Мах ачигчаас ГАВЬЯАТ болсон зурагчны түүх

2016 оны 04 сарын 01

Өдөр бүр бүжиг таанц эргүүлж, тогоочийн дамжаанд сурангаа хажуугаар нь цайны газар ажиллуулж, бас болоогүй ээ, зээ охинтойгоо хавсраад сүлжээний бизнест хүч үзсэн гэж байгаа. 75 настай тэрбээр энэ бүгдийг түүртэлгүй амжуулж яваа нь гайхмаар. Өдөр тутмын ажлаасаа өндийхгүй, өөртөө ч цаг зав зарцуулж чаддаггүй би өвөөгийн өмнө нүүр улайж суув. Өөрийн компанитай, гэрэл зургийн студи ч ажиллуулж, олон хүнийг хоолтой залгуулж яваа юм байна.

Талбайн зурагчин гэдгээр нь Цогийн Хэнз гуайг мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид, Монголын ард түмэн андахгүй. Нүүрэн дэх үл ялиг үрчлээг нь эс тооцвол түүнийг хэн ч хараад 75-тай гэж гадарлахгүй. 50 гаруй настай болов уу гэмээр овор бага, хэл яриа тод, ухаан саруул нэгэн байв. Арваадхан хоногийн өмнө Монголын төр түүний шинэ үеийн ахуйн үйлчилгээний хөгжилд оруулсан онцгой хувь нэмрийг үнэлж, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан юм. “Ёстой л шагнал нүдээ олно гэж энэ дээ” хэмээн үеийн нөхөд, хамтран зүтгэгчид нь хэлнэ лээ.

Амьдралын ая дагаж, V, VI ангиасаа ажил хийн, аливаад хат суусан нь өнөөдрийн 75 настай Хэнзийг “бүтээсэн” гэж тэрбээр хэлэв. Амьдралд нь олон ч удаа “сүүдэр” дайрахад бууж өгөлгүй, үргэлж гэрлийн зүг тэмүүлж амьдарчээ. 1955-1956 онд сургуулийнхаа өвлийн амралтаар Мах комбинатад мах үүрч, хог ачин, зундаа Гурилын үйлдвэрийн арын гаднах талбайд туслах ажил хийж байсан нь түүний хүнд үеүдийн нэг. Ц.Хэнз “Мах комбинатад эгч маань ажилладаг байсан болохоор тэнд хар бор юм хийнэ. Хашаанд нь дүүрэн хог хаягдал овоолоостой. Тухайн үед “Самосвал” дээр тэдгээрийг ачина аа. Тэвш нь өндөр болохоор өнөөх малын шийр, тагалцгуудыг ачих явцад толгой, биен дээр унах энүүхэнд. Нэл өт, өмхий үнэр нь биеэс салахгүй зовоодог байлаа. Зун нь гурилын үйлдвэрийн гаднах талбайд будаа боловсруулах ажилд тусална, үүрнэ, чирнэ, тараана.

Дараа нь албан ёсоор буюу 1959 онд үйлдвэртээ диспетчерээр ажиллах болсон доо. Амьдралын явцад надад яагаад ч юм, дандаа л хүнд ажил таардаг байсан. Гурилын үйлдвэрийн будаа хадгалах цех гал хөсгүй, хүйтэн гэж жигтэйхэн. Шороо тоос нь ч дийлдэхгүй. 40 метр өндөртэй, будаа хадгалдаг сав цэвэрлэх хамгийн хэцүү. Төмөр амсарт нь будаа наалдчихдаг болохоор дээрээс олсоор дүүжлэгдэж байгаад цэвэрлэдэг байлаа. Тийм хүнд нөхцөлд 5-6 жил ажилласан хэрнээ уушги, бие харин ч гайгүй шүү” гэж яриад инээв.

Үйлдвэрт ажиллаж байхдаа бөөнөөрөө социализмын бригад байгуулж, их, дээд сургуульд орох нь нэг ёсны үүрэг байсан гэх. Тиймээс Ц.Хэнз гуай 1964 онд МУИС-д шалгалт өгч, тэнцээд Барилгын инженерийн факултетыг усны инженер мэргэжлээр төгсчээ. 1968 онд Дундговь аймагт хуваарилагдан, тэнд найман жил ажилласан байна. Аймгийн хэмжээнд усны бүхий л асуудлыг хоёр техникчтэйгээр ганцаархнаа хариуцдаг байж. “Өвөл, зунгүй л худаг дээр өнжинө. Инженерийн худгууд их гүн, ямар ч хамгаалалтгүй ажиллана шүү дээ.

Сумынхан худгаа ашиглаж чадахгүй, хөлдөөчихнө. Хүн хүч цөөн байсан тул инженерийн худгуудыг засах мэргэжилтнүүдийг бэлтгэж, сум бүрт томилж байлаа. Тухайн үед машин техник ховор. Нэг удаа 15 суманд ариун цэврийн бүс байгуулахаар явах болов. Тоормосгүй машинаар биднийг явуулсан гээд бод доо. Дундговь аймаг уул, даваа цөөтэй тулдаа гайгүй өнгөрсөн байх. Тоормосгүй машиныг хүнд араанд нь хийгээд л зогсооно шүү дээ (инээв)” гэж Ц.Хэнз гуай хуучилсан.

Усан хангамж, төрийн захиргаа, олон нийтийн байгууллага, боловсрол, сэтгүүл зүйн салбарт 20 гаруй жил ажиллахдаа тэрбээр гэрэл зурагчин болох мөрөөдлөө үе үе гээж байсан гэдэг. Гурилын үйлдвэрт ажиллаж байхдаа зураг авахын сайхныг мэдэрч, сонирхлоороо хэсэг явсан ч их сургуульд элссэнээсээ хойш бүр больжээ. Дундговиос хотод ирж, ХААЯ-ны Газар зохион байгуулах институтид (1976-1989) ажиллаж байхдаа дахин зураг авч эхэлсэн байна. 1987 онд талбайн зурагчин гэх нэр томъёог Ц.Хэнз гуай олонд таниулж, тэр цагаас хойш одоо хүртэл төв талбай дээр цэнхэр хантаазтай зурагчид ард түмэндээ үйлчилсээр.

Тэрбээр “Зах зээлийн салхи сэвэлзээд эхлэх үед л зургаа авч эхэлсэн. Тухайн үед манайх Хайлаастад байсан. Яамны ажлаа дуусгаад шөнийн 12.00 цаг хүртэл Сүхбаатарын (хуучнаар) талбай дээр зураг авна. Шөнө нь нөгөөхөө гэртээ угаана даа. Маргааш өглөө нь ажилдаа ирж, орой нь дахиад л талбай дээр гарна. Сонирхолдоо хөтлөгдөөд яамны ажлаа орхиж, ахуйн үйлчилгээнд гэрэл зургийн багш, орой нь талбай дээр ажиллах болсон” гэв.

1989 онд тэрбээр “Элдэв-Очир” кино теартр Монголын шинэ үеийн анхны гэрэл зургийн студийг байгуулж, баруун дөрвөн зам, 40 мянгатад дижитал (1998) гэрэл зургийн салбараа нээсэн ч муу хүмүүсээс болоод газраа бусдад булаалгачихсан. “Гэрэл зургийн үйлчилгээг сайжруулахаар сүүлийн 30 жил их л тэмцэж, зовсон доо” гэж халаглаж байна лээ. Талбай дээр амьдралынхаа 26 жилийг өнгөрүүлсэн тэрбээр олон ажил санаачилж байжээ.

Гэрэл зургийг эхлээд хар, дараа нь хүрэн, сүүлд өнгөтөөр угааж, 1998 онд дижитал буюу хальс ашигладаггүй аппарат нэвтрүүлж, 1992 онд “Элдэв-Очир” кино театрыг Хөрөнгийн бирж болгоход хотын захиргааны хойно байрлах нурах шахсан нийтийн бие засах газрыг түрээсэлж, засаж тохижуулан зориулалтыг нь өөрчлөхгүйгээр олон үйлчилгээ эрхэлж байсны нэг нь Монголд анх удаа гараар биш машинаар гэрэл зураг угаах аргад шилжсэн явдал байв.

1994 онд Бээжингээс гэрэл зургийн автомат машин оруулж ирэн салбаруудаа нээж эхэлсэн ч эрх мэдэлтнүүд нэг нэгээр нь шахаж, 2002 онд 10 гаруй жил түрээсэлсэн нийтийн бие засах болон зургийн газрыг нь булаан, барилга барьсан байна. Ажлын байргүй болсон Ц.Хэнз хуучин газрынхаа өмнө зөөврийн чингэлэг байрлуулан, таван жил үйлчилгээ явуулж байж эцэст нь шинэ барилгаас хоёр өрөө гаргуулж чадсанаар талбайн баруун талд өдгөө “Кодак” түргэн зураг ажиллаж байгаа.

Ц.Хэнз амьдралдаа хоёроос ч олон удаа их хэмжээний мөнгөөрөө “шатаж” байсан гэнэ. Талбай дээр зураг аваад 50 мянган төгрөг цуглуулжээ. Тухайн үед УАЗ-469 машин 16 мянган төгрөгийн үнэтэй байж. Зах зээлийн шилжилтийн үед мөнгөний ханш өөрчлөгдөж, 50 нь 100 мянга болоод шууд “цаас” болчихсон аж. “Алхам тутамдаа л “шатаж” явлаа” гэж тэр хошигносон. Дараа нь гэрэл зургийн газруудаа алдаж, нөхөн олговрын багахан мөнгө, олсон ашиг гээд 70 гаруй сая төгрөгөө хадгаламж, зээлийн хоёр ч хоршоонд хувааж хийтэл нэг нь дампуурч, 10 гаруй сая төгрөг буцаан өгсөн бол нөгөө нь ажиллаж байгаа хэрнээ одоо болтол мөнгийг нь өгөөгүй гэсэн.

Гэсэн ч тэрбээр юунд ч бууж өгөөгүй. 26 жил төр, нийгмийн дарамт шахалтад байсан ч “Туяа-Эрдэнэ” ХХК нь нэгэнт ард иргэдийн мэддэг, үйлчлүүлдэг газруудын нэг болжээ. Түүгээр ч зогсохгүй орон нутагт салбаруудаа нээн, хил давж Өвөрмонголд гэрэл зургийн газраа байгуулж, монгол, хятад хүмүүсийг анх ажиллуулжээ. Эрээн хотод ч гэсэн гэрэл зургийн хоёр студи байгуулалцсан гэдэг. 100 гаруй хүнийг сургаж, ажил амьдралтай нь залгуулсан бол түүний гарын 10 гаруй шавь өдгөө гэрэл зургийн студи ажиллуулж буй юм байна.

Мөнгөтэй, баячууд “Кодак”, “Акба”, “Коника”, Фүжи” зэрэг өндөр үнэтэй, хүчин чадал сайтай машин оруулж ирэн, зах зээлийг нь булаацалдаж байсан ч үрэгдэлгүй, үлдэж чадсан. Одоо эдний гэрэл зургийн студи “Фүжи”-тэй. Өөр олон ч машин бий. Ц.Хэнз “Гараар зураг угаадаг байхад эхлээд хороо халаана. Хар зураг хийдэг (зураг угаахыг хийх гэж ярьдаг юм билээ) байхад л таван төрлийн хор дамжуулан угаадаг байлаа шүү дээ. Температурыг нь тааруулна гээд их ажил.

Нэг хоронд хийгээд төдөн минут болгоод, усаар гурав зайлна гэдэг ч юм уу. “Элдэв-Очир” кино театрт байхдаа манайх жижигхэн лабораторитой байсан. Тэнд байсан өсгөгч шав шар болчихсон байж билээ. Би яаж тэсдэг байсан юм, бүү мэд. Их л “бөх” хүн байж дээ. Хараар дараа нь хүрэн, тэгээд өнгөтөөр угаадаг боллоо. Өнгөт зураг их хэцүү. Хор их орно. Хуруу, гараа хоронд дүрсээр байгаад арьс нь хуураад унадаг байж билээ. Хөдөөгүүр явж зураг их авна аа. Хальс угаадаг том машин, гэр оронтойгоо ачаад л 7-8-уулаа явдаг байсан. Том машин авч явахад тээртэй учраас Германаас жижигхэн машин 5000 ам.доллароор авсан. Тэгсэн чинь герман хэлтэй, зааврыг нь уншиж мэддэггүй. 2-3 жилийн дараа гэрэл зураг дижитал руу шилжээд нөгөө машинаа ашиглаж чадалгүй, задлаад хаясан. Одоо хальсны хоёр машинаа хадгалж байгаа. Үзэсгэлэнд тавихаар ховор эд бий” хэмээв.

Ховд аймгийн Дарви суманд 14 хүүхэдтэй айлын 11 дэх нь болон мэндэлсэн Ц.Хэнз гуай гурван сайхан охинтой. Гэргий нь насаараа багш хийсэн. Гурван охиноо газардуулахгүй, хүний царай харуулахгүй гэсэндээ нэгийг нь АНУ руу явуулсан бол хоёр охин нь одоо Германд сурч, ажиллаж амьдарч буй юм байна. Том охин нь л гэхэд одоо 50 нас дөхөж байгаа аж. Ц.Хэнз гуай хамгийн үр бүтээлтэй ажилласан үеэ 1987 он гэж тодотгов. Гэр нь монгол III сургуулийн тэнд байхад газар шинээр зохион байгуулагдаж, амьдарч буй газраасаа явах хэрэгтэй болжээ.

Зуны байшин, хашаагаа буулгаж ачаад, эхнэр охидтойгоо Хайлаастад очиж төвхнөсөн байна. Тэр жилдээ хашаа бараагаа босгон зун, өвлийн байшин барьж, хөдөө суманд гурван сар ажилласан гэсэн. Бас болоогүй, Хандгайтын пионерын зусланд очиж хүүхэд бүрт гэрэл зургийн цомог хийж өгчээ. “Хүүхдийн тус хэзээ ч багаддаггүй. Эхнэр, охид маань надад их тусалдаг. Эхнэртэйгээ ханилаад 40 гаруй жил болж байна. Би ажлыг хэзээ ч хүнд гэж боддоггүй. Харин ажилд саад хийж байгаа хүмүүс л хамгийн хэцүү” гэсэн юм.

Хожим Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийг төгсөж, сонин хэвлэлүүдэд бүтээлээ нийтлүүлэх болжээ. 1987 оноос хойш Монголд, тэр дундаа төв талбай дээр өрнөсөн олон үйл явдлыг дурандаа архивлаж, 56 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж байгаа Ц.Хэнз гуайд гавьяат цол нь дэндүү багадмаар санагдсан шүү. Охин нь АНУ-ын иргэн болсон тул түүнд ногоон паспорт бий. Зээгээ харах нэрээр байнга тийш явдаг ч зүгээр сууж чадахгүй, студиэ байгуулах, үзэсгэлэн гаргах гээд түүнд ирэх жил АНУ-д очоод хийх ажил мундахгүй бололтой.

Сэтгэлээрээ үргэлж залуугаараа, өөрийгөө 75 настайгаа мартчихдаг гэж байгаа. “Архи дарс уудаггүй болохоор найз нөхөд цөөтэй. Том охиноо төрсөн жил тамхиа хаясан. Манай хөгшин намайг “Одоо зүгээр суу, хаашаа юм, чи” гэж загнадаг. Эхнэрээ бүжгэнд уруу татсаар байгаад муу хөлийг нь эдгээчихсэн. Дасгал хөдөлгөөн бол урт наслах, эрүүл чийрэг байхын нууц шүү. Ноднин Чингэлтэйн зусланд газар авч, хоёр давхар хаус барьсан. Энэ жил гурван охин маань гэр бүлээрээ ирцгээнэ. Гавьяатын найраа ч хийнэ. Хөвсгөлд бас студи байгуулахаар төлөвлөөд байна. Цаашид ихийг хийх хүсэл бий” гэсэн түүний үгээр нийтлэлээ төгсгөе. Урт насалж, удаан жаргах болтугай.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.115.42 Намсрайноров
103.229.123.107 Нөхрийн маань нагац талаар үнэн сайхан нийтлэл гаргаж олонд таниулсан их баярлалаа
202.21.110.214 Хэнз гуайдаа нийт гэрэл зурагчдынхаа өмнөөс дахин баяр хүргэе. Фоточдоос төрсөн 8 дахь Соёлын ГАВЪЯАТ зүтгэлтэн Танд эрүүл энх эрч хүчтэй байж,мэргэжил нэгт нөхдөө байнга манлайлж байхыг ерөөж байна. Ц.Хэнз зурагчины нийтлэлийг олонд хүргэсэн Өнөөдөр сонин, сэтгүүлч Бат ундараадаа баярлалаа гэж хэлье. Ц.Батбаатар
103.57.94.98 bayr hurgei ganbataas
59.153.112.61 Сэтгэлийн хаттай, амьдрах ухаан нь зөв, түвшин хүн юмаа. Миний ард түмний дотор ийм мундаг хүмүүс олон. Төр засаг барьж байгаа эрхмүүд баяжихаас өөр юм сэтгэхгүй болохоор ийм гавьяатууд дарагдаад байгаа нь монголын гутамшиг. Гэвч монголчууд тэр”дорой, балмад эрх баригчид”-аас салах цаг ойрхон ирж байгааг ухаарч сонгуульдаа хариуцлагатай оролцох хэрэгтэй байна. Ц.Хэнз гуайдаа эрүүл энх байж урт удаан наслахдаа ихийг бүтээхийг хүсэн ерөөр.
162.195.60.149 Bayar xurgei Хэнз ахдаа.
27.123.214.121 Mundag hundee.bayr hurgey
104.228.158.165 Daichin yum.