Хайр дурлалаасаа болж онгоц барьцаалжээ

2016 оны 03 сарын 30

Египетийн Александриа хотоос Каир чиглэлд нисч байсан Egyptair авиа компанийн A320 зорчигч тээврийн онгоцыг үл таних биедээ тэсрэх бодис зүүсэн этгээд барьцаалан нислэгийн чиглэлийг өөрчилж Кипр улсад газардуулсан билээ. 

Тэгвэл барьцаалагчийг саатуулсан талаар Киприйн гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. Онгоцыг тусгай хүчний зэвсэглэсэн анги бүрэлдэхүүн бүсэлсэн бөгөөд мэргэн буудагч нар байрлан барьцаанд байгаа хүмүүсийг чөлөөлөхөд бэлтгэж тус онгоцонд байсан бүх хүнийг гаргаж чадсан байна. 

Нислэг нь саатсан хүмүүсрүү Египетээс нэмэлт онгоц илгээсэн бөгөөд онгоцонд Америкийн найм, Голландын дөрөв, Бельгийн хоёр, Британийн дөрөв, Сири, Франц, Италийн тус бүр нэг иргэн зорчиж байжээ. Бусад нь египет хүмүүс юм байна.


Онгоц барьцаалсан этгээд ямар нэг алан хядах бүлэглэлтэй холбоогүй бөгөөд терроризмын сэдэлтэй ийм үйлдэл хийгээгүй болохыг Киприйн ерөнхийлөгч Никос Анастасиадис мэдэгджээ. 

Барьцаалагчийн хуучин эхнэр Кипрт амьдардаг ба Араб хэл дээр бичсэн нэгэн захидлыг дамжуулж өгөхийг шаардсан. Мөн тэрбээр Кипрт улс төрийн орогнол хүссэн юм. 


Гэмт этгээд 59 настай, Египетийн иргэн Сэйф Элдин Мустафа гэгч байсан ба хайр дурлалаасаа болж галзууран, сэтгэл санааны хувьд маш тогтворгүй байгааг Киприйн гадаад хэргийн сайд Александрос Зенон сэтгүүлчдэд хэлжээ. Хуучин эхнэрт нь захидлыг дамжуулж өгөхөөр болсноор бууж өгөн онгоцноос өөрөө гарч ирсэн байна. 

Египетийн аюулгүй байдлын албаныхан Мустафад тэсрэх бодис байгаагүйг баталж түүний шалгалтаар нэвтэрч байх үеийн хяналтын камерын бичлэгийг үзүүлсэн байна. Бичлэгт түүнээс ямар ч металл илрээгүйг харуулжээ. 

 


 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД