Исландын ерөнхий сайд оффшор компаниасаа болж огцорлоо

2016 оны 04 сарын 06

"Моссак Фонсека" хуулийн фирмийн нууц материал алдагдаж хууль бус хөрөнгөний хэрэгт холбогдсон эрхмүүдийн нэрс задарсан билээ. Энэ жагсаалтад нэр нь байсан Исландын Ерөнхий сайд Сигмундур Гуннлаугссон үүрэгт ажлаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр 2007 онд эхнэрийн хамт "Моссак Фонсека" байгууллагаар дамжуулан оффшор компани байгуулж байсан байна. 

2009 онд Исландад парламентын гишүүн компани эзэмших нь ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн хууль батлагдах гэж байгаатай холбоотойгоор оффшор компанийнхаа хувьцааны 50 хувийг эхнэртээ ердөө нэг доллараар зарсан нь ил болжээ. 


Ерөнхий сайд эдгээр нь хангалттай нотолгоо биш гэсэн тайлбар өгч байсан ч ард түмний болон улс төрийн хүрээнийхний дарамт шахалтаас болж албан тушаалаасаа огцорсон байна. Энэ шийдвэрээрээ Сигмундур Гуннлаугссон дуулианаас болж ажлаа өгсөн анхны өндөр албан тушаалтан болж байгаа юм. 

Панамын "Моссак Фонсека" хуулийн фирмээс алдагдсан нууц материалд 200 орчим улс орны нөлөө бүхий хүмүүст холбогдох 11,5 сая гаруй баримт бичиг байгаа ажээ. 

Дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд, улс төрийн дээгүүр албан тушаалтнууд оффшор данс эзэмших замаар татвараас зайлсхийж, хууль бусаар олсон өмч хөрөнгөө нуун дарагдуулдаг хэргийн нотлох баримт ил болсон тул олон улсад шалгалт, мөрдлөг эрчимтэй явагдаж эхэлсэн байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 УИХ-д нэр дэвшигчдийн оффшор дансыг сонгуулиас өмнө олон түмэнд нээлттэй зарлавал зохино.
183.81.169.58 Баярцогтын оффшор данс юу болсон бэ? Баярцогт 1,000,000 доллар нуусныхаа төлөө УИХ-д нэрээ дэвшүүлэхгүй байх ёс суртахууны эрхтэй гэдгээ бүү март.