Ц.Элбэгдорж: Монголын хөгжил монгол хүмүүсийн хүсэл зоригоос хамаардаг байх ёстой

2016 оны 03 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сарын 24-ний өдөр “Ерөнхийлөгчтэй хийх уулзалт III” буюу TV5 телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн тусгай дугаарт оролцон нийгмийн идэвхтэй залуус, сошиал медиа ертөнцийнхөн болох твиттерийн жиргээчид, фейсбүүкчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан билээ.

Төр өөрт байгаа муу юмаа шахаж гаргадаг хуультай, механизмтай болох хэрэгтэй

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Залуучуудын байгууллага, жиргээчид, фейсбүүк хэрэглэгчдийн зүгээс уулзах санал их гардаг. Би та бүхэнтэй адилхан  уригдаж оролцож байгаа. Энэ 2016 он гараад хоёр уулзалт хийсэн.

Эхний уулзалт нь Төвийг сахихтай холбоотой асуудлаар тоймч, судлаачидтай хийсэн уулзалт Eagle телевизээр гарсан. Дараагийнх нь АСЕМ-тай холбоотой асуудлаар хийсэн уулзалтыг Монгол HD телевиз шууд дамжуулсан. Бидний өнөөдрийн энэ уулзалтыг TV5 телевиз дамжуулна. Бас твиттер, фейсбүүкээр ч  шууд дамжуулж байгаа. TV5 телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” гэсэн сэдэвт нэвтрүүлэг байдаг. Бидний уулзалт бас энэ сэдэв рүү чиглэж байгаа. Гэхдээ та бүхний сонирхсон асуултыг аль нэг сэдвийн дор хязгаарлахгүй.

Өчигдөр орой би фейсбүүк, твиттер дээрээ энэ тухай бичсэнээс хойш маш олон асуулт ирсэн. О.Чулуунбилэг зөвлөх рүү бас олон асуулт ирсэн байна.

Монголын хөгжлийн ойрын зорилт юу байх вэ? гэсэн асуултад хариулахаас өнөөдрийн яриагаа эхэлбэл яасан юм бэ гэж бодож байна. Саяхан УИХ-аас Монголын хөгжлийн бодлого, зорилтын тухай, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль баталсан. Бид ийм олон хууль, хөтөлбөр баталсан. Ерөөсөө хэрэгждэггүй, хүмүүс ч мэддэггүй. Хамгийн гол нь олон улсын стандартад нийцсэн, өрсөлдөх чадвар, ДНБ-ний өсөлт, өр зээл, боловсролын түвшин, авлигын асуудал гэх мэт хэмжүүртэй байх ёстой.

Сонгуульд оролцох намууд энэ хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх талаараа хөтөлбөртөө тусгах хэрэгтэй. Аль нэг нь олонхи болоод, эсвэл нийлээд засаг байгууллаа гэхэд энэ хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заавал тусдаг байг. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд түүнийг асуудаг, шалгадаг байя. Ингэхгүй бол хэрэгжихгүй. Ийм л шаардлагыг тавьсан. Нэгэнт хуультай болсон. Одоо сайжруулахаа сайжруулаад, хэрэгжихгүй муу зүйлээ янзлаад явахад болох болов уу.

Монголын хөгжлийн ойрын зорилт юу байх вэ. Нэгдүгээрт, миний бодож байгаагаар монгол хүнийг чадавхижуулахад анхаарах ёстой. Монголын төрийг хариуцлагатай болгоход онцгой анхаарах хэрэгтэй байгаа. Бүтээлч хувь хүн, хамт олонд боломж олгох ёстой. Ийм гурван ерөнхий байдлаар хэлж болно. Сонгуулийн улирал эхэлж байгаа учраас монгол хүнийг чадавхижуулах гэдгийн цаана би боловсролыг оруулж байгаа.

Монгол хүний чадавхи, идэвх санаачлагатай холбоотой асуудлыг оруулж байгаа. Улс төрийн эрх, санхүүгийн эрх, оролцооны асуудал гэж байна. Би хоёр зүйл шаардах хэрэгтэй гэж бодож байгаа. Иргэд эрхээ шаардах хэрэгтэй. Бидний улс төрийн эрх улс төрийн намаар дамжаад, хэдэн нэр дэвшсэн хүмүүсээр  хязгаарлагдаад байна. Энэ улс төрийн эрхийг өргөн утгаар нь хэрэгжүүлье гэсэн чиглэлд шаардлага тавья. Олсон ололт байгаа бол түүнийг баталгаажуулаад, шинэ зүйлийг шаардаад явах нь зөв гэж боддог.

Жишээлбэл, орон нутгийн хөгжлийн сангаас эхлээд бид санаачилж, оруулж баталсан. Тухайн суманд ямар гэрэл тавихыг Улаанбаатараас шийддэг биш, орон нутагтаа шийддэг байя. Мөнгө өгье гэсэн. Энэ ажил хийгдээд явж байгаа. Үүнийг цааш явуулах хэрэгтэй. Аливаа асуудлыг шийдэхэд иргэдтэйгээ зөвлөж ярилцаж, тэдний оролцоог заавал авч шийддэг энэ хэлбэр рүү явах ёстой.

Сонсголын хууль гэж маш хэрэгтэй  хууль гарсан. Энэ хуулийг бүх газар амилуулаасай гэж хүсч байгаа. Байгаль орчны асуудал байгаа бол эрх барьж байгаа улсуудаас шууд асуу. Төсөв, томилгооны асуудал, бүх зүйл тэнд байгаа. Иргэн, төр хоёр хоорондоо холбогдож асуудлаа шийдэх боломжийг энэ хуулиар нээж өгсөн.

Хоёр дахь нь, төрийг хариуцлагатай болгох асуудал. Төрийг хариуцлагатай болгох нь мөнгө зарахгүйгээр хийх ажил юм. Хариуцлагын тухай хууль батлахад гаднаас мөнгө зээлэх хэрэггүй. Улс төрийн намын тухай шинэ хууль батлахад гаднаас мөнгө зээлэх хэрэггүй. УИХ-ын гишүүд, хууль баталдаг хүмүүсийн олонхи нь энэ хуулиас зугтаад байгаа нь ойлгомжгүй юм. Сонгуулийн үеэр баахан хариуцлага, шударга ёсны асуудал тавиад, хулгайч, зэлгийч, янз бүрийн хүмүүсээсээ сална гэж ярьдаг. Эргээд сонгогдоод л мартдаг. Эргээд тэдэнтэйгээ бөөрөө нийлүүлээд явдаг. Үүнийгээ л зогсоомоор байгаа юм.

Төр өөрт байгаа муу юмаа шахаад гаргадаг хуультай, механизмтай болох хэрэгтэй. Би үүн дээр хатуу байр суурьтай байдаг. Энэ хуулийг УИХ-ын хаврын чуулган эхлэнгүүт батлуулахын төлөө явна. Энэ хуулийг өргөн бариад  жил дөрвөн сар болох гэж байна. Төрийг хариуцлагатай болгоё гэдгийг манай иргэд хүсэх хэрэгтэй байгаа юм.

Хэрэв иргэд, олон нийт шаардахгүй бол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг гартаа барьж байгаа та бүхэн шаардахгүй бол наадуул чинь хийхгүй. Иргэд, та бүхэн шаардаад, байх суух газаргүй болгоод, очсон газар бүхэн хариуцлагын хуулийг нэхдэг байх юм бол хийнэ. Иргэдийн уур амьсгал, салхийг л дагана.

Ерөнхийлөгчөөсөө эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч хүртэл тэр хүмүүст яаж хариуцлага тооцох вэ. Манайд ёс суртахүүны хариуцлага гээд ярихаар ойлгож байгаа хүн байхгүй. Өөр оронд нэг сайд маш жижиг алдаа гаргахад л уучлал гуйгаад огцордог, Монголд яагаад болдоггүй юм бэ. Үүнийг бид хуулиндаа тусгаж, иргэд нь шаардаж хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Улс төрийн хариуцлага байна.

Улс төрийн хариуцлагаа хүлээгээд “Улс төрд би байх нь улс оронд хохиролтой байна. Монголын хуулийг тэгш хэрэгжүүлэхэд би аюул учруулж байна. Би хувийн эрх ашигтаа л анхаарч байгаа болохоос бус нийтийн эрх ашигт анхаарахгүй байна гэж бодож байгаа хүнд бол улс төрийн хариуцлагаа хүлээгээд гарах хаалгыг нь зааж өгч байгаа шүү дээ.

Энэ хоёр хариуцлагаар асуудал шийдэгдэж байгаа бол заавал эрүүгийн хариуцлага ярихгүйгээр асуудлыг шийдэж өгч байгаа. Олон улсын жишигт ч тийм зүйл байдаг. Үнэхээр шаардлагатай бол эрүүгийн хариуцлага нь дараа нь шийдэгддэг. Үүнийг иргэд бичихгүй, хүсэхгүй, шаардахгүй, асуухгүй, улстөрчдийн босгож байгаа тоос шорооны хойноос дагаж хошуураад гүйгээд байвал Монголын төр хариуцлагатай болохгүй л гэж бодож байна.

Монголын хөгжлийн философи бол монгол хүн эрхтэй, мэдэлтэй, бололцоотой байх ёстой

Бүтээлч хувь хүн, хамт олон, бүтээлч бизнесийг дэмжие гэдэг санаа байгаа. “Монголын хөгжлийн туйлын зорилго юу юм бэ. Ардчилал, зах зээл юм уу?” гэж хүмүүс асууж байсан. Монголын хөгжлийн туйлын зорилго бол ардчилал, зах зээл биш. Монголын хөгжлийн туйлын зорилго бол монгол хүн бүр хувь заяандаа эзэн болох ёстой. Бид ардчилал, зах зээлийг гаднаас хуулаад байсан юм байхгүй. Явдаг зарчим, нэршил нь тэгээд явчихсан юм.

Монголчууд өөрийн эрхтэй, уламжлалтай, сонгуультай, ардчилалтай, зах зээлтэй, өмчлөлтэй, хөрөнгөтэй явж ирсэн. Малаа өмчлөх нь хэдэн мянган жилийн өмнөөс, Монгол газар нутгаас эхэлсэн. Хүн нь эрхтэй байдаг нь Монгол газар нутгаас эхтэй юм. Монголчууд мөнх хөх тэнгэрийн дор гэж ярьдаг. Үүнийг би өнөөдрийн утгаар ойлгохдоо хуулийн дор гэж ойлгож байгаа. Хаан нь ч бай, харц нь ч бай, мөнх хөх тэнгэрийн дор ижил байна. Энэ бол хуулийн дор ижил байя гэсэн үг гэж ойлгож байгаа. Ийм уламжлалтай. Бид энэ уламжлалаа сэргээж байгаа юм.

Нөгөө талаар монгол хүн бүр хувь заяандаа эзэн болъё гэж байгаа юм. Би үүн дээр нэг жишээ авч хэлдэг.  Монгол Улсын хөгжлийн философи нь юу юм бэ. Ийм асуулт гардаг. Миний хардгаар Монгол Улсын хөгжлийн философи бол бусад улсаас ялгаатай. Манай хоёр хөршөөс ч ялгаатай. Төв нь, эрх мэдэл нь хүчтэй байх юм бол тухайн улс оронд тогтвортой байдал байдаг. Төв нь, эрх мэдэл нь хүчтэй байх юм бол тухайн улс оронд эв зохицолтой, нийгэм хөгжих боломж бүрддэг. Энэ бол том улсуудад байдаг хөгжлийн философи байх. Би үүнтэй санаа нэг байна. Бидэнд бусад улс орон ямар замаар хөгжихийг маань  заах шаардлага байхгүй. Гэхдээ бид өөрийнхөө замыг тодорхойлох эрхтэй.

Миний бодлоор Монголын хөгжлийн философи бол монгол хүн эрхтэй байх ёстой. Монгол хүн мэдэлтэй байх ёстой. Монгол хүн бололцоотой байх ёстой. Төр нь эрх мэдэлтэй, тэнд байгаа Ерөнхийлөгч нь, тэнд байгаа эрх авсан хэдэн хүн, түүнийг тойрсон гэр бүл л эрх мэдэлтэй, боломжтой байдаг биш. Нийт ард иргэдэд, хүн бүрт энэ боломж нээлттэй байх ёстой. Бид гурван саяулаа. Монголчууд эрхтэй, монголчууд боломжтой, монголчууд чадалтай, мэдлэгтэй, монголчууд оролцоотой, монголчууд шат шатныхаа асуудлыг шийдэхэд бүгдээрээ оролцдог. Ийм л байх юм бол энэ бол Монголын хөгжлийн философи гэж би хардаг. Үүгээрээ бид ялгаатай.

Нэг жишээ авч хэлэхэд  далайн од гэж амьтан бий. Хуруу гэж хэлдэг нэг хэсгийг нь таслаад хаяхад эргээд ургадаг гэж байгаа юм. Тэгээд амьдраад яваад өгдөг. Аалзны толгойг цавчих юм бол үхдэг. Яагаад гэвэл аалз төвлөсөн нервийн системтэй. Нэг тархи, нэг удирдлагатай. Далайн од бол тийм төвлөсөн нервийн систем байхгүй. Цавчаад хаясан ч явдаг.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД