С.ДЭМЧИГ: НИЙТЭЭРЭЭ АЛСЫГ ХАРСАН, ЗОРИГТОЙ ШИЙДЛҮҮДИЙГ ХИЙХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ

2016 оны 04 сарын 14

 

  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн С.Дэмчигийг энэ дугаарын “Чухал хүн” буландаа урьж, ярилцлаа.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг таныг хүмүүс эчнээ танина. Энэ удаагийн ярилцлагаа таны удам судраас эхэлье?

-Би Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын унаган хүү. Ханхөгшин овогт Чойнорын Сүхбаатарын гэр бүлд 1986 онд ууган хүү нь болон мэндэлсэн. Миний аав Өвөрхангай аймгийн Уянга сум, хуучнаар Ханхөгшин уулын хошууны хүн юм. Одоо ч авгын садан төрлүүд Ханхөгшин уулын энгэр бэлээр нутаглаж, хайрхан уулаараа овоглож яваа. Харин ээж Авирмэдийн Мягмар маань Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харъяат. Нагац талаасаа Илдэн Бэйлийн хошууны гарвалтай. Ийм л нутаг уснаас гаралтай гэр бүлд төрж, Өвөрхангай нутгаараа овоглож явна даа. -Бага нас тань Есөнзүйл суманд өнгөрсөн байх нь ээ? -Намайг бага ахуйд манайх гэдэг айл нүүдлийн шувууд шиг л байж. Олон ч суманд очиж амьдарч үзсэн байгаа юм. Хархорин суманд байлаа. Дараа нь 1992 оныг хүртэл Есөнзүйл сумандаа амьдарч байсан. Ээж минь бурхан болоход аав нутаг руугаа нүүдлийн цуваагаа хөтөлсөн байдаг. Ингээд Уянга суманд хоёр, Зүүнбаян-Улаанд долоо, Арвайхээрт нэг, Улаанбаатар хотод 2-3 жил амьдарсан. Хүүхэд насны маань дурсамж эдгээр газруудтай салшгүй холбоотой.

-Чухам яагаад ингэж нүүдлийн шувуу шиг сум дамжин амьдрах болов?

-Энэ бол амьдралын шаардлага, шалгуур байсан. Ээж маань бурхны оронд одоход манайх Уянга руу шилжсэн. Тэнд аав маань эмийн санч хийдэг байлаа. Харин яагаад Зүүнбаян-Улаан сум руу шилжсэн шалтгааныг би сайн мэддэггүй, ааваасаа ч асууж зовоодоггүй байсан. Ямартай ч Зүүнбаян-Улаан суманд аав бас эмийн санч хийж байсан. Харин Арвайхээрт амьдрах шалтгаан бол эгчийндээ сууж, сургуульд сурах. Тэндээсээ Улаанбаатарт ирэх болсон маань аавын бага дүүтэй холбоотой. Авга маань хотод багшилдаг байлаа. Тэднийх нялх хүүхэдтэй, харах хүнгүй учраас гэх мэтээр нүүх, шилжих болгонд ямар нэгэн шалтгаан байсан даа.

-Аав, ээжийнхээ тухай хуучлахгүй юу?

-Өвөө маань Инцоогийн Чойнор гэдэг хүн байлаа. Инцоо гэдэг хүн Өвөрхангай аймгийн Уянга сумын Тээл, Хүрэнтолгой хавиар нутаглаж байсан юм гэсэн. Түүний үр хүүхдүүд болох Хэнмэдэхэв, Бямбацэрэн, Гомбогив, Чойнор, хурандаа Лхагва гээд хүмүүс байсныг нутгийнхан одоо ч дурсдаг. Өвөөгийн хамгийн бага дүү Даваадулам эгч маань Арвайхээрт амьдардаг. Миний нэрийг өвөө маань хайрласан. Манай авга талд Дэмчиг гэдэг лам хүн байсан юм билээ. Бэлэн цэцэн, шулуун шударга үгтэй хүн учраас нутаг усныхандаа хүндлэгдсэн нэгэн байсан гэдэг. Тэр хүний нэрийг надад өгсөн хэрэг. Аав Анагаахын дунд сургуулийг төгсөөд, эмзүйн чиглэлээр насаараа ажилласан. Одоо ч ажиллаж байгаа. Харин ээжийн маань аавыг Авирмэд гэдэг. Авирмэд, Даржаа, Цэрэндаш гэдэг ах дүү гурав байсныг Есөнзүйл сумынхан мөн л мэднэ. Манай өвөө нэгдлийн адуу хариулдаг, адуучин хүн байлаа. Ээж минь газар зүйн багшаар ажиллахын зэрэгцээ олон нийтийн ажилд идэвхийлэн оролцдог байсан. Тухайлбал, сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн даргаар 1988 онд сонгогдож байсан юм билээ. Тухайн цаг үедээ залуусаа түүчээлж явсныг Есөнзүйлийнхэн одоо ч ярьдаг.

-Хүний амьдралын нэгэн чухал үе бол мэргэжил сонгох. Үүнд гэр бүлийнхэн нөлөөлөх гээд байдаг талтай. Мэргэжлээ хэрхэн сонгож байв?

-Би Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд аравдугаар анги төгсөөд, аймгийн төвд очиж элсэлтийн шалгалт өгсөн. Хэрэв тэнцэхгүй бол Солонгос явуулж ажил хийлгэх яриа ах дүү нарын дунд өрнөсөн тохиолдол ч байгаа юм. Гэхдээ нийгмийн тухай мэдлэг хичээлээр шалгалт өгч, хамгийн өндөр оноог авсан. Шууд хэлбэл нэгээр гарч ирсэн. Гэхдээ сургууль авах шийдвэрээ тэр дор нь гаргаж чадаагүй. Тэр үед МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хоёрхон хуваарь ирж таарсан. Нэг нь Олон улсын эрхзүйн анги. Олон улсын эрхзүйч гэхээр юу хийдэг юм бол гээд гайхаж байлаа. Тэгээд аймгийн шүүх дээр очиж хүмүүсээс “Олон улсын эрхзүйн ангийн хуваарь байна. Энэ ангид суралцвал төгсөөд ямар ажил хийх юм бол” гээд асуулаа. Гэтэл “дипломатч болно” гэж хүмүүс хариулсан юм. Ингээд энэ мэргэжлийг эзэмшсэн.

-Хэр сэргэлэн оюутан байв. Хөдөөнөөс ирсэн оюутнууд багагүй зүйлийг туулж байж дөрвөн жилийн ард гардаг шүү дээ?

-Би оюутны байранд суудаг байлаа. Бусдын л адил хичээл гэж гүйнэ, өлсөнө, цангана. Бид тасагтаа дөрвүүлээ. 25 кг-ын гурил авахад сар бололгүй л дуусчихна. Гэхдээ эргээд бодоход оюутан насны хамгийн жаргалтай өдрүүд оюутны дотуур байранд өнгөрчээ. Би нэлээд хөдөлгөөнтэй оюутан байсан. Хааяа оройгоор давхар сурдаг оюутнуудын курсийн ажил, диппломын ажлыг бичиж халаасныхаа мөнгийг олчихдог байлаа. Хичээл номынхоо хажуугаар эрдэм шинжилгээний хурал, оюутны холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Телевизийн реалити шоунд хүртэл оролцож байсан удаатай. Ер нь л оюутан нас маш сайхан, дурсамжаар дүүрэн өнгөрсөн.

-Ямар реалити шоунд оролцож байсан бэ. Уншигчдад сонирхуулаад яривал?

-Телевизийн реалити шоу гарч эхэлж байсан үе. МҮОНРТ-ээр гарч байсан “Амьдрал өөрөө саак” гэдэг шоуг бидний үеийн залуус мэднэ. Эхнийх нь өлсдөг, хоёр дахь нь цэрэгтэй холбоотой. Харин гурав дахь нь “Англиар ярих уу, яах уу” гэдэг реалити шоу байсан юм. Шоуны зорилго нь англи хэлний мэдлэг муутай хүмүүсийг цуглуулаад, сарын дотор хэн нь илүү ярьж сурахыг шалгаруулах байсан. Би тэр шоунд оролцоод түрүүлж байсан юм. Энэ шоунд орсноор олон зүйлд суралцсан гэж боддог.

-Шоунд оролцохын өмнө англи хэлний мэдлэг ямархуу байсан бэ?

-Их сургуулийн нэгдүгээр дамжаагаа төгсөөд эгчээсээ хэдэн төгрөг зээлж, “Нарантуул” дээр лангуу ажиллуулж байлаа. “Бидний үеийнхний сонирхох хувцсыг би л мэдэж сонгож чадна” гээд урагшаа бараанд явсан. Гэтэл намар хичээл орох болсон чинь зарим бараа нь сайн зарагдаад, зарим нь зарагдаагүй. Нэг орой гэртээ ороод иртэл зурагтаар “Нэг сарын дотор таныг англиар уйлуулж, дуулуулж, зүүдлүүлдэг болгоно” гэсэн зар явж байна. Тэгэхээр нь “Би энэ шоунд орчих уу” гээд тоглоомоор ярьж байгаад нэг өдөр бүртгүүлээд, орчихсон. Тухайн үедээ англиар сайн ярьж чаддаггүй байсан. Их ч шийтгүүлсэн дээ.

-Түрүүлснийг бодоход тухайн үед хамгийн сайн сурсан нь байж дээ?

-Би хэл суръя гэдэг чин сэтгэлтэй, зорилготой оролцсон. Тиймдээ ч бусдаас илүү сайн сурч, түрүүлж чадсан.

-“Нарантуул” дээр хувцас зараад зүтгэж явсан залуу өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргын албыг хашиж байна. Ямар хувь тохиолоор энэ албанд ажиллах болов?

-2007 онд нутгийнхаа хэсэг залуусын хамт “Хөгжлийн төлөөх оюутны төв” Өвөрхангай аймгийн оюутны холбоог байгуулсан. Бид нэгнээ мэддэг болох, хоорондоо нөхөрлөх, спорт, урлагаар өрсөлддөг байх, орон нутгийнхаа төлөө ажилладаг болох зэрэг зорилгын дор нэгдсэн юм. Үүнийг дагаад эрч хүчтэй залуусын нэгдэл бий болсон. 2008 оны сонгууль ойртож байсан цаг. Тэгэхэд оюутнуудыг сонгуулийн ажил хийхийг зөвшөөрдөг байсан юм. Тухайн үед нэр дэвшиж байгаа улстөрчдөөс одоогийн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригтыг дэмжиж ажилласан юм. Тэгэхэд би УИХ-ын Тамгын газарт дадлага хийчихсэн төгсөх курсын оюутан байлаа. Нэг өдөр Д.Зоригт сайд миний туслахаар ажиллаач гэсэн. Тэр хүсэлтийн дагуу дөрвөн жил туслахаар нь ажиллаж байлаа. Харин 2012 оны сонгуулийн дараа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллах санал ирсэн. Хариуцлагатай ажилд итгэл хүлээлгэсэн учир ажиллаж байна. Ер нь хүн өөрөө зөв хандлагатай, зөв харилцаатай, зөв зорилготой байваас үргэлж сайхан зүйл дагаж явдаг юм байна. -Хүн төлөвшихөд гэр бүлийн хүмүүжил чухал...-Ээж маань намайг гурван настай байх үеэс эхлээд миний талаар тэмдэглэл хөтөлж, үлдээсэн. Тэр тэмдэглэлд “миний хүү сайн хүн болоорой” гэх зэрэг захиасууд байдаг. Ээжийн минь захиа, захиас миний амьдралд ихээхэн урам зориг өгдөг. Түүгээр л би ирлэгдэж, хурцлагдаж өдий зэрэгт хүрсэн.

-Өөрийг тань Д.Зоригт гишүүний хүн гэж ярьдаг?

-Би Д.Зоригт гишүүний туслахаар ажиллаж байхдаа түүнээс их зүйл сурсан. Д.Зоригт гишүүн Өвөрхангай аймгийн хөрөнгө оруулалтын болон бодлогын бусад олон асуудлыг УИХ-д оруулж, шийдүүлэхийн зэрэгцээ улс орны өмнө тулгамдсан асуудлуудад санаачлагатай ажилладаг гишүүдийн нэг. Гэхдээ хийсэн ажлаа хангалттай сурталчлаагүй байж мэднэ. Миний ажлын гараа Д.Зоригт гишүүнтэй холбоотой учраас түүнийг би хүндэтгэж явдаг.

-Монголчууд төрийн ажлыг настай, туршлагатай, буурь суусан хүн хийх ёстой гэдэг. Та залуу хүний хувьд мөн УИХ дахь олонхийн бүлгийн ажлын албыг ахалж байгаагийн хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Би төрийн ажлыг мэргэшсэн хүмүүс хийх ёстой гэсэн бодолтой байдаг. Миний хувьд УИХ-ын Тамгын газарт 10-аад жил ажиллаж байна. Ер нь нас тогтсон, туршлагатай байх ёстой гэдэг туйлширсан хандлага бий. Гэхдээ өөрчлөлт, шинэчлэлийг залуучууд л хийсээр ирсэн харагддаг. 1921 оны ардын хувьсгал, ардчилсан хувьгалыг хийсэн хүмүүс бүгд залуучууд байсан. Ажлын ачаалал даах, ажлыг эрч хүчтэй хийх үе бол залуу нас шүү дээ. -Өөрийг чинь хараад байхад их завгүй байдаг.

Өвөрхангай аймгийн бөхийн холбоо, морин спортын холбооны ажилд идэвхтэй оролцдог бололтой?

-Би хөдөөний хүүхэд. Миний өвөг дээдэс бүгд адуучин хүмүүс. Хүүхэд нас минь морин дэл дээр өнгөрсөн гэж хэлэхэд болно. Зуны амралтаараа өвөөгийндөө очиж даага сургаж, хурдан морь унадаг байлаа. Тэр ч утгаараа багаасаа л уяач болохыг мөрөөддөг байсан. Мөрөөдлөө одоог хүртэл орхиогүй учраас уяачдаа дэмжиж ажилладаг. Адууны хийморь сайхан шүү дээ. Тэгээд ч наадмаар сойсон морио давхиж ирэхийг харах сайхан байдаг юм. Мориор дамжуулан уяачдаа урамшуулах, холбоодыг нь дэмжих замаар үндэсний уламжлалт өв соёлоо хамгаалахад хувь нэмрээ оруулж чадах юм байна гэсэн итгэл үнэмшлээр сүүлийн гурван жилийн турш “Арвагар хээр” морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна. Бөхийн тухайд монголчууд ихэнх нь барилдаж, ноцолддог ард түмэн. Би ч ялгаагүй бөхийн спортод сонирхолтой. Энэ утгаараа аймгийнхаа залуу бөхчүүдтэй нөхөрлөж, чадах чинээгээрээ сэтгэл зүрхээрээ дэмждэг. Сонирхуулахад, бас Монголын туялзуур сэлэмний холбооны удирдах бүрэлдэхүүнд бас бий. -Одоо өөрийг чинь улстөрч гэж хэлж болно.

Залуу улстөрч хүний хувьд хамгийн түрүүнд өөрчилж, шинэчлэхийг хүсч явдаг зүйл юу вэ?

-Өөрчлөх зүйл их байна. Нэгдүгээрт, засаглалын хувьд засч залруулах зүйлүүд байгааг одоогийн төрийн тогтолцоо харуулж байна. Хоёрдугаарт, Монгол Улс төсөв, эдийн засгийн бодлогодоо шинэчлэл хийх шаардлага байгаа. Гуравдугаарт, хуулийн засаглалыг бэхжүүлэх. Хамгийн гол нь бид нийтээрээ алсыг харсан, зоригтой шийдлүүдийг хийх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Үүний тулд туулж ирсэн сэтгэлгээнээсээ салаасай гэж би боддог. -Ямар сэтгэлгээ? -Бид бүгдээрээ л мэдэж байгаа. Үе үеийн УИХ-ын гишүүд, эрх баригчид нь зөвхөн ард түмэнд таалагдахын төлөө улайрдаг нь улс төрөө эн тэргүүнд тавьж байна гэсэн үг. Бид улстөрчдөө сонгохдоо ч гэсэн хариуцлагатай байх цаг нь болсон. Улс эх орныхоо хэтийн хөгжлийг нэгдүгээрт тавьж ажиллах цаг нь мөн ирсэн. Эдгээр шинэчлэлийг хөгжүүлж эхлэхэд залуус бид болоогүй, цаг нь биш гээд зугатаад байвал Монголын ирээдүйг хэн авч явах вэ. Залуустаа итгэл хүлээлгэх цаг болсон.

 


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.162.218 Залуучуудад боломж олгох хэрэгтэй. Тэд чадна. Дэмчиг чадна.