”Харцага” туршлагаар илүүрхэв

2016 оны 04 сарын 02

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плей-оффын тоглолтод өчигдөр СТО-д эхэллээ.

АльянсееТех Харцага-Дундговь Мон-Алтиус Смарт 1-0

Тт№1 102:95  

Өнгөрсөн жилийн аварга “Харцага” улирлын сүүлчийн тоглолт “Ирвэсүүд” шууд хожигдон плей-оффт дөрөвдүгээр байраар гарч, эхний даваанд “Смарт”-тай тулахыг сонгосон. Тэд сонголт зөв байсан гэдгийг цувралын эхний уулзалтад харууллаа. Гэхдээ нэгдүгээр үед “Смарт” аваргуудтай эн тэнцүүхэн өрсөлдөж байсан ч хоёрдугаар үе эхнээс “Харцага” хамгаалалтаа нямбай хийж, ээлж дараалан довтолгоогоо цагаригт оруулж байв. Энэ үед А.Алтан-Очир дасгалжуулагч сэлгээгээр “Смарт”-ын Моррисийг хамгаалуулахаар Э.Дөлгөөнийг талбайд гаргасан нь тун мэргэн шийдвэр байлаа. Э.Дөлгөөн үүргээ тун сайн биелүүлж “Смарт”-ыг довтолгоог найруулах гол тоглогч Моррисийг тун сайн хамгаалсан юм. Үүний ачаар “Харцага” тооны зөрүүг холдуулж чадсан. Тэд гуравдугаар үед тэргүүллээ 26 оноо болгов. Гэхдээ дөрөвдүгээр үед “Смарт” онооны зөрүүг багасган, сэргэхийг оролдсон ч “Харцага” боломж олгосонгүй. Улмаар аваргууд эхний уулзалтад 102:95-аар өрсөлдөгчөө буулган авлаа. Тус тоглолтод “Харцага”-аас Г.Баттөр 21, Гэсковски 18, Б.Одбаяр 10, Г.Цэнгүүнбаяр 10 оноо тус тус авчээ. Харин “Смарт”-аас Э.Цэрэнбаатар 23 оноо, 10 самбар, А.Гансүх 21 оноо, 10 самбар, Моррис 16 оноо авсан юм. Эхний тоглолтоос харахад “Харцага”-ын сэлгээ хавьгүй илүү байна. Тэдний сэлгээний тоглогчид нийт 39 оноо авч, багаа том тус хүргэсэн бол “Смарт”-ын сэлгээ ердөө 16 оноо авчээ. “Смарт” цувралд хожихыг хүсэж л байгаа бол сэлгээний тоглогчид үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД