Элэгний вирусийн эмийн зардлын тодорхой хувийг улс даахаар боллоо

2016 оны 03 сарын 30

“Элэг бүтэн Монгол” зөвлөлдөх хэлэлцүүлгийн үр дүнд элэгний вирусийн зарим эмийн зардлын тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулахаар боллоо. Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, “Оном” сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөлийнхөн орон даяар “Ардын үг” аян өрнүүлэхэд иргэд элэгний вирусийн эмийн үнийг даатгалын сангаас 80 хувь хөнгөлүүлэх, үүнд шаардлагатай зардлыг төсөвт нэмж тусгах, “Эрүүл элэг” хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж, орон даяар хэрэгжүүлэхийг шаарджээ. Тиймээс ЭМСЯ, Сангийн яам, ХАХНХЯ иргэдийн дээрх шаардлагад үндэслэн, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй ламивудин, тенофовир, телбивудин, рибавирин, интерферон эмийг 50-90 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэв. Тухайлбал, элэгний В вирустэй хүмүүс дангаар нь ууж хэрэглэх, эмчилгээний өндөр идэвхтэй тенофовир эмийг өдгөө эмийн сангуудаар 36.000 (нэг сарын хэрэглээ) төгрөгөөр худалдаж буй. Тэгвэл ирэх сарын 1-нээс уг эмийн үнийн 34.800 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлснээр иргэд 1200 төгрөгөөр худалдан авах боломж бүрдэх юм.

Өдөрт 7-8 хүн элэгний өвчнөөр хорвоог орхиж буй учир ЭМСЯ, холбогдох мэргэжлийн байгууллага “2020 он гэхэд С вирусийг устгаж, В-гийн халдварыг эрс багасгах, халдвартай хүмүүсийг эмчилгээнд бүрэн хамруулах замаар нас баралтыг 50 хувь бууруулна” гэсэн зорилт тавьсан. Энэ ажлын эхлэл болгож, “Оном” сангийнхан элэгний өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх гэсэн гурван чиглэлээр үндэсний хөтөлбөр орон даяар эхлүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Хэрвээ дээрх зорилгоо биелүүлнэ гэвэл бид 2020 он хүртэл В, С-тэй 400.000 гаруй хүнийг бүрэн эмчилж, эдгээх шаардлагатай гэсэн үг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД