АМИН ЗУУЛГААС АЖ АХУЙ РУУ

2016 оны 04 сарын 04

“Овоолсон тоосгыг байшин гэдэггүй. Суурийг нь зөв тавихаас эхлээд тусгай арга, технологийн дагуу байшин барьдаг. Үүнтэй адил манай улс 60 сая малтай ч бүхэл систем, аж ахуй гэж хэлэхэд хэцүү байна. Аж ахуй гэхээсээ амин зуулгаас хэтрэхгүй байгаа юм. Системээр нь хөгжүүлэхийн тулд энэ салбарт шинэ техник технологи, инновац нэвтрүүлж, малчдын хөдөлмөрийг төрөлжүүлэх хэрэгтэй.” ТЭСО корпорацын ерөнхийлөгч О.Цогтгэрэл ийн ярьсан юм.

Манай улсын нэг малчин өрх дунд жаар 200-300 малтай гэсэн судалгаа бий. Г.Бумчимэг, Д.Эрдэнэбулган нарын хийсэн “Хөдөө аж ахуйн өрсөлдөх чадвар ба орон нутгийн хүн амын амьжиргааны түвшин” судалгаанаас үзэхэд нэг малаас авч буй ашиг шим сүүлийн 27 жилийн хугацаанд огт нэмэгдээгүй, бахь байдгаараа байгаа. Социалист нийгэмд манай улс мал аж ахуйгаа системээр нь хөгжүүлж чадсан. Тухайн үед малын үүлдэр угсааг тогтмол сайжруулж, мал эмнэлэг ч чадавхжсан гэдэг.

Хойд хөршөөсөө зээлсэн 10 орчим тэрбум ам.долларын дийлэнхийг нь энэ салбарыг хөгжүүлэхэд зарцуулсан гэсэн мэдээ ч бий. Харин өмчийг хувьд шилжүүлснээр 25 жилийн өмнө 20 орчим сая байсан малын тоо 60 саяд хүрчээ. Гэхдээ тоо нь нэмэгдсэнээс бус чанар, үүлдэр угсаа, ашиг шим нь төдий л сайжирсангүй.

1989 онд нэг малаас 100 төгрөгийн нэмүү өртөг бий болдог байсан гэнэ. Үүнийг 2010 оны үнэд шилжүүлбэл 37.5 мянган төгрөгтэй тэнцэж байна. Тэгвэл 2014 оны тооцоогоор энэ үзүүлэлт 37.6 мянган төгрөг байгаа аж. Одоо манай бэлчээрийн даац ч хэтэрлээ. Тиймээс илүү эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх цаг болжээ.

Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ хямдарч, уул уурхайд түшиглэсэн орнуудын эдийн засаг хүндэрч байна. Зарим орон энэ шокноос гарахын тулд дотоод нөөцөө ашиглаж байгаа. Тухайлбал, Австрали улс мал аж ахуйн салбарынхаа гарцыг нэмэгдүүлэхэд нэлээд хөрөнгө хаяж буй аж. Тиймээс манай улс ч энэ замыг сонгох хэрэгтэй болов уу.

Тухайлбал, махны экспортоо нэмэгдүүлж, орлого олох боломж бий. Гэхдээ экспортын хэмжээг бус, чанарыг чухалчлах нь бидэнд ашигтай юм. Манай улс 60 сая малтай ч нэг бог, бодоос гарах махны гарц бусад оронтой харьцуулбал хэт доогуур байгаад анхаарал хандуулахаас аргагүй. Монгол хонины амьдын жин Австралийнхаас 50 хувиар бага байдаг. Мөн нас гүйцсэн үхэр ч тус улсынхаас жижиг биетэй.

Ийм байхад махаа их хэмжээгээр хямд үнээр экспортлоод ашиг гарахгүй. Харин бэлчээрийн мал аж ахуйн давуу талаараа өрсөлдөх боломжтой аж. Малаа химийн тэжээлээр тэжээдэггүй, зөвхөн бэлчээрээр тарга тэвээрэг авахуулдаг манайх шиг орон цөөн. Махны чиглэлийн фермүүд гэхэд таргалуулах гэж элдэв эм, тариа хэрэглэх нь элбэгшсэн. Тиймээс монгол малын мах эко, натурал гэдэг имижээ тодруулж чадвал бусад орныхоос  өндөр үнээр борлуулж чадах юм.

Зөвхөн БНХАУ-д гэхэд ойрын жилүүдэд 300 сая хүн дундаж давхаргад шилжинэ гэсэн судалгаа бий. Энэ хэрээр хүмүүсийн хэрэглээ өсөж, экспортын орон зай нэмэгдэж байна. Гэтэл манай улс бүтээгдэхүүнээ эрүүл гэдгийг батлах гарал үүслийн бичиг, стандартын сав баглаа боодолтой байх шаардлагыг хангаж чадахгүй байгаа. Гэхдээ энэ чиглэлээр манай улсад сүүлийн жилүүдэд хэд хэдэн төсөл хэрэгжиж байна.

Тухайлбал, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА) малыг бүртгэж, ээмэгжүүлэх төслийг зарим аймагт хэрэгжүүлж эхлээд буй. Малчны хотонд төрсөн мал бүрийг энэ төслийн хүрээнд бүртгэж, хаана төрсөн, хэдэн настай, ямар вакцин хийлгэсэн гэх мэт мэдээллийг багтаасан ээмэг зүүдэг аж. Өөрөөр хэлбэл, шинэ төл бүрийг бүртгэнэ гэсэн үг. Ингээд төл бойжих явцад хийсэн вакцин, өгсөн өвс тэжээл зэрэг бүх мэдээллийг тэмдэглэдэг. Энэ нь нэг ёсондоо бидний эрүүл мэндийн карттай адил юм.

Тус агентлагийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Вейсэл Чифтжи “Малыг бүртгэж, ээмэгжүүлэх нь стратегийн ач холбогдолтой чухал ажил. Тиймээс үүнийг цаашид илүү өргөн хүрээнд зохион байгуулах нь зүйтэй болов уу. Би монголчуудыг Туркийн малын ээмэг үйлдвэрлэгчидтэй холбож өгч байсан. Гэхдээ Туркээс худалдаж авснаас тоног төхөөрөмжийг нь оруулж ирээд дотооддоо үйлдвэрлэх нь илүү ашигтай” гэлээ.

Турк улс 80 сая хүн амтай ч хөдөө аж ахуйн салбараа өндөр түвшинд хөгжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлснээр дотоодын хэрэгцээгээ хангаж байгаа. Үүнээс гадна гадаадын зарим оронд бүтээгдэхүүнээ экспортолж буй аж. Тиймээс энэ салбарт тус улсаас суралцах зүйл их бий. Вейсэл Чифтжи “Монгол Улс мал аж ахуйн салбараа хөгжүүлж, эрүүл, эко мах экспортолж, эдийн засгаа тэтгэх боломж бий.

Тухайлбал, Европын зах зээлд маш том орон зай байна. Мөн Ойрхи Дорнодын орнуудад мах нийлүүлэх боломжтой. Гэхдээ Ойрхи Дорнодын орнуудын дийлэнх нь исламын шашинтай учир халал (цусыг нь маханд нь шингээхгүйгээр нядлах) аргаар нядалсан мах импортолдог. Тиймээс энэ аргыг эзэмшчихвэл махны экспортоо нэмэгдүүлэх боломжтой” гэлээ.

Мөн ТИКА халал аргаар мал нядлах технологийг монголчуудад зааж өгч байгаа аж. Энэ технологиор мах нядалж, экспортлох эрхийг Туркийн Стандарт хэмжил зүйн газар болон шашин хариуцсан төрийн байгууллага нь хамтран олгодог байна. Мөн эндээс олгосон сертификат нь Европ болон Ойрхи Дорнодын орнуудад хүчинтэй байдаг аж. Тиймээс уг сертификатыг авч чадвал экспортын зах зээлээ ч тэлэх боломжтой.

Хамгийн гол нь төр мал аж ахуйн системийн дэд бүтэц бий болгох хэрэгтэй гэдгийг салбарынхан хэлж байна. Үүнээс гадна малчид хоршиж, хөдөлмөрөө төрөлжүүлэх хэрэгтэй аж. Манай ажиллах хүчний 30 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ногдож байна. Тиймээс хөдөөний хэдэн малчин гэдэг сэтгэлгээнээсээ салж, энэ аж ахуйг бүхлээр нь хөгжүүлэх шаардлагатай юм.

Судлаач Г.Бумчимэг “Манай ноолуур Хятадынхаас 40 хувь хямд байна. Тиймээс ноолуурынхаа гарцыг нэмэгдүүлэхээс илүүтэй, ямааны үүлдэр угсааг сайжруулж, чанарыг нэмэгдүүлэх боломж байна. 200 малтай малчин ямааныхаа үүлдэр угсааг сайжруулах боломж бага. Үүнийг төр хийх ёстой” хэмээн ярив. Өөрөөр хэлбэл, одоо манай малчид амин зуулгаа хангах хэмжээнд л байна. Тиймээс мал аж ахуйд инновац нэвтрүүлж, мал эмнэлэг, үржил селекцэд анхаарах, малчдын хөдөлмөрийг төрөлжүүлэхэд төр анхаарах хэрэгтэй аж.

Малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх талаар О.Цогтгэрэл ерөнхийлөгч “Сайн хяргадаг хүн гэхэд өдөрт 20-30 хонины ноос авдаг. Тэгвэл өдөрт 200 хонины ноос хяргах чадалтай төхөөрөмж байна. Нэг эр хонины үнэтэй энэ төхөөрөмжийг авчихвал малчид хөдөлмөрөө хөнгөвчлөх боломжтой” гэв. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмж нэмэгдүүлэх арга нэвтрүүлэхээс эхлээд Турк зэрэг орны туршлагаас судалж, энэ аж ахуйгаа цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай байна.

Н.САНЖААСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.31.231 bondiig eksportiin uilfvert choloot bus heregguo