувийн шохойны агууламжтай, үлдсэн нь ямар ч хэрэггүй шавар, шороо байдаг. Харин арьс, ширний үсийг унагаахад 70-90 хувийн агууламжтай шохой хэрэглэх шаардлагатай. Шохойныхоо хэмжээг хувьд нь хүргэх гэж их хэмжээгээр хэрэглэдэг. Тэр хэрээрээ хаягдал их гарна. Товчхондоо бид бага агууламжтай шохойтой хамт ямар ч хэрэггүй шавар, шороо, лаг худалдаж авч байна гэсэн үг.

Тиймээс улсдаа байгаа шохойн ордуудаа ашиглаж, өндөр агууламжтай шохой гаргаж авахаар зорьж байна. “Арьс шир боловсруулахад хэрэглэгддэг импортын зарим материалыг эх орны түүхий эдээр орлуулах судалгаа” сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд манай эрдэм шинжилгээний ажилтнууд шохой унтраах болон бөсгөсөн шохой бэлтгэх аргыг судалж, патент авсан юм. Бөсгөсөн гэдэг нь тусгай технологиор гаргаж авсан шохой. Олборлоод шатаасан шохойг дахин боловсруулсныг унтраасан шохой гэж нэрлэдэг” хэмээсэн юм.

П.ТУНГАЛАГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.194.23 Эко будгийг хаанаас авч болох вэ? Будах заавар зөвлөгөө байна уу?
202.131.252.209 Sain bna bidend chadbar abiyas bna aa bna
49.0.160.209 Mundag uymaa