Т.ЧОЙЖИЛСҮРЭН: СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ БАЙХАД ЮУГ Ч БҮТЭЭДЭГ ЮМ

2016 оны 04 сарын 08

“Гарьд магнай” кинонд “Яагаад заавал миний бөхийг ах дүүсээр нь дээрэлхэж, очиж очиж энэ муу хав хүрз шиг хар хүү олны өмнө дахин дахин унагаж байгаа юм. Би энэ наадмыг үзэхгүй ээ” хэмээн ширэв татан босож явдаг Дондогдулам хатны дүрийг монголчууд андахгүй. Энэхүү дүрээрээ үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн Гавьяат жүжигчин Т.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

-Дэлгэцийн уран бүтээлд эзнээ олсон дүр хэдхэн секунд үзэгдээд өнгөрсөн ч үзэгчдийн сэтгэлд хүрдгийн тод жишээ бол таны Богдын хатны дүр. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар найруулагч чухам ямар шалгуураар таныг сонгосон юм бол?

-Хэдхэн хором үзэгдээд өнгөрдөг дүр үзэгчдийн сэтгэлд хүрнэ гэдэг жүжигчнээс гадна найруулагчийн ур чадвараас их шалтгаалдаг. Тоглосон кино, жүжгүүдээс минь Богдын хатны дүрийг хүмүүс сайн мэддэг. Найруулагч энэ дүрд шалгаруулалт явуулалгүй, намайг шууд сонгосон. Миний төрх, байгаа байдал Ж.Бунтар найруулагчийн төсөөлж байсан Дондогдулам хатантай ерөнхийдөө төстэй байсан юм болов уу гэж боддог.

40 гаруй настайдаа энэ дүрд тоглосон. Богд хааны тухай ихэнх кинонд хатан нь налайгаад л сууж байдаг. Миний тоглосон Дондогдулам арай өөр. Эрх танхи, ихэмсэг хатны дүр. “Эх дагина гэдгийг ихэмсэг дагина гэж ойлгоорой” хэмээн найруулагч зөвлөсөн. Тийм л дүр гаргахыг хичээсэн. Ер нь “Гарьд магнай” киноны дүрүүд үзэгчдийн сэтгэлд их хүрсэн.

Гавьяат жүжигчин Б.Магсаржавыг харахад л Равсалын дүр хамгийн түрүүнд санагддаг байх. Мөн гол баатар Д.Батдорж байна. Жүжигчин биш ч Далайцэрэнгийн дүрийг сайн бүтээсэн.

-Таныг Чойжилсүрэн гэхээс илүү Богдын хатан, Дондогдулам гэж дууддаг хүн олон байх. Тийм үү?

-Тийм шүү. Нэг удаа сувилалд хамт амарч байсан хүн намайг Дондогдулам гэж дуудаад болдоггүй. Тэгэхээр нь “Миний нэрийг Чойжилсүрэн гэдэг. Дондогдулам чинь миний тоглосон киноны дүр байхгүй юү” гэтэл “Өө, хүмүүс чамайг “Энэ нөгөө Дондогдулам байна ш дээ” гээд байсан шүү дээ” гэсэн. Мөн нэг удаа зам хөндлөн гарах гэж байтал дэргэд машин ирж зогсоод, жолооч нь “Эгч ээ, та Богдын хатан, тийм ээ” гэж байна. “Тийм ээ” гэлээ.

Тэгсэн машинд явж байсан хүүхдүүдийн зарим нь намайг “Богдын хатанд тоглосон хүн мөн”, “Биш” гээд маргалдаж, мөрийцсөн юм гэнэ. Би залуудаа Улсын наадам олон үзээгүй. Ихэнхдээ л тоглолттой, завгүй байсан. Гавьяаныхаа амралтад сууснаас хойш бол ч бараг алгасаагүй. Хэдэн жилийн өмнө наадмын үеэр Төв цэнгэлдэхээс гараад явж байтал нэг залуу “Та, “Би энэ наадмыг үзэхгүй ээ” гээд гараад явж байна уу” гэж хошигносон. Энэ мэт хөгтэй юм их тохиолддог шүү.

Намайг олон түмэнд алдаршуулсан энэ дүрдээ их хайртай. Заримдаа төрийн хатан хүний нэрээр дуудуулаад байж болдог юм болов уу гэж эмээдэг.

-Та сайхан дуулдаг. Хүүхэд, залуучуудын театрынхан таныг алтан гургалдай гэдэг байсан гэл үү?

-Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байхдаа “Баавгай дуулах уу” жүжгийн алтан гургалдайн дууг дуулсан юм. Тэгээд л нэг хэсэг тэгэж дууддаг байсан. Ховд аймгийн Хөгжимт драмын театрт байхдаа “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Нансалмаад тоглож байлаа. Дуулах ур чадвар шаардсан цөөнгүй бүтээлд тоглосон.

Мөн “Далан худалч”, “Урагшлах зам”, “Хүний бодол өөр болжээ”, “Ялалтын жигүүр”, “Хүү”, “Ээждээ л үнсүүлэх юм сан”, “Гэр бүлийн асуудал”, “Зарлаагүй дайны оршил” зэрэг тайз, дэлгэцийн 100 гаруй бүтээлд гол ба туслах дүр бүтээжээ. Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин болохоор ихэнхдээ хүүхэд, амьтны дүрд тоглодог байлаа. Театр хаалгаа барьж, хамт олноос минь одоо хэдхэн буурай л үлдлээ.

-Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар танд зориулж “Эмээгийн бор авдар” гэдэг жүжиг бичсэн гэсэн үү?

-Тийм ээ. Надад зориулж, зохиол бичсэн нь нэр төрийн хэрэг. Өргөмөл хүүтэй нэг эмээгийн тухай жүжиг л дээ. Бүтээсэн даруйд нь зурагтаар нэлээд гаргасан даа.

-Та уран бүтээлийнхээ гарааг Ховдын Хөгжимт драмын театраас эхэлсэн. Тэнд хэр удаан ажилласан бэ?

-Би Завхан аймгийн Идэр сумын хүн. Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг шиг нөхрөө дагаад Ховдод очсон. Завханд байхдаа театрт нь сайн дурын уран сайханч байсан болохоор Л.Ванган багш намайг Ховдын театрт хөтөлж оруулсан юм. Амьдрал, уран бүтээл минь тэндээс л эхэлсэн. 10 шахам жил тэнд амьдраад бас л нөхрөө дагаад хотод ирсэн. Манай нөхөр эмч хүн байсан.


-Таны нөхрийг урлагийн хүн байсан гэж дуулсан. Үгүй юм уу?

-Амьдрал эрээн бараантай шүү дээ. Анхны нөхөр минь эмч хүн. Хотод ирээд удалгүй өөр гэр бүлтэй болсон. Урлагийнхны ажил цаг наргүй, орон нутагт удаан хугацаагаар тоглолт хийж явдаг. Хүүхдээ төрүүлээд сар гаруй болоод л ажилдаа ордог байлаа. Бүх аймгийн төв, сум, нэгдэл, сангийн аж ахуйд очиж тоглодог байсан. Нэг явахаараа сар гаруй болдог.

Харилцаа холбоо хөгжөөгүй байсан болохоор гэр лүүгээ захиа бичихээр бараг хамт ирдэг байсан. Урлагийнхны ажлыг нөхөр маань ойлгоогүй ээ. Гурван хүүхэдтэйгээ үлдсэн би нэлээд зовлон туулсан даа. Бага охиныхоо аавтай сүүлд танилцсан. Улсын драмын эрдмийн театрын зураач байсан юм. Миний заяа муутайнх, тэр минь эрт хорвоог орхисон.

-Амьдралаа жаргалтай болгохын нэг үндэс нь байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх. Та өнөөгийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Хэдий өнгөрсөн амьдралд минь эрээн бараантай зүйл байсан ч би одоо жаргаж байна. Би гурван охин, нэг хүүтэй. Тэд минь сайн хүмүүстэй ханилсан. 30 гаруй ач, зээ, гучтай боллоо. Хүүхдүүд минь ухаантай. Ээж, эмээгээ хайр халамжаар дутаахгүй байна. Тэднийхээ ачаар олон газраар явж, сонин сайхан зүйл их үзлээ. Бага охин АНУ-д олон жил амьдарсан. Би ч тэнд нэлээд удаан байлаа. Өвөл яваад, зун ирдэг байсан. Үр хойчдоо дуурсагдах уран бүтээл байна.

Төрдөө ч үнэлүүллээ. Ингээд бодоход амьдралдаа сэтгэл хангалуун байхгүй байх аргагүй. Хүн өгснийхөө хэрээр авдаг гэдэг. Залуу насандаа үр хүүхдэдээ зориулсан хөлс, хүч, хөдөлмөр, хайр энэрэл маань өтөлсөн хойно надад эргэн ирж, тэдэндээ эрхэлж явна. Хайр, халамжаас илүү том бэлэг гэж юу байх вэ. Би одоо 85 хүрч байгаа. Эрүүл саруул байж, үр хүүхдүүдтэйгээ хэдэн жил хамт байхаас өөр амьдралаас хүсэх зүйлгүй.

-Таны бодлоор эмэгтэй хүнийг юу хамгийн их хурцалж, зоригжуулдаг вэ?

-Үр хүүхэд шүү дээ. Үрээ гэсэн эхийн сэтгэл ямар агуу, хүчтэй, зоригтой байдгийг юутай ч зүйрлэшгүй. Сэтгэлийн тэнхээтэй байхад юуг ч бүтээдэг юм.

-Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод

Өглөөний нарыг наранд бүү бод гэдэг. Өсөх насандаа жаргалаа эдэлсэн хүмүүс өтөлсөн хойноо зовох нь олон гэдэгтэй санал нийлэх үү. Таны өсвөр нас хэр жаргалтай өнгөрсөн бэ?

-Ёстой эрхэлж, энхрий өссөн дөө. Би айлын ганц охин. Уг нь гурвуулаа байснаа нэгийг нь айлд өргүүлж, нөгөө нь эндсэн юм билээ. Манайд зочин ирээд чихэр авчирч өгвөл ээж гурав хоногийн дараа надад өгдөг байсан. Мөн айлын хоол идүүлдэггүй байлаа. Багад бие их өвддөг байсан болохоор янз бүрийн муу зүйлээс эмээж, цээрлэдэг байсан нь тэр. Уг нь би Хандсүрэн нэртэй байсан. Муу зүйлээс хамгаалах гээд эрэгтэй хүний нэр өгсөн гэдэг юм.

Их эрх, дураараа загнадаг байжээ. Бас тэгэж байгаад “хулгайч аа”. Ээжийн бор авдран доторх чихрийг тэсгээхгүй. Ээж аргаа бараад Цагаан сараар тавган дээр тавих чихрээ нойтон махан дотор боогоод хөлдөөчихдөг байсан. Намайг чихэр гуйхаар “Урт шар хүн ирэхээр идээрэй” гэдэг байлаа. Цагаан сар, хаврыг хэлж байгаа юм.

Аав маань дуулах дуртай хүн байсан. Аавыгаа дагаад айлын найранд очих бүртээ “Цовоо жаахан Сүхбаатарын Цогтой нүд нь хялалзаад (гялалзаад)” гээд л шүлэг уншдаг байлаа. Нэгдүгээр ангид орсон хэрнээ хичээлээ хийхгүй, гэртээ харина гээд уйлдаг байсан. Сумын сургуулийн дотуур байранд байсан би сүүлдээ багшийндаа амьдарсан.

Аав надад хань болох гээд сургуульд галч хийдэг болсон. Нэлээд юм болж байж нэгдүгээр ангиа төгссөн дөө. Хүнд төрсөн төөрөг, зурсан зураг, заяасан хувь тавилан гэж байдаг. Түүнийхээ жамаар л амьдардаг байх.

-Төрөх, үхэх нь амьдралын жам байтал бид эцэг, эх, ойр дотно хүмүүсээ мөнх юм шиг бодож амьдардаг. Үхлийн тухай бодоход л аймаар. Бодоход л сэтгэлийг тань эмзэглүүлдэг зүйл бий юү?

-Би мөнх бусын зовлонг эрт үзсэн хүн. Намайг долдугаар ангид байхад аав минь нас барсан. Хорвоогийн жамаар ээж маань ч бурхны орон руу явсан. Олон хагацал үзсэн ч цагаан сүүгээ асгаруулаад нялх үрээ алдах шиг гашуун зовлон байдаггүй юм билээ.

Ховдоос хотод ирээд удаагүй байхад хэдхэн сартай хүү минь хорвоогоос гэнэт явсан. Тухайн үед таних, түших тулах хүнгүй, нөхөр бид хоёр ажилд ороогүй хэцүү байсан. Болдог бол ёстой үхмээр санагдаж билээ. Түүн шиг аймаар хагацал амьдралд өөр байдаггүй байх.

-Та цэцгэнд их дуртай юм аа даа.

-Уг нь гэрээрээ дүүрэн цэцэгтэй байсан юм. Өрөөндөө засвар хийх гээд айлуудад аваачаад тавьчихсан. АНУ-д очоод хамгийн түрүүнд цэцгийн парк үзсэн. Явсан газруудаас хамгийн их таалагдсан нь тэр. Их дэлгүүр орохоороо цэцэг зардаг хэсэгт нь нэлээд зогсдог. Цэцгийн үнэр сайхан.

-Таны том охин 60 гараад, бага нь 40 хүрч байгаа гэсэн. Хүүхдүүдийнхээ үс бууралтаж байгааг харахаар ямар санагддаг вэ?

-Инээв. Төрж байсан үеийг нь заримдаа боддог юм. Өтөлж үс бууралтах нь хорвоогийн жам шүү дээ. Бид чинь бие биедээ туньж, гомдоод хөгтэй. Хүүхэд ганц үг хэлэхээр гомдоод бөөн юм болдог. Хэдэн өдөр бодно. Нөгөөхөд нь очиж ховлоно. Уг нь би хэр баргийн юм тоодоггүй, барагтай л бол хүнтэй ам мурийдаггүй, их тайван хүн байсан юм.

Манай эрэгтэй жүжигчид нэг удаа эмэгтэйчүүдээ хоньтой зүйрлээд шоолж байна аа. Тэгсэн намайг баргийн зүйл тоодоггүй, наранд налайгаад хэвтэж байдаг шар халзан хонь гэсэн. Ховдын театраас явах үед манай нэг жүжигчин “Чойжоотой хэрэлдэж амжилгүй явуулчихлаа шүү” гээд инээдэм болж билээ.

П.ТУНГАЛАГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.159 Eejiin mini yariltslagiig iim goe terlesen erhem setguulch tand gun talarhlaa ilerhiilie, uilan uilan unshlaa, mash ih bayarlalaa, buteel tuurviliin ih uilsed tani ulam ih amjilt husie.