Нийслэлийн АН-ын хийсэн ажилд иргэд үнэлгээ өгчээ

2016 оны 04 сарын 11

Ардчилсан нам анхдугаар хуралдаанаа хийж, нэг намын тогтолцоог халсны 26 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиолоо. Уг хуралдаанд 865 төлөөлөгч оролцож, ардчилал, шударга ёс, эрх чөлөөний зарчмыг тунхаглаж байжээ. Ойн өдрөө тохиолдуулж нийслэлийн АН-аас өнгөрсөн бямба гаригт “Улаанбаатарын хавар” баярын хурлыг Буян-Ухаа спорт цогцолборт зохион байгуулав. Уг арга хэмжээнд тус намын орон нутаг болон дүүргийн төлөөлөл, дэмжигч 6000 хүн оролцсон. АН-ын дарга З.Энхболд, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй удирдлага нь гишүүддээ баяр хүргэж, үг хэлсэн.

Энэ өдөр зөвхөн баярлах биш, хийснээ дүгнэж, хийх ажлаа тодорхойлох ёстойг тэд ярьж байв. З.Энхболд “Иргэдээ өмчтэй, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байх ардчилсан тогтолцоог бид бий болгож чадсан. Одоо үүнийгээ бэхжүүлэхээр ажиллаж байна. 2012 оноос хойших дөрвөн жилд бид бүтээн байгуулалтын олон ажил хийсэн. Үр дүн нь ирээдүйд харагдах бат суурийг тавилаа. Энэ бол эхлэл” хэмээн онцлоод орон сууцны найман хувийн зээлд 78 мянган иргэнийг хамруулж, 2.5 сая ам метр байр шинээр ашиглалтад оруулсан гэв. Эдгээр бүтээн байгуулалтын ихэнх нь нийслэлд төвлөрч буй юм.

Тэрбээр “Э.Бат-Үүлээр ахлуулсан баг шинээр 84 км авто зам барьж, 176 км замыг засварлалаа. Дөрөв дахин богино хугацаанд дөрөв дахин их ажил хийжээ. “Гудамж” төсөл хэрэгжүүлж, нийслэлийн авто замын түгжрэлийг буурууллаа, “Чингис” бондын хөрөнгөөр ТЭЦ III, IV-ийг өргөтгөж, “Амгалан” дулааны станцыг шинээр ашиглалтад орууллаа” гэх мэтээр хийсэн ажлаасаа танилцуулсан. Амжилттай ажилласан нийслэлийн АН-д тус намын хамгийн том шагнал болох Эрх чөлөөний одонг намын дарга нь гардуулж, туганд нь зүүж өгсөн юм.

Нийслэлийн АН-аас өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа иргэдээр дүгнүүлэхээр санал асуулга явуулж, 300 гаруй мянган өрхийг хамруулсан аж. Энэ судалгааны урьдчилсан дүнг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга танилцуулсан. Гол есөн ажил дээр л иргэдийн саналыг авсан юм байна. “Гудамж” төслийн хүрээнд зам, уулзваруудыг шинэчилж, түгжрэл бууруулах ажлыг судалгаанд оролцсон иргэдийн 60 хувь нь дэмжсэн гэнэ. Машиныг дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг ч иргэд мөн ийм хувиар дэмжжээ. Хоёрдугаарт, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэд онцолж асуусан байна.

Уг ажилд нийт 40 компани оролцож буйгаас 22 нь идэвхтэй ажиллаж байгаа аж. 5-6 компанийн үйл ажиллагаа хүндхэн байгааг Д.Баттулга дарга нуусангүй. Бусад нь зураг төсөл боловсруулж буй юм. Тэрбээр “Иргэд манай дүүргийг хэзээ энэ төлөвлөлтөд хамруулах юм бэ” гэж их асуусан байна. Нийгэмд хүлээлт үүсчээ” гэв. Судалгаанд оролцогчид Түрээсийн орон сууц хөтөлбөрийг 51, ухаалаг карттай нийтийн тээвэртэй болсныг 55, “Авлигагүй Улаанбаатар” төрийн нэг цэгийн үйлчилгээг 62, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг 53, “Найрсаг Улаанбаатар” аялал жуулчлалыг дэмжих цогц хөтөлбөрийг 49, цахим газар олголтыг 59 хувиар дэмжсэн байна.

Мөн дөрвөн жилд 96 сургууль, цэцэрлэг барьсныг иргэд сайшаажээ. Тэрбээр “Бидний ажилд иргэд хангалттай сайн дүн тавьжээ. Гэхдээ ингээд л болчихгүй. Хийх ажил маш их байна, зорьсноо бүтээхийн төлөө үргэлжлүүлэн ажиллана” хэмээв.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД