Тариаланчдад 50 тэрбум төгрөгийн зээл олгож, тоног төхөөрөмжийг нь татвараас чөлөөлөх болов

2016 оны 04 сарын 06

2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэхээр Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр эхний ээлжинд гаргаж, тариаланчдад хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй олгох боллоо. Уг зээл нь зөвхөн энэ хаврын тариалалтад зориулагдах бөгөөд ХХААЯ-наас тариалан эрхлэгч 1500 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлжээ.

Худалдаа хөгжлийн банк, ХААН, “Голомт” зэрэг арилжааны банкаар дамжуулан зээл олгох гэнэ. Өнгөрсөн зун тариалангийн бүс нутгуудад ган болж, багагүй ургац алдсан нь энэ хаврын тариалалтыг саатуулж болзошгүйд хүргэсэн тул Хүнс, хөдөө аж ахуйн сайд тариаланчдад хөнгөлөлттэй зээл олгох асуудлаар УИХ, Засгийн газарт санал оруулсан.

Үүний дагуу Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр” баталж, 100 тэрбум төгрөгийн зээлийг хоёр хүртэлх жилийн хугацаатай олгох шийдвэр гаргасан юм.

Үүнээс гадна тариаланчдад зориулсан бас нэг дэмжлэг үзүүлэх боломж бүрджээ. Газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө. Төрөөс дотоодын үйлдвэрлэлээ татвар, зээлийн бодлогоор дэмжиж, эрүүл ахуйн шаардлага хангасан, хямд үнэтэй бүтээгдэхүүн иргэддээ хүргэхийг зорьж буй.

Энэ хүрээнд импортоор оруулж ирдэг 37 трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн 17, усалгааны 21, ойн аж ахуйн 39, бордоо үйлдвэрлэх 23 тоног төхөөрөмж, долоон төрлийн бордоо, ургамал хамгааллын дөрвөн төрлийн бодисыг энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гаалийн албан татвараас, 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна.

Ч.МӨНХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД