Улаанбурхан өвчний улмаас 22 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна

2016 оны 03 сарын 31

Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцож мэдээлэл хийлээ.

3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 400 өвчтөн хандсаны 337 нь улаанбурхан өвчний эмнэл зүйн шинж тэмдэгтэй байснаас 73 нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Өвчлөлийн насны хувьд 46 хувийг 15-25 насныхан, 7.5 хувийг  0-8 сартай буюу вакцинд тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Засгийн газрын хуралдаанаар Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах талаар хэлэлцэн өвчлөл өндөр бүртгэгдэж байгаа 18-30 насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэж, шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар тогтсон. Өвчний голомтын хүрээний 50 мянга гаруй хүнийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажууллаа. Одоо ХӨСҮТ-ийн нөөцөд голомтод хийх 10 мянга гаруй хүн/тун, товлолоор хүүхдэд хийх 75 мянган хүн/тун вакцин байна. Цаашид халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн эмч нарын хүрэлцээг нэмэгдүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд анхаарал хандуулах шаардлага байна гэж Шадар сайд Ц.Оюунбаатар хэллээ.

Мөн тэрээр хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн гал түймэр гарах болсон талаар мэдээлэл хийж, гал түймрээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа. Өнөөдрийн байдлаар  4 аймгийн 9 сум болон Богд ууланд нийтдээ 11 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД