Эрүүл бүтээгдэхүүн экспортолж орлого олох боломжийн талаар хэлэлцлээ

2016 оны 03 сарын 31

Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хоёр дахь салбар хуралдаан "Аюулгүй хүнс-тогтвортой, ашигтай бизнес" сэдвийн хүрээнд болж байна. Хуралдааны эхэнд ТЭСО корпорацийн захирал О.Цогтгэрэл "Экспорт хийх боломж" сэдвээр илтгэл тавилаа. ТЭСО корпорацийн хувьд манай улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНХАУ руу экспортолж эхлээд байгаа юм. О.Цогтгэрэл "БНХАУ-д ойрын жилүүдэд 300 сая хүн дундаж давхарга руу дэвшиж байна. Энэ нь манай улсад экспорт хийх боломж, орон зай гаргаж байгаа юм. Тиймээс манай компани БНХАУ руу бүтээгдэхүүн экспортолж эхэлсэн" хэмээн ярив. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга нь экспортоо нэмэгдүүлэх юм. Хятадын зах зээлд өрсөлдөхийн тулд бүтээгдэхүүнээ нэг чиглэлээр төрөлжүүлж шаардлага бий. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ, хөдөлмөрөө төрөлжүүлэх шаардлагатай байна. О.Цогтгэрэл захирал "Гадаадын зах зээлд өрсөлдөхийн тулд инноваци, төрөлжилт, стандарт, логистик дэд бүтэц, ялгаатай татвар зэргийг анхаарах хэрэгтэй. Манай улс 1.1 сая ажиллах хүчинтэй. Тиймээс Хятадтай массын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний тоо хэмжээгээр өрсөлдөх боломж байхгүй. Харин инноваци шингээсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж л өрсөлдөх хэрэгтэй байна. Манай компани дөрвөн бүтээгдэхүүн экспортлоход дөрвөн өөр татвар төлж байна. Гэтэл манай улсад түүхий эд ч бай, бүтээгдэхүүн ч бай нэг л төрлийн татвар авдаг. Тиймээс татварын бодлогоо эргэж харах хэрэгтэй" гэлээ. Үүний дараа "Роял ресурс" компанийн захирал С.Ариунболд "Эдийн засгаа солонгоруулъя гэвэл төр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Манай улсын экспортын бус голлох бүтээгдэхүүн юу байж болох вэ, энэ бүтээгдэхүүнийг аль улсын зах зээлд борлуулж болох вэ гэдгийг төр тодорхой болгох хэрэгтэй. Мөн зорилтот зах зээлд бүтээгдэхүүн экспортлоход татвар, тарифыг хөнгөлөх талаар Засгийн газар идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Бүтээгдэхүүнээ экспортлох нэгдсэн маркетинг, даатгалын асуудлыг төр мөн хариуцах шаардлагатай юм. Манай ямар ч том компани Хятадын зах зээлд маркетингийн зардлаа дийлэхгүй. Экспортод чиглэсэн төрийн нэгдсэн институт болон судалгааны байгууллага байх хэрэгтэй" хэмээн ярив. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн гэхээр эсгий углааш, оёмол бүтээгдэхүүн зэрэг байдаг. Одоо илүү төрөлжсөн бүтээгдэхүүн гаргахад анхаарах хэрэгтэй гэдгийг хуралдаанд оролцогчид онцолж байв.  

                Энэ үеэр АПУ компанийн сүүний үйлдвэр хариуцсан захирал Г.Энхбилэг "Экспортод бүтээгдэхүүн гаргахын тулд түүхий эд бэлтгэх системээсээ эхлээд бодох хэрэгтэй. Бид бүтээгдэхүүн экспортлоход бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээнээс эхлээд бүдэрч байна. Тиймээс түүхий эд, сүү бэлтгэлийн систем нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бэлтгэсэн түүхий эдийн гарал үүсэл нь тодорхой байх ёстой юм" гэв. Хүнсний бүтээгдэхүүний экспорт өндөр хөгжсөн орнуудад тэжээл бэлтгэл, мал эмнэлэг, тээвэрлэлт гээд системээр нь шийдвэрлэчихсэн байдаг байна.

Илтгэгчид үг хэлж дууссаны дараа хуралдаанд оролцогчид саналаа хэллээ. Тухайлбал, иргэн Долгорсүрэн "Манай улс гадаад худалдааны яамтай болох хэрэгтэй. Манай экспорт, импорт ямар ч зохицуулалт, хяналтгүй урсгалаараа явж байна" гэв. 

"Монос" группын дэд ерөнхийлөгч Баянмөнх "Манай чацаргана бүтээгдэхүүний хувьд өрсөлдөх чадвартай боловч боловсруулах технологи муу байна. Манайх цэнэг ундааныхаа түүхий эдийг Солонгос руу явуулаад тэнд үйлдвэрлэдэг. Гэтэл бид бүтээгдэхүүндээ өртөг нэмэх хэрэгтэй байна. Монгол хүний хөдөлмөрийг шингээх хэрэгтэй байна. Тиймээс бид ойрын хугацаанд экспортод чиглэсэн томоохон үйлдвэр нээхээр ажиллаж байна. Мөн экспортод чиглэсэн групп компаниуд хамтран ажиллах хэрэгтэй байна"

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.187.242 Chatsargani undaa ogt hiij chadahgui bgaa. Hvn avahaar bish.