Ардчилсан намынхан ЭВЛЭРЧ ЧАДАХ УУ

2016 оны 04 сарын 15

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 16-нд хуралдах тов гарчээ. Үүгээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн баталж, хэрхэн оролцохоо ярилцах учиртай. Мөн намынхаа дүрэмд өөрчлөлт оруулах сурагтай. Гэхдээ ирц бүрдэж, хуралдаанаа хийж чадвал шүү дээ. Өмнө нь зарласан ҮЗХ хуралдаж чадаагүй. Тиймээс “ҮЗХ хуралдаж чадах уу, үгүй юү” гэсэн эргэлзээ бий болчихоод буй юм.

Улс төрийн намууд энэ сард багтаан сонгуульд оролцох, эсэхээ СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Үүний өмнө мөрийн хөтөлбөрөө баталж, бас бус асуудлаа шийдсэн байх нь чухал. Тиймээс яаж ийгээд ирцээ бүрдүүлэхээс аргагүй тул намын дарга З.Энхболд өчигдөр фракцуудынхаа тэргүүнүүдийг “зөвшилцлийн уулзалт”-ад урив. Өмнө нь фракц тус бүрээр уулзъя гэсэн ч тэд татгалзаж, бөөндөө суугаад ярилцах нь зөв гэсэн аж. АН-ынхан хоорондоо “дайн”-тай, нөхцөл байдал эвгүй байгаа учир дарга нь нэлээд ур чадвар гаргаж, нухацтай тохиролцоо хийх хэрэгтэй болж буй юм.

Н.АЛТАНХУЯГ БА Х.БАТТУЛГА

Одоогоор хамгийн их зөрчилтэй байгаа хүмүүс нь тэд. Ойрын үед “хохирогч”- оор тодроод буй хүн бол УИХ-ын гишүүн Х.Баттулга. Түүний туслахуудыг эрүүгийн хэрэгт шалгаж буй. “Баянгол” зочид буудалд байрлах хоёр ч компанид шалгалт хийж, бичиг баримтыг нь хураасан. Тусгайгийнхан олуулаа очиж дэврээсэн, Х.Баттулгыг саатуулах гэж байна хэмээн хардсан түүний талынхан хамгаалалтад гарав. Аль аль талдаа л сүржигнэчих шиг боллоо. Өөрийнх нь эргэн тойрны хүмүүсийг оролдоод, хориод буй учраас Х.Баттулга гишүүн тун ууртай байна. Тэрбээр УИХ-д сонгож болохгүй хүмүүсийг нам харгалзахгүй нэрлэсэн.

Мөн өнгөрсөн даваа гаригт бүлгийнхээ хуралдаан дээр “хуурай агсам” тавьж, гомдлоо хэлсэн аж. “Би Ардчилсан намыг муухай харагдуулаад байвал гарчихъя. Бие даагаад нэр дэвшихэд гараад л ирнэ” гэжээ. Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар эдийн засгийн томоохон бүлэглэлийн эсрэг дуугарч буй болохоор нь түүнийг оролдож байна хэмээх тайлбар бий. АН-ын дарга З.Энхболдын “Шонхор” фракц МоАХ-той найзархдаг. Тэрбээр Х.Баттулгыг тойрсон баривчилгааны дараа “Томилгоог би биш, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр л хийдэг шүү дээ” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ бол тэдний санаа нэг гэдгийн баталгаа.

Х.Баттулгын өмнө намынхандаа “тонгоруулсан” эрхэм бол Н.Алтанхуяг. Түүний Засгийн газрыг МоАХ болон “Шонхор” фракцынхан МАН-тай хүч хавсарч огцруулсан билээ. “Алтангадас” фракцын төлөөлөл болох гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийг буруутгасан мэдэгдэл хийгээд авсан. АН-ыг талцуулж, хуулийн байгууллагыг эрх ашгийнхаа төлөө ашиглаж, хуйвалдааны төр бий болгож буй хүмүүсийн нэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн тэр зарласан.

Энэ нь түүнийг Х.Баттулгатай “зовлон нэг” болгож, улмаар З.Энхболд тэднийг нэг тал мэт харагдуулж буй юм. Гэвч өөрийг нь огцруулсан эрхмүүдтэй тэр найзлахгүй, нэг тал болоогүй хэмээн эх сурвалж өгүүлэв. “Алтангадас” УИХ-д гуравхан төлөөлөлтэй үлдсэн ч ҮЗХ-ндоо гишүүн олонтой. ҮЗХ-ны ирц бүрдэхэд тус фракцын нөлөө их гэсэн үг. Тэгэхээр АН-ынхан ҮЗХ-гоо хуралдуулахын тулд энэ хоёр эрхэмтэй учраа олох хэрэгтэй болж байна. Өчигдөр үдээс хойш товлосон уулзалтаар чухам энэ л сэдвээр ярилцжээ.

ЗАСГИЙН ГАЗАР ХӨДЛӨХ ҮҮ

Өнгөрсөн даваа гаригийн АН-ын бүлгийн хурал дээр Х.Баттулга гишүүн “Сайд нараа татна” хэмээн ярьсан гэх. Цөс нь хөөрсөн гишүүн Л.Эрдэнэчимэг үүнийг нь олон нийтэд уламжлав. Тэрбээр “Цагдаагийн ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд томилдог. Уг байгууллагаас нэгжлэг, байцаалт хийлгээд байгаа. Тиймээс л Х.Баттулга гишүүн сайдуудаа татна гэж шаардсан. Ч.Сайханбилэгийн томилсон хүмүүс үгэнд нь орохгүй байгаа юм шиг байна лээ. Уг нь энэ асуудалд анхаарна гэж Ерөнхий сайд өөрөө амласан юм. Гэтэл асуудал шийдэгдэхгүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргыг огцруулахгүй бол сайдуудаа татаж, Засгийн газрыг огцруулах болно” хэмээн мэдэгдсэн. МоАХ бол нам биш, ердөө л АН-ын нэг фракц. Гэвч нэлээд нөлөөтэй. Хүсвэл нам доторх нэг фракц төр, засгаараа оролддог цаг ирсэн юмсанж. Уржигдар түүний фракцынхан Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг огцруулах уриалга гаргажээ.

Тэр ажлаа хийж чадахгүй байгаа учраас баривчилгаа, шалгалт гаарч, хүний эрх зөрчигдөж байна гээд өөрөө ажлаа өг гэв. Уг нь Д.Дорлигжав нь МоАХ-нд данстай байсан. Гэвч эдүгээ Ерөнхийлөгчийн талын хүн болоод буй учраас “хариу арга хэмжээ” авах гэж буй бололтой. Д.Дорлигжав ч бас яаж зүгээр байх вэ, хэдэн хүн хүссэний зоргоор огцрохгүй гэдгээ хэлжээ.

Ямартай ч МоАХ-ны зүгээс Цагдаагийн ерөнхий газрын даргыг сольж, Хууль зүйн сайдыг огцруулах шаардлага тавилаа гэж харж болох нь. Бас Х.Баттулгатай сүжрээд буй гишүүн Г.Уянга Ерөнхийлөгчид хариуцлага тооцох санаачилга гаргасан сурагтай. АТГ-ын дарга гэнэт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгсөн нь зүгээр нэг эрүүл мэндийн шалтгаан ч биш байх. Учир нь З.Энхболд, Х.Баттулга нар МАХН-ын дарга Н.Энхбаяртай утсаар ярилцаж, “АТГ-ын даргыг УИХ-аас санал болгож томилдог байх тохиролцоо хийсэн” гэх мэдээлэл хэвлэлээр гарлаа. Ерөнхийлөгчийг дарж авах тэдний төлөвлөгөө гэнэ.

Нэг талаар Төрийн тэргүүнийг “чадах” гэж буй гэх ч Х.Баттулгыг түүнтэй уулзаж, тохиролцсон гэх мэдээлэл бас гарав. Мөн өнгөрсөн оны тавдугаар сард Дээд шүүхэд бүртгэсэн Тусгаар тогтнол, эв нэгдэл хэмээх намын ард Х.Баттулга бий гэх мэдээлэл ч байна. Мань эр “Б” төлөвлөгөөгөө боловсруулчихсан юм биш үү. Ирэх сонгуульд сонгож болохгүй гишүүдийн нэрсийг зарлах үед баруун гарын хамгаалагч нь мэт зогсож байсан Г.Уянга энэ намд орохыг үгүйсгэх аргагүй.

Юутай ч ҮЗХ-ны хуралдаан болохоос өмнө АН-ын фракцууд учраа ололцохоор тохиролцоо, яриа хөөрөөгөө хийж эхэлжээ. Тохиролцож чадвал ҮЗХ хуралдана, товлосон асуудлуудаа хэлэлцэнэ. Хөшигний ард ямар наймаа явагдсаныг удахгүй мэдэх биз ээ.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.21.22 Tomor zamiin mongiig haashaa alga bolgochiw geed l ard tvmen Battulgaas asuugaad bna
122.201.21.22 Tomor zamiin mongo haana bna.Battulgaa eniig l heleed og
122.201.21.22 Tomor zamiin mongo
122.201.21.22 Battulga tavan tolgoin mongiig yasnaa haashaa hiisnee l tailbarlaad ugchuuch.buruugvu l gej bga ym bol shalguulaad neree sergeegeech.yagaad aigaad baahan tamirchin zaluusiig chireed bgan be
99.57.27.13 Uyngatai nillvel bur sain shuu
103.10.23.88 Баттулга өмнө нь АТГхэд хэдэн асуудлаар хэд хэдэн хүнийг шалгуулхаар өгч байсан хүн Гэтэл тэдгээр хулгайч эрх мэдэлтэй хүмүүсийг хамгаалаад шалгаагүй түүний хонзонгоор одоо Батталагруу дайрч байгаа болуу ухаад байвал цөм адилхан хулгайч нар
103.10.23.88 НЭГДЭНЭ ЭВЛЭНЭ ГЭДЭГ ХУЛГАЙЧ НАР ГАР ГАРААСАА ХӨТЛӨН ХАМТРАН ХУЛГАЙ ХИЙНЭ ХЭН ХЭНЭЭ ХАМГААЛАНА ГЭСЭН ҮГ ҮҮ ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН ЗАСАГЫН ГАЗАР БОЛ ЛУУХААН ХУЛГАЙЧ НАРЫН ГАР ХӨЛ БОЛСОН ЛУУХААН С БАЯРЦОГТ УДИРДАГЧТАЙ ЗАСАГЫН ГАЗАР
150.129.143.131 Maikal Korilina buyu Gengo Battulga mafizo uusgej baindaa
27.123.214.86 Нам ч гэждээ. Толгойгуй, тархигуй, лидергуй булэглэлуудийг Монголд нам гэж нэрлэнэ.
79.227.161.184 Uuriin erkh ashgiig turuus deeguur taviherch ednii hend ch baihgui.