Д.Эрдэнэбат: Хүнд аж үйлдвэр Монголын эдийн засгийн хөгжлийн түшиц байх болно

2016 оны 04 сарын 14

“Сайдын цаг” уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож тус салбарын бодлого, хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Засгийн газрын тогтоол гарч зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг өөрчилсөн. Төмс, хүнсний ногоо болон, эх орондоо үйлдвэрлэж буй хаалга, хавтан, модон эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг 20 хүртэл хувиар тогтоосон гэж сайд хэллээ. Мөн уул уурхай,  аж үйлдвэрийн салбарт шууд хэрэглэгддэг хөдөлмөр хамгааллын хувцас, гутал зэрэг бараанд импортын татварын зохицуулалт хийжээ.

Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын материал үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж, барилгын зарим нэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь нэмэгдэж байна. Цементээ дотооддоо бүрэн хангаж, экспортолж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор бетон хийцийн бүтээгдэхүүнд импортын татварын зохицуулалтыг Засгийн газрын 137 дугаар тогтоолоор хийжээ.  

Хүнд буюу суурь аж үйлдвэр Монголын эдийн засгийн хөгжлийн түшиц байх болно. Үүнтэй холбогдуулан хүнд үйлдвэрийг хөгжүүлэх алхмууд урагштай явж байгааг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах Засгийн газрын шийдвэр гарч, байршлыг тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 75 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жилд 2.3 сая тонн хүртэл хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний компанийн оролцоотой консорциумыг сонгох уралдаант шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдийг хүсэлтээ ирүүлэхийг Аж үйлдвэрийн яам урьжээ. Гаднын хөрөнгө оруулагч хамтарсан үндэсний дөрвөн консорциум уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлж, шалгаруулалтын материалаа авсан гэдгийг сайд онцоллоо. Мөн Дорнодоос Бор-Өндөрийн чиглэлд 540 км нефтийн хоолой дамжуулах ажлын тендер зарлахад бэлэн болсон гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД