“ЭМЭЭ” ЭРГЭЖ ИРЛЭЭ

2016 оны 04 сарын 07

Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко их улс төрд эргэлт буцалтгүй дахин хөл тавилаа. Сүүлчийн санал асуулгаар “Батькивщина”-гийн тэргүүн сонгогчдын саналыг авсан чансаагаараа Украины улстөрчид дундаа тэргүүлж, одоогийн Төрийн тэргүүн Петр Порошенког ухраав. Одоо энэ байдлаа бэхжүүлэх, өөрийн болоод улс төрийн хүчнийхээ статусыг дээшлүүлэх хялбар бус зорилт түүнд тулгарч байна. Тус улсын хамгийн туршлагатай улстөрч, “Украины хувьсгалын эмээ”-гийн ирээдүйг тольдох гэж оролдъё.

Улс орных нь улс төр, эдийн засгийн байдал сүүлийн жилүүдэд муудах тусам Тимошенкогийн чансаа дээшлэх болов. Киевийн олон улсын социологийн хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүнгээр хэрэв Украины Ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны гуравдугаар сарын эцсээр болсон бол Порошенкогоос нэлээд хэдэн хувиар илүү санал Тимошенко авч, түүний “Батькивщина” Парламентын сонгуульд өрсөлдөгчдөө “далаар нь тавих” байв. Өнөөгийн удирдлага улс орноо “буруу замаар будаа тээлгэж байна” гэж украинчуудын 78 хувь нь үзэж байгаа юм.

2011 оны наймдугаар сард баривчлагдсан Тимошенко Украинд Төрийн эргэлт болсны дараа 2014 оны хоёрдугаар сард суллагдсан юм. Шинэ засаг энэ үйл явдлыг сайхан харагдуулахыг ихэд хичээж, шоронгоос гарч буйг нь олон түмэнд харуулж, пиг дүүрэн хүнтэй Майданд Тимошенког авчран үг хэлүүлж, түүнд үүсгэсэн эрүүгийн бүх хэргийг богино хугацаанд хаалгалаа. Энэ бүх халамж нь Ерөнхий сайд байсан энэ эмэгтэй хүчтэй өрсөлдөгч, нөлөө бүхий тоглогч биш байгаасай гэсэн далд санааны үүднээс хийсэн үйлдэл байв.

Шоронд өнгөрөөсөн 2.5 жил Тимошенкогийн хувийн амьдралд ч, “Батькивщина” намд нь ч мөрөө үлдээлгүй яах вэ дээ. Тэгээд ч түүнийг шоронгоос гаргалаа, албан тушаалыг Майданы удирдагчид аваг гэсэн бодол украинчуудад байсан болохоор өнгөрсөн үеийн улстөрч Тимошенко хувьсгалын дараах үед хүмүүсийн анхаарал татахгүй байлаа.

Хөөрүү дэврүүн байдлын эхний үе шат өнгөрөхөд “төмөр Юля”-гийн гол хамтран зүтгэгч байсан Арсений Яценюк, Александр Турчинов нар түүнтэй хэлхээ холбоогүй болж, утсаа ч авахаа байжээ. Тимошенко яг энэ үед сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Харилцаа холбоо бүр тасарсан, эрх мэдэл биднийг салгажээ” гэж хэлсэн байдаг. “Батькивщина” намын нэр хүнд бүхий хүмүүс ч шинээр бий болсон “Майданы намууд” руу явчихав. Тэд ихэвчлэн Арсений Яценюкийн “Ардын фронт” намд орсон юм.

Гэлээ ч улс төрийн тавцангаас “зодог тайлчихгүйн” тулд 2014 оны тавдугаар сард болсон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд Тимошенко оролцохоор шийдэв. Сонгогчдын 12.81 хувийн санал авч хоёрдугаарт орсон нь чамлахааргүй амжилт байлаа. Улсынхаа 2.3 сая иргэний дэмжлэг хүлээсэн Юлия Тимошенко тэтгэвэрт гарахад эрт юм байна гэдэгтээ итгэж, намаа бүрэн өөрчлөхөөр шийдсэнээ зарлав.

Тэгээд тэр оны хавар хийхээр товлогдоод байсан Парламентын сонгууль хүртэл таг чиг болов. Энэ сонгуульд түүний нам Украиныг НАТО-д элсүүлэх, бүх нийтийн санал асуулгыг яг сонгуулийн өдөр зохион байгуулах, цаашилбал тухайн үед Орост баривчлагдаад байсан Надежда Савченког намын нэрсийн жагсаалтын эхэнд бичих үндсэн зорилт тавив.

Сонгуулийн кампанит ажлаас өмнө Савченког Тимошенко огт анхаарахгүй байсан хэрнээ туршлагатай улстөрчийн хувьд адтай тооцоо хийсэн учраас сүүлчийн зорилт нь байдлыг “Батькивщина” намд ашигтайгаар эргүүлсэн юм. Тус нам 5.68 хувийн санал авч Парламентад орох босгыг давж чадлаа. 2015 оны намар орон нутгийн сонгуульд “Батькивщина” олсон амжилтаа хоёр дахин ахиулж улсдаа хоёрт орох нь тэр. Одоо тус нам Дээд Радад өөрийн фракцтай төдийгүй янз бүрийн түвшинд бараг 8000 депутаттай болоод байна.

Украинд улс төрийн хурцхан хямрал эхлээд сар гаруй болж байна. Дээд Радад шинэ эвсэл байгуулбал түүнээс гарах эхлэл болно гэж үзэж буй. Наймаа ид явагдаж, яриа хөөрөө өдөр шөнөгүй болж байна. “Петр Порошенкогийн эвсэл”, “Ардын фронт”, “Батькивщина” нэгдэж шинэ эвсэл байгуулахаар тохирсон гэх мэдээлэл өнгөрсөн сарын 29-ний шөнө дуулдав. Тэр ч бүү хэл зохион байгуулах хурлаа хийх тов зарлагдсан ч тэр өдөр юу ч болсонгүй. Өнөөгийн Украинд ийм явдал хэвшил болоод удаж буй юм.

Ухаалаг Тимошенко хамтран зүтгэгчдээ хатуу шүүмжилж, эрс мэдэгдэл хийсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. “Бүхнийг хийнэ гэж хэлчихээд юу ч хийгээгүй тохиолдол олон давтагдсан учраас бид ямар ч Засгийн газар, депутатуудын ямар ч фракц, Төрийн ямар ч удирдагчийн ганц ч үгэнд итгэхгүй. Тийм учраас эхлээд тодорхой хуулиудаа баталъя гэсэн болзол бид тавьсан” гэж тэр хэлэв. Тухайн үед “Порошенкогийн фракц” 135, Яценюкийн “Ардын фронт” 81, “Батькивщина” 19 депутаттай, эвсэл болоход 226 санал хэрэгтэй байхад эд нийлээд 235 депутаттай болсон нь найдвартай олонх гэсэн үг байлаа.

Тэгэхдээ ийм нэгдэл ямар ирээдүйтэйг бүрэн ойлгохын тулд арван жилийн өмнөх явдлыг эргэж харъя. “Улбар шар хувьсгал” дүрэлзэж эхлэхэд шинэ тутам байсан Ерөнхийлөгч Виктор Ющенко эрх мэдлийг тэнцүү хувааж, бүрэн эрхийг Ерөнхий сайд Тимошенко, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Петр Порошенко хоёрт адилхан эдлүүлсэн байв. Гэвч энэ хоёр нь улс орныхоо тухайн үеийн байдлыг огт хайхралгүй бие биенээ үгүй хийхээр ширүүн тулаан эхлүүлэв. Тэднийг хоёуланг нь Ющенко зайлуулсны дараа л байдал арай тогтворжсон юм.

Түүнээс хойш Украины улс төрд Тимошенко, Порошенко хоёроос илүү зөрчилтэй хүнгүй болсон гэж хэлж болно. Өрсөлдөгчөө хэрхэн өндийхгүй болтол нь нухах вэ гэж л энэ хоёр хүн бодох болж. Хамтран зүтгэгч нь байсан Яценюкээ 2014 онд болсон бойкотоос хойш Тимошенко өрөөсөн нүдээрээ ч харахаа байсанд эргэлзэх зүйлгүй. Украины сэтгүүлчид “хорссон эмэгтэй хүнд юу ч саад болдоггүй” хэмээн ихэд онож хэлсэн байдаг.

Гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Вашингтонд зочлохдоо Петр Порошенко улс төрийн хямралаас гарлаа гэж Америкийн “багш нартаа” хэлж чадахгүй болгохын тулд “Батькивщина” намаа эвсэлд нэгдэхийг болиулж Тимошенко “төмөр Юля” болохоо харуулав.

Түүнийг их улс төрийн тойрогт буцааж авчирахад АНУ-ын гүйцэтгэсэн үүргийг дутуу үнэлж болохгүй. Вашингтоны тодорхой хүрээллээс дэмжлэг хүлээхгүйгээр улс төрийн дээд түвшинд орж ирэх боломж Тимошенкод байгаагүй юм. Үүнийг ч ойлгож байсан болохоор “төмөр Юля” Америкт байнга чимээгүйхэн очдог байв. Үүнд анхаарал хандуулсан хүний нэг нь “Порошенкогийн эвсэл”-ийн депутат Сергей Лещенко байв. Түүнд байгаа баримтаар бол Тимошенкогийн Америк руу хийсэн анхны “нууц айлчлал” 2015 оны зургадугаар сард болсон байна.

Энэ айлчлалд тэрбээр хагас сая гаруй ам.доллар зарцуулсан гэдэг. Америкт очоод Тимошенкогийн уулзсан хүмүүс нь сенаторын түвшингээс халиагүй бөгөөд гол хүн нь Жон Маккейн байжээ. Тэгэхдээ л эхлэл тавигдсан аж. Энэ оны хоёрдугаар сард Тимошенко болон түүний хамтран зүтгэгчдийн Америкт хийсэн айлчлал огт өөр зүйл. Энэ айлчлалын үед бүх юм ил байсан төдийгүй яриа хөөрөө хийгчдийн зиндаа ч өөрчлөгдсөн байлаа.

Маккейнаас гадна АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын хорооны дарга Эд Райс, Украиныг дэмжих бүлгийн нэг дарга Мариси Каптур нартай уулзсаны гадна хамгийн гол нь Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктор Нуландтай яриа хөөрөө хийсэн юм.

Чухам үүнийхээ дараа Юлия Тимошенко имижээ эрс өөрчилж, Украинд Америкийн нөлөөг бэхжүүлэхэд гүйцэтгэсэн үүргээрээ нэрд гарч буй Украины аюулаас хамгаалах албаны тэргүүн байсан Валентин Наливайченкотой хамтарч төсөл хэрэгжүүлж эхэллээ. Төслийн зорилго маш тодорхой, Засгийн газраа огцруулж, Парламентын ээлжит бус сонгууль явуулж, Үндсэн хуулийг өөрчлөх явдал байв.

Ийнхүү “Украины хувьсгалын эмээ” нэр алдрын оргилд дахин гарч ирлээ. Үүнийгээ тодорхой эрх мэдэл болгох нь харин чухам хэзээ бол? Үүний тулд Тимошенко хуучин хамтрагч байсан хүмүүстэйгээ өршөөлгүй дайн хийх ёстой. Энэ дайнаар хэнийг ч олзолж авахгүй, гагцхүү байдлыг л дээд зэргээр тогтворжуулах нь чухал. Ямар ч байлаа гэсэн ядаж ээлжит бус сонгууль хийлгэхээр болгох ёстой.

Энэ утгаар нь авч үзвэл Тимошенкогийн нэр хүнд өсөж буй нь Украины хувьд сайн мэдээлэл биш. Яагаад гэвэл нэр хүндээ хийгээд Өрнөдийн дэмжлэгийг ихэд алдаж буй Порошенкотой зөрчилдөх нь зайлшгүй. Энэ тулаанд хэн нь ч яллаа гэсэн Украинд хожоо байхгүй. Учир нь эвлэршгүй анд нарын бодох тооцоонд энэ улс ихээхэн үнэ төлнө.

Украины Засгийн газрыг хоёр (2005, 2007-2010)ч удаа тэргүүлж явсан Юлия Владимировна Тимошенко 1960 оны арваннэгдүгээр сарын 27-нд Днепропетровск хотод төржээ. Тэрбээр оюутан байхдаа ирээдүйн нөхөр Александр Тимошенкотой танилцаж 18-19 настайдаа тэд гэрлэсэн байна. 1980 онд охин нь төрсөн аж. Янз бүрийн ажил хийж явсан эдийн засагч мэргэжилтэй Юлия 1990 онд Оросын түүхий эдийн биржээр дамжуулан нефть бүтээгдэхүүн арилжих болов.

Зарим нэг мэдээллээр бол 1995 онд Ерөнхий сайдын орлогч, 1996-1997 онд Ерөнхий сайдаар ажилласан Павел Лазаренкогийн ивээлд Юлия Тимошенко багтаж байжээ. 1996 онд болсон нэмэлт сонгуулиар Кировоград мужийн сонгогчдын 92.3 хувийн санал авч, Дээд Радагийн депутат болов. 1998 онд дахин Парламентын депутат болж Төсвийн байнгын хороог нь удирдлаа. 1999 оны хавраас “Батькивщина” намаа байгуулж, Парламент дахь фракцыг нь толгойллоо.

Шинэ Ерөнхийлөгч Ющенкогийн шийдвэрээр Юлия Тимошенко 2005 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, сар хүрэхгүй хугацаа өнгөрөхөд Дээд Рада түүнийг Сайд нарын танхимын тэргүүний суудалд залав. 2007 онд дахин Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байхдаа 2009 оны аравдугаар сард Төрийн тэргүүний төлөөх сонгуульд оролцохоор бүртгүүлж өрсөлдсөн ч 2010 оны нэгдүгээр сарын дундуур болсон санал хураалтаар сонгогчдын 25 хувийн дэмжлэг хүлээн Виктор Януковичид ялагдав. Хоёрдугаар шатны сонгуульд 45.47 хувийн санал авч мөн л Януковичийн дараа орлоо. 2010 оны гуравдугаар сард Дээд Рада санал хурааж Юлия Тимошенкогийн Засгийн газрыг огцруулав...

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.12.8 Н
220.191.168.25 Ukrainiig samarsan teneg avgai