”Хүлгүүд” ”Гарьд”-уудад боломж олгосонгүй

2016 оны 04 сарын 02

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плей-оффын тоглолтод өчигдөр СТО-д эхэллээ.

SBL Хасын Хүлгүүд-Дархан Гарьд 1-0

Тт№1 125:111 

Супер лигийн хамгийн хүчирхэг хоёр баг эхний шатанд учраа таарсан нь плей-оффыг улам сонирхолтой болгож буй. “Хүлгүүд” гуравдугаар байраар гарч, хүснэгтийн зургадугаар байрт бичигдсэн “Гарьд”-тай нүүр тулсан нь энэ. Түүх сөхвөл хоёр өмнө нь плей-оффт нэг, финалд нэг удаа өрсөлдөж байсан юм. Энэ хоёр уулзалтад “Гарьд”-ууд цувралд хожиж байжээ. Гуравдугаар тойргийн сүүлийн зургаан тоглолтод бэртлийн улмаас тоглолтод оролцоогүй “Гарьд”-ын шилдэг тоглогч О.Ууганбаяр тоглолтод оролцоно хэмээн мэдэгдсэн. Гэвч тэр талбайд гарсангүй. Тоглолтын эхнээс Б.Билгүүнээр удирдуулсан “Хүлгүүд” тэргүүлсэн бөгөөд нэгдүгээр үед найман оноогоор илүүрхэв. Хоёрдугаар үед “Дархан Гарьд” хамгаалалт сайн хийж, довтолгоонд Тэмүүжин шилдэг байснаар оноог ойртуулсан юм. Улмаар эхний хагас 49:46-гаар өндөрлөв. Гэвч гуравдугаар үеийн эхэнд “Хүлгүүд”-ийн Н.Золжаргал тав, М.Харрис зургаан оноо дараалан авч, онооны зөрүүг холдуулж орхилоо. Ү.Давхарбаярын залуус тооны харьцааг ойртуулах гэж хичээсэн ч чадсангүй. Гуравдугаар үе 96:80-аар дууссан. Шийдвэрлэх 12 минутын эхэнд “Дархан Гарьд” ээлж дараалсан гурван онооны шидэлтээ байнд нь тусгаж богинохон хугацаанд онооны зөрүүг найм болгон багасгасан ч “Хүлгүүд” шилдэг залуус тэдэнд боломж олголгүй довтолгоогоо нямбай хийсээр 125:111-ээр өрсөлдөгчөө буулган авч, цуврлын эхний тоглолтод хожлоо. Тус тоглолтод Б.Билгүүн 41 оноо, зургаан самбар авч гайхалтай тоглов. Түүнд Н.Золжаргал 25, М.Харрис 19, Корбин 16 оноогоор тусалжээ. Харин “Гарьд”-аас Тэмүүжин 22 оноо, Ж.Ричард 20 оноо, 22 самбар, А.Жонес 20 оноо, 12 оновчтой дамжуулалт, найман самбар, Б.Мөнхболд 18 оноо авлаа. Хоёр багийн эхний уулзалтаас харахад довтолгооны хувь тэнцүүхэн байсан бөгөөд “Гарьд” тоглолтын турш 32 удаа бөмбөгөө алдсан нь хожигдох шалтгаан болсон гэлтэй. Харин “Хүлгүүд” ердөө 17 удаа бөмбөг алдсан аж. Хоёр багийн хоёр дахь тулаан ирэх даваа гаригийн 20 цагт болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД