Монгол Улсын төсөв 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

2016 оны 04 сарын 13

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний улирлын үзүүлэлтийг танилцууллаа.

Экспорт 11 хувиар буурсан байна

Монгол Улс эхний улиралд дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1558.0 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 959.0 сая ам.доллар, импорт 599.1 сая ам.доллар болсон байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 221.4 сая ам.доллар болжээ. Эхний улиралд  экспорт 118.8 сая ам.доллар буюу 11.0 хувиар, импорт 102.7 сая ам.доллар буюу 14.6 хувиар буурсан хэмээн статистикчид онцоллоо. Харин гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний улиралд 376.0 сая ам.доллларын ашигтай байсан бол 2016 он гарсаар 359.9 сая ам.доллар болсон байна.

Хүнсний бүлгийн бараа бүтээгдэхүүний дүн 2.4 хувиар өсчээ

Гуравдугаар сард инфляци өмнөх сараас дунджаар 0.5 хувийн өсөлттэй гарчээ. Өнгөрсөн жилийн үзүүлэлттэй харьцуулбал нийт 1.7 орчим хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хүнсний бүлгийн бараа бүтээгдэхүүний дүн 2.4 хувийн өсөлттэй гарсан бөгөөд махны үнэ өмнөх сараас 1000 орчим төгрөгөөр өсчээ.

                         Орлогоос давсан зардал улсын төсвийг алдагдалд хүргэжээ

 Эхний улирлын байдлаар төсвийн орлого 1.1 их наяд төгрөг байсан бол зардал  1.7 их наяд төгрөг  болжээ. Тухайлбал татварын орлого өмнөх жилийн мөн үеэс 120 тэрбум төгрөгөөр буурсан байна. Ийнхүү орлогоос давсан зарлагаас болж улсын төсөв 616 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Эл алдагдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4.2 дахин нэмэгдсэн гэсэн тооцоо гарсан байна. Тодруулбал төсвийн бүрдэлт 11 хувийн бууралттай гарсан бол зарлага 25 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД