Д.ОНОН: ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЯРИХААР БИДНИЙГ НОГООН ХЭНЭЭТНҮҮД ГЭЖ ЁЖИЛДОГ

2016 оны 04 сарын 12

“Органик Монгол” хөтөлбөр, хөдөлгөөний үндэсний зохицуулагч Д.Ононтой ярилцлаа.

-“Органик Монгол” хөтөлбөрийг яагаад санаачлах болсон түүхээс яриагаа эхэлье.

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын санаачилгаар тус хөтөлбөрийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Манай хөтөлбөр бол нийгмийн хариуцлагын ажил. Тийм ч учраас олон байгууллагыг эгнээндээ нэгтгэж, тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр өдий хүртэл амжилттай явж байна. “Органик Монгол” хөтөлбөр нь Монгол Улсын ногоон хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Энэ бол ирээдүйн хөгжлийн чиг хандлага юм.

Газар доорх баялгаа ухаж малтаад, түүнээс олсон мөнгөөрөө сайн сайхан амьдрал цогцлооно гэдэг үзэл, хандлага бол түр зуурынх. Үүнээс чухал зүйл бол байгальд ээлтэй амьдрал бий болгож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжүүлэн, Монгол Улсад хүнсний аюулгүй байдлын тусгаар тогтнол бий болгох юм. Бид хувцас өмсөхгүйгээр, үнэтэй байр, машинд тухлахгүйгээр амьдарч чадна. Боловсрол, эрх мэдэл, албан тушаалгүй ч амьдарна. Харин хоол хүнс, цэвэр агаар, усгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ.

Монгол үндэстний оршин тогтнох үндэс, хамгийн чухал салбар бол хөдөө аж ахуй, байгаль орчин гэдгийг бид умартах ёсгүй. Бидний энэ их хичээл зүтгэл, хөдөлмөрийн эцсийн зорилго нь үр хүүхдийнхээ ирээдүйг хамгаалахын төлөөх тэмцэл юм.

-Энэ хөтөлбөр хэрэгжээд чамгүй хугацааг үджээ. Та бүхэн зорьсондоо хүрч чадсан уу. Хийхээр төлөвлөсөн ажлуудын үр дүн гарав уу?

-Бид энэ хугацаанд “Органик Монгол” бичил зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж, олон хүнд тус дэм болсон. Хөдөө аж ахуйн салбарт жижиг, дунд бизнес эрхлэгч, өрхийн аж ахуй эрхлэгч, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг санхүүгийн уян хатан нөхцөл, боломжоор хангах зорилгоор бичил зээлийн хөтөлбөрийг анх санаачилсан. Ингэснээр хөдөө аж ахуйн салбарт итгэх банкны итгэл үнэмшлийг бий болгосон. Үүнтэй холбогдуулан бүх банк “Хөдөө аж ахуйн салбарыг хэрхэн тогтвортой, санхүүгийн нөхцөлөөр дэмжих вэ” гэдэгт анхаарч байна.

Банкууд нийлээд байгальд ээлтэй салбаруудын зээлдэгч нарыг дэмжих бодлогын TOS хөтөлбөр санаачлан боловсруулж байна. Мөн манай улс олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүдээс органик брэнд бүтээгдэхүүн, эко үйлдвэрлэлд хөрөнгө босгох боломж бүрдэж буй. Энэ бүхэнд бидний оролцоо, нөлөөлөл бага ч гэсэн бий гэж бодож байна.

Манай бичил зээлийн сан зарим төсөл, хөтөлбөрийн санхүүжилттэй харьцуулахад дусал мэт өчүүхэн. Гэхдээ бид түүгээр 5000 гаруй хүний амьжиргааг сайжруулж, 600 гаруй төсөл хэрэгжүүлсэн байна. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт.

Цаашид эрүүл, органик хүнсний хэрэглээг нэмэгдүүлж, хүнсний хараат байдлаас гарна. Үүний тулд ногоон ажлын байр, орчин, боловсрол, дадал зуршил, ногоон иргэн, хороо, айл гээд янз бүрийн санаачилга хэрэгжүүлсээр байгаа.

-Ямар шалгуураар, хэчнээн төгрөгийн санхүүжилт олгодог вэ. Эзнээ олсон, эсэхэд хяналт тавьдаг уу?

-Манайх 550 сая төгрөгийн бичил зээлийн сантай. Сард тав хүрэхгүй сая төгрөгийн төсөвтэй. Тэр мөнгөөр бид бусад төсөл, хөтөлбөрөөс хоёр дахин илүү зүйл хийж байна. Ганцхан жишээ татахад, олон улсын нэг байгууллагын ганцхан машины жилийн төсөвт зардал 20 гаруй сая төгрөг байдаг шүү дээ.

Хэчнээн төсөл шалгаруулалтад өрсөлдөж буйгаас хамаараад хэдэн хүнд зээл олгохоо шийддэг. Төслийн шалгаруулалтаа ил тод, шударга зарчмаар явуулах үүднээс дэмжих, дэмжихгүйгээ шууд хэлчихдэг. Хамгийн чухал шалгуур нь байгальд ээлтэй, зөв зохистой үйл ажиллагаа эрхлэгч байх. Үүнийг тодорхойлохын тулд газар дээр нь очиж танилцдаг.

Манай төсөл төр, засгийн зүгээс хэрэгжүүлж буй бусад төсөл, хөтөлбөртэй зорилго нэгтэй ч бид зөв хүнд нь, зөв цагт нь тусалчих юм сан гэж хичээдэг. Үнэндээ бол төр, засгийг юм хийж өгөхийг харж, хүлээвэл үр дүн төдийлөн гарахгүй болов уу. Тиймээс өөрт буй нөхцөл, боломжоо ашиглаж сурах хэрэгтэй.

Өнөөгийн нийгмийн гол алдаа дутагдал нь мөнгө олдог биш, үрдэг салбарт хөрөнгө их зарж буйд л байгаа юм. Дэлхийн олон орон байгаль дэлхийдээ хайр гамгүй хандсандаа амаа барьж, оройтсон борооны хойноос цув нөмөрч байна. Харин бид оройтоогүй. Тийм учраас өстэй юм шиг байгаль руугаа дайрдгаа больцгооё.

-“Алтан дээр суусан гуйлгачид” гэж цоллуулсандаа хорссон юм шиг л баялгаа цөлмөж, газар шороогоо сэндийчиж эхэлсэн. Өөрт буй боломжоо зөв ашиглан, тархиа зөв ажиллуулж чаддаггүйг минь хэлсэн гэж ойлгодог. Хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлээр чамгүй судалгаа хийсэн хүний хувьд та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Асар их мөнгөний эх үүсвэр болдог уул уурхайн ордуудаа зөв төлөвлөгөөтэйгөөр ашигладаг, дараа нь нөхөн сэргээж, ургуулах ширхэг мод, сөөм өвсийг ч төлөвлөчихсөн хөгжингүй орнууд бий. Нутагшуулах амьтдыг нь хүртэл урьдчилаад сонгочихсон байдаг. Жирийн нэг уурхай байсан газрыг тордоод аялал жуулчлалын бүс нутаг болгочихсон байх жишээтэй. Үүнийг л манай улс анхнаас нь зөв суурьтайгаар хэрэгжүүлэх ёстой байсныг уул уурхайн мундаг экспертүүд ярьдаг.

Засаж, залруулах боломж одоо ч бий. Энд тэндгүй лиценз олгож, нүх ухаад байх биш, цөөн хэдэн ордоо ашиглах хэрэгтэй. Газар тариалан, мал аж ахуйд суурилсан жижиг, дунд үйлдвэрт хөрөнгө оруулдаг механизм бүрдчихвэл их зөв гэж боддог. Олж харахыг л хүсэхгүй байгаа болохоос бидэнд маш олон боломж бий.

-“Органик Монгол”-чууд байгальд ээлтэй олон үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Өнөөгийн хүмүүсийн экологийн боловсрол ямар түвшинд байна вэ?

-Монголчууд асар баялаг эко дадал зуршилтай, дэлхийд ховорхон үндэстэн. Гадсаа сугалахдаа нүхийг нь бөглөдөг, зүлгэн дээр хамаагүй гишгэдэггүй, нялх ногоог тасалж, зулгаадаггүй, булаг шанд руу сүү, цагаан идээ оруулахыг цээрлэдэг ард түмэн дэлхийн хаана ч байхгүй. Өвөг дээдэс маань энэ бүх боловсролыг бидэнд өвлүүлсэн. Гэтэл өнөөдөр энэ бүхэн утгаа алдчихлаа. Экологийн боловсрол ярихаар биднийг ногоон хэнээтнүүд гэж ёжилдог.

Бид амьдралынхаа алхам бүртээ байгаль эхээ хайрлах хэрэгтэй. Түгжрэлд бухимдаж, дуут дохио дуугаргахын оронд машинаа хаа нэг боломжтой газар байрлуулж, алхаад ажлаа амжуулах хэрэгтэй. Энэ чинь л эко дадал зуршил. Ядаж л цахилгаан шатны хэрэглээнээс татгалзаж, эрчим хүч хэмнэ. Ингэснээр агаарын бохирдол, хүлэмжийн хийг багасгахад бага ч болов хувь нэмрээ оруулна. Эрүүл мэндэд ч тустай. Байгальд ээлтэй амьдарна гэхээр л мод, зүлэг тарих ёстой гэж боддог.

Энэ бол харагдах “самбар” нь. Техник технологийн өндөр хөгжилтэй гэдгээ гайхдаг хэрнээ зузаан зузаанаар нь цаас хэвлэх хэрэгтэй юм уу. Би гайхдаг. Яах гэж, юуны тулд компьютер, гар утас ашиглаад байгаа юм. Үүнийг ч гэсэн бодох л хэрэгтэй. Энэ бүхнийг ухааруулж, ойлгуулахын тулд бид сургалт явуулдаг.

-Экологийн боловсрол олгох сургалтад хэд орчим насны хүмүүс идэвхтэй хамрагдаж байна вэ?

-Хөдөө аж ахуй болон газар тариалан эрхлэгчид, албан байгууллагууд, өсвөр насны хүүхдүүд, оюутнууд, цэцэрлэгийнхэн гээд бүх насныхныг сургалтдаа хамруулахыг хичээдэг. Сургалтаа танхимд бус, гарт нь бариулж, хамраар нь үнэрлүүлэн, илүү бодит байдлаар явуулахыг хичээдэг. Энэ аян, хөтөлбөр жил, сараар хэмжигдээд дуусах биш, монгол үндэстний байнгын хөтөлбөр байгаасай гэж хүсэж байна.

-Уул уурхайн үйлдвэрлэл идэвхтэй явуулдаг бүс нутгуудад энэ сургалтаа явуулбал илүү үр дүнтэй байх болов уу. Та бүхний дуу хоолой орон нутагт хүрч чаддаг уу?

-Цөөхөн аймагт ажилладаг. Болдог бол бүх аймаг, суманд бидний дуу хоолой хүрээсэй гэж хүсдэг ч санхүү, хүн хүч дутмаг байна. Улсын хэмжээнд ногоон давалгаа үүсгэчихье гэдэг том зорилго бий. Үүнд хүн бүр чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулаасай. Би иргэнийхээ хувьд улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахын тулд залуу нас, цаг зав, сэтгэл зүрхээ зориулж яваа. Гэр бүлийнхэн маань ч үүнд нэгдсэн.

-Органик хүнсний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ. Ямар бодлого баримтлах нь зүйтэй юм бол?

-Органик гэдэг үгийг монгол хэл рүү хөрвүүлбэл аминлаг гэсэн утгатай. Амьд, амьтай хүнс гэсэн үг. Аминлаг хүнс амьд орчноос л ургана. Амьд орчин гэдэг нь байгалийн цэвэр, экологийн бохирдолгүй орчин. Манай хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр органик хүнсний импорт нэмэгдсэн нь ажиглагдаж байна. Органик хүнс гэж юу байдаг талаарх ойлголтыг хүмүүс ямар нэг хэмжээгээр авсантай холбоотой байх. Дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний ихэнх нь органик. Үүнийг хордуулахгүй байхын тулд, энэ хэвээр хадгалахын тулд бид ямар бодлого баримтлахаа л ярих ёстой.

Тийм учраас яалт ч үгүй төрийн бодлого, хууль, эрх зүйн орчин хэрэгтэй. Ийм орчин нь Органик хүнсний тухай хууль болно. Цаашид органик хүнсний хууль, органик бордооны хууль зэрэг маш олон хууль гарах байх гэж бодож байна. Тийм шаардлага ч бий. Хөдөө аж ахуйн салбарын гол бодлого нь органик, 50, 100 жилийн цаадахыг харсан байх ёстой. Үүний тулд органик хүнс үйлдвэрлэх боломжтой бүс нутгуудыг хамгаалах хэрэгтэй. Тухайн бүс нутгуудад уул уурхайн үйлдвэрлэл явуулах ёсгүй. Бид энэ асуудалд дуу хоолойгоо өргөнө.

-Энэ онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Ногоон боловсролын дадал, эрүүл, зөв амьдрал, ногоон орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна. Орон нутагт органик брэндийн сүлжээ үүсгэх ажлын эхлэлийг энэ жил тавина. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд түүнийгээ хэрхэн хүмүүст хүргэх вэ гэж шаналж суух биш, хэрэглэгч захиалгаа өгсний дагуу үйлдвэрлэдэг тогтолцоо руу шилжүүлэхийг зорьж байна. Мөн олон улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжихэд чадах чинээгээрээ туслах төлөвлөгөөтэй.

Хөтөлбөр маань ил тод, шударга зарчмаар монгол түмний нийтлэг эрх ашгийн төлөө чиглэж буй учраас үүнд хүн бүхэн нэгдэх боломжтой. Манай байгууллага дээр ирээд санал хүсэлт тавибал бид дуртайяа дэмжинэ. Бидэнд мөнгө, боломж байхгүй гэж хойш суухгүй.  

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.169.48.142 Uul n mash zov, mash chuhal asuudal yumdaa. Medeelliin erin uyed amidarj baij bid yag heregtei chuhal medeellee avch chadahgui l baina. Baiguullaga huvi hun olnooroo demjin hamtran ajillaasai. Organic Mongol hotolbort ajliin amjilt huseye.
178.197.228.211 Hyn yum yariuldaggui hyyhen bn lee ene Onon, ter hural chuglaan deer sanaa onoo solilchoh bolomjgui, uuriiguu l reklamdaad baina...