“НАДАД ШУУД НӨЛӨӨЛӨХИЙГ ОРОЛДООГҮЙ. ГЭХДЭЭ БҮХ ЗҮЙЛ ЦАГААН БАЙГААГҮЙ”

2016 оны 04 сарын 15

АТГ-ын дарга Н.Ганболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ өчигдөр нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, 75.4 хувийн саналаар дэмжин, чөлөөллөө. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дараах байр суурь илэрхийлэн, асуулт тавьж байв.

Ж.Батзандан: -Сонгууль дөхсөн байна. Таныг “Ажлаа өг” гэж дарамталсан уу. Хууль, хяналтын байгууллагыг олигарх бүлэглэлүүд дарамталж байна гэдэг. Тийм бүлэглэл байвал нэрлээч. Ер нь авлигатай тэмцэхэд юу саад болж байна вэ. Офшор бүс дэх хөрөнгийн талаар мэдээлэл өгнө үү. АТГ-аас Засаг дарга нарт сануулга өгсөн үү?

Н.Ганболд: -Би төрийн тусгай албанд олон жил ажилласан учраас аливаа асуудлыг дарамт, шахалт гэж ойлгодоггүй. Тийм зүйл байсан, тэр нь олигархи гэж ярихгүй. Энэ бол улс төрийн хүрээнд ярьдаг нэр томъёо. Тодорхой асуудал үүссэн нөхцөлд прокурорын зөвшөөрлөөр ярих нь бий. Авлигатай яаж тэмцэх, АТГ ямар байх ёстойг УИХ ярьдаг. Тиймээс саналаа бичгээр гаргая. Офшор бүстэй холбоотой асуудлуудыг урагшлуулах гэж бид хичээсэн. Хууль тогтоомжийн хүрээнд бидэнд мэдэх боломж байхгүй юм билээ. Яам, агентлагийн зарим даргыг холбогдох хууль зөрчин томилсон тохиолдол бий. Энэ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шийдэх асуудал учраас С.Баярцогт сайдад албан бичиг явуулсан.

Ц.Оюунгэрэл: -Та АТГ-ын даргаар томилогдохдоо ямар хөрөнгөтэй байсан бэ. Одоо ямар болов. Та авлига авч байсан уу. Байгууллага доторх авлигатайгаа яаж тэмцсэн бэ. Таны томилсон хүмүүсээс гэнэт баяжсан хүн бий юү. УИХ-ын гишүүний хувиар АТГ-ын ажилтнуудын талаар мэдээлэл авах гэхэд нууц байдаг юм билээ.

Н.Ганболд: -Бидний хөрөнгө, орлогын мэдүүлэг нээлттэй байгаа. Хуулиар АТГ-ын алба хаагчдын хөрөнгө, орлого нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хяналтад байдаг. Миний хөрөнгө тэгтлээ өөрчлөгдөөгүй, аль нэг компанид хувьцаа эзэмшдэггүй. Манайд нийт 160 орчим хүн ажилладаг. Тэдний хэн нь ямар машин унаж байгааг даргын хувиар анзаардаг. Тэгтлээ өөрчлөгдсөн зүйл үгүй. Нөлөөнд автахаас бид сэргийлдэг.

З.Баянсэлэнгэ: -Ямар болзошгүй гэмт хэргээс сэргийлж чадсан бэ. АТГ улстөрчдийг тагнадгаараа алдаршсан. Тэднийг гүтгэж, тулган шаарддагаа зогсоох уу. Та нар сүүлийн үед хууль тайлбарладаг болсныг юу гэж ойлгох вэ. Хэлмэгдүүлэлтийг эхлүүлж, гааруулсан он жилүүдэд та тус байгууллагыг удирдсан. Та эхлүүлсэн ажлаасаа зугтаж, айж байна. Түүхэнд анх удаа та нарын хориулсан хүн нас барсан шүү.

Н.Ганболд: -Манай үйл ажиллагааны 20-25 хувь нь мөрдөн шалгах, үлдсэн нь соён гэгээрүүлэх ажил байдаг. Хэвлэл мэдээллийнхэн барьсан, хорьсныг нь бичдэг. Өнгөрсөн хугацаанд би Ерөнхийлөгчтэй гурав, УИХ-ын даргатай дөрвөн удаа төсөв, хөрөнгийн асуудлаар уулзсан. Байцаан шийтгэх ажиллагаа хүмүүст эмзэг тусдагийг хуулиар засахыг хичээж байгаа. Одоо би ажлаа өгөөд, төрийн хамгаалалтаас гарна. Тэр үед намайг хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн, эсэхийг шалгуулах эрх бий. Би хариуцлагаас зугтахгүй.

Ц.Даваасүрэн: -Сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд таныг ажлаа өгөхөд хүргэв үү. “Панама офшор бүс” гэсэн мэдээллийг гадаадын байгуулага илрүүлээд өгч байхад манайхан шалгаж чадахгүй юм. Үүнийг судалж үзсэн үү?

Н.Ганболд: -Өргөдлөө өгсөн нь сүүлийн үеийн асуудлуудтай холбоогүй. Бид хуулийн хүрээнд л ажиллаж буй учраас хэлмэгдүүлж байна гэж боддоггүй. Офшор бүсийн талаар бид хэвлэлээр гарсан хэмжээнд л мэдээлэл авсан. АТГ Монгол Улсыг төлөөлөн тэдгээр байгууллагатай холбогдох эрх зүйн боломж байдаггүй.

З.Энхболд: -Панамаас мэдээлэл ав. Бусад офшор бүсээс ялгаатай.

Б.Бат-Эрдэнэ: -Ч.Сангарагчаа даргын үед урьдчилан сэргийлэх ажил сайн хийж байсан. Офшор бүсийн асуудлыг бүү хаяарай.

Н.Ганболд: -Маш ойрын хугацаанд офшор бүсийн талаарх мэдээллийг авъя. Урьдчилан сэргийлэх чиглэлд муу ажилласан гэж хэлэхгүй. Бид олон сайд, Засаг даргын хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгосон.

Л.Энх-Амгалан: -Н.Ганболд дарга улс төрийн болон иргэний хариуцлагатай мэдэгдэл хийж байна. АТГ улс төрөөс хараат бусаар ажиллах эрх зүйн боломж бүрдсэн үү. АТГ-ын ажилтнуудын нийгмийн хамгаалал, цалин хангамж авлигаас ангид ажиллах боломж бүрдүүлсэн үү. Авлигад хамгийн их өртсөн гэгддэг шүүх, нам, хуулийн байгууллагад шалгалт хийсэн үү. Төрийн албан хаагчдын чухам аль хэсэг нь авлигад хамгийн их өртөж байна вэ. Бизнесийн байгууллагынхны нэр хүндэд халдаж, хорьчихоод буруугүй нь тогтоогдсон бол нэр хүндийг нь яаж сэргээж байна вэ?

Н.Ганболд: -Татварын асуудлаар цагдаагийнхан олон мянган хүнийг шалгасан. Энэ бол манайхтай холбоогүй. Манай алба хаагчдын цалинг УИХ тогтоодог. Тиймээс төрийн албан хаагчдын цалинтай адил нэмэгддэггүй. Тэглээ гээд цалингаа нэмүүлье гэж байгаагүй. Анхаарна биз дээ. Би улс төрөөс хол байсан гэж боддог. Үнэндээ надад шууд нөлөөлөхийг оролдсон нь үгүй. Гэхдээ бүх зүйл цагаан байгаагүй. Хичээсэн. Шүүх, хууль хяналтын байгууллага, газрын алба, гааль, татварынхан авлигад өртөх эрсдэлтэй байдаг. Шалгаж, тогтоосон нь ч бий.

Г.Уянга: -Авлигатай тэмцэх хүнд байна уу. Ер нь АТГ цаашид ажиллах хэрэг байна уу. Та бэрхшээлээс шантарсандаа ажлаа өгч байна. Таны цалин хэд вэ.

Н.Ганболд: -Миний цалин 1.4 сая. Цол, онцгой байдлын нэмэгдэлтэйгээ хоёр сая гаруй төгрөг авдаг. Авлигатай тэмцэх ажил тийм ч дардан биш. АТГ байх, эсэх нь улс төрийн шийдэл.

Л.Цог: -Цаашид АТГ-ыг бэхжүүлэх ёстой. Та бүхэн сайн ажилласан гэж боддог. Алдаа бий ч танд талархах ёстой.

Н.Алтанхуяг: -Та МАН-ын дарга М.Энхболдыг Улаанбаатарын захирагч байхад цагдаагийн байгууллагыг удирдаж байсан уу. Бас Л.Гансүхийг хэрэгт холбогдоход ч хамт байсан.

Н.Ганболд: -Би тэр үед нийслэлийн цагдаагийн байгууллагыг удирдаж ажилласан. Татварын асуудлаар шалгагдаж буй асуудлыг танд жич хэлье. Прокурорын зөвшөөрлөөр л ярьдаг юм.

Н.Алтанхуяг: -Намайг АН-ын дарга байхад таныг АТГ-ын даргаар томилсон. Та хоншоортой байж, хонгилын хаалгыг хааж чадаагүй. Харин ч нээдэг нь болсон. Та одоо үнэнийг хэлж чадахгүй. Хожим дурсамждаа үнэнийг бичээрэй. Бизнесийнхнийг цагдаа биш, та нар алсан. АТГ-ын Тамгын газрын дарга байсан хүн Ерөнхийлөгчид зөвлөж байна. Та нар ийм хонгил бий болгосон.

УРАН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.21.147 offshor