Б.БАТХҮҮ: “БОРОО” ДУУГ МИНЬ ДУУЛСАН Б.САРАНТУЯА ГАВЬЯАТТАЙ БИ ГАНЦХАН УДАА Л ТААРСАН

2016 оны 03 сарын 28

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Бороохойн Батхүүтэй ярилцлаа. Таньж мэдэхэд амаргүй, тааварлашгүй ертөнц л гэж түүнийг тодорхойлох байна. Зохиол, бүтээлээрээ өөрийгөө илэрхийлчихдэг болоод ч тэр үү таван үгийн солионд танигдах нь үгүй ажээ.

Бусдыг магтаж, өөрийгөө орхигдуулж хойш сууж явсан гэмээ тэр засахаар шийдэж, энэ жил анх удаа уран бүтээлийн тайлан тоглолт хийх гэж байгаа гэнэ. Хаврын улиралд болзоо тавьсан энэ цэнгүүнээ “Бороо” гэж нэрлэх бодолтой яваагаа ч ярьсан.

1980-аад онд уншигчдыг шуугиулж, тэр цагийн томчуулаас магтаал мялаалгын үг олонтаа сонссон тэрбээр 14 настайгаасаа шүлэг бичиж, 10-аад боть ном бүтээжээ. “Нүүдлийн Түрүүч”, “Холын хол”, “Шувууд ганганах намар”, “Хул хонгор дуун”, “Ноён шүлэг”, “Хуучин найз” түүвэр хэвлүүлсэн найрагч сүүлийн үед үргэлжилсэн үгийн бүтээлд ихэнх цагаа зориулах болсон гэнэ.

-Сэтгүүлч болсон намтар түүх тань хэрхэн эхэлсэн бэ. Сүүлийн үед энэ салбараас их л хол байгаа юм уу даа.

-Би Завхан аймгийн Сонгино сумын уугуул. Улиастайд голдуу сургуульд сурсан. Худалдааны техникумд нэг жил сураад Цэргийн албанд мордсон. Тухайн үед Ю.Цэдэнбал дарга хятад хэлтэй 50 офицер бэлдэх нууц даалгавар өгснөөр Аюулаас хамгаалах сургуулийг тусгай дунд сургууль байхад бидний 50 залуу гурван жил хятад хэл сурахаар “нүдүүлж” явлаа.

Хятадуудыг нэг номерын дайсан гэх хэрнээ хэлийг нь сурж, түүхийг нь судал гэхээр нэг л авцалдаж өгөхгүй. Дөрвөн багш, 50 оюутан гурван жил “ноцолдож”, арав нь орчуулагч болж үлдээд бусад нь зам мөрөө хөөсөн. Хятад хэл амаргүй. Хятад хэл төгс сурсан байвал түүнийг эрдэмтэй хүн гэж хүлээн зөвшөөрч болох юм аа.

-“Эх орны манаа” сониноос ажлын гараагаа эхэлсэн гэв үү?

-Сургуулийнхаа тухай мэдээ, мэдээллийг бичиж, “Эх орны манаа”, “Улаан од”-д хэвлүүлчихдэг хүүхэд байсан болохоор судалгаанд орчихсон явсан шиг байгаа юм. Тухайн үеийн “Эх орны манаа” сэтгүүлийн эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Лувсанбалдан гуайд утга зохиолын ажилтны нэг орон тоо байгаад л байж. Их айхтар, яхир хүн л дээ. 820 төгрөгийн өндөр цалинтай ажил болохоор хариуцлагатай хүн авна гэж хадгалж байгаад намайг авсан. Талийгаач Барамсай, Түмэнжаргал эд нар хүртэл орох гээд бараагүй гэдэг. “Би архи уудаг хүн авахгүй. Эвдрээгүй, ардын хүүхэд авна” гээд халгаагүй гэсэн.

Дэслэгч цолтой, 820 төгрөг дээрээ 90 төгрөгийн нэмэгдэл авчихдаг байлаа. Манай үеийнхний дунд омог төгөлдөр олон зохиолч, найрагч бий дээ. Б.Цэнддоо, Ц.Чимэддорж, Б.Баярсайхан. Д.Чинзориг, Б.Энхтуяа, Д.Сумъяа, Д.Чинзориг Дан.Нямаа, М.Баттөмөр гээд л бүгд том зохиол ч болжээ.

Тухайн үед сэтгүүлзүйн салбарт том, жижиг хэмжээгээр гардаг төвийн, салбарын, орон нутгийн сонин гэж хэдхэн л ангилалтай байж. Манай сонин болохоор “Ангиас гадагш үл гаргаж болно” гэсэн толгойтой, тодорхой хэмжээний нууцлалтай.

Одоо ч 75 жилийн түүхтэй энэ сонин хэвлэгдсээр байгаа. Сонин, хэвлэлийн чиглэлийн сургууль төгсөөгүй болохоор Хариуцлагатай нарийн бичгийн даргаасаа эхлээд их дээрэлхэнэ ээ. Жирийн нэгэн эмгэний тухай бичээд сонинд хэвлүүлнэ гэж байхгүй. Түүний оронд хөдөлмөрийн сайчуудыг бич гэнэ шүү дээ. 1992 оноос хойш сэтгүүлзүйн салбараас хөндийрсөн дөө. Нэг их хүнд өвдсөнөөсөө хойш зохиол бичих ажилдаа голдуу шамдах болсон юм.

-Утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө бий болгохын тулд ямар замнал туулсан бол?

-Утга зохиолын ертөнцөд задрал явагдаж, С.Эрдэнэ гуайн хариуцаж байсан Яруу найргийн танхим Д.Пүрэвдоржийн гарт очсон тэр үеэс дөрвөн жил сургалт, семинарт сууж, олон сайхан хүнээс үг сонсож явлаа.

Сэтгүүлчийн замаас зохиолч, яруу найрагч гэж хоёр салбарладаг юм шиг байгаа юм. Сэтгүүлч хүн бол тэр хоёр хананы дундуур явдаг. Харин хоёр талд яваа нөхөд нь тэр ханыг мөргөөд л, унаж босоод л яваа юм. Шизо анализ хийж, шизо дүгнэлт, дүрслэлтэй бичдэг болохоор галзуу талын хүмүүс гэж зохиолчдыг хэлж болох байх.

-Таны нас 60 руу дөхөж яваа юм байна. Анх удаа уран бүтээлийн цэнгүүн хийх гэж байгаа гэлээ. Яагаад ийм шийдвэр гаргав. Нэг ч тоглолт хийгээгүй явснаа яагаад ингэж шийдэхэд хүргэв?

- Ж.Заяабаатар бид хоёр сайн найз л даа. Тэр маань бурхны орон руу явчихлаа. Түүндээ зориулсан хандивын тоглолтыг хараад юм бодогдсон шүү. Хүн танагтай байгаа дээрээ нэг юм хийх хэрэгтэй юм байна. Өөрийнхөө тоглолтыг хийлгүй хайнга ханддаг, арчаагүй нөхдийн нэг нь би л дээ. Хүн магтах дуртай хэрнээ өөрийгөө мартчихдаг.

Дүрсжүүлсэн 2-3, насныхаа аясаар түгсэн 10 гаруй дуу байдаг юм байна. Түүнээсээ наймыг нь оруулаад, тууж өгүүллэгээсээ Г.Равдан ахаар уншуулаад ойрын хугацаанд нэг тоглолт хийнэ ээ.

-Тоглолтоо “Бороо” гэж нэрлэнэ гэлээ. Хөгжмийн зохиолч С.Мөнхбат агсны аялгуу, Зууны манлай эстрадын дуучин гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн анх олонд танигдсан энэ дууны шүлгийг таныг бичсэн гэдгийг мэдээгүй явлаа.

-Энэ дууг Б.Сарантуяа гавьяат “Хөх тэнгэр” хамтлагийн дуучин байхдаа анх дуулж олонд танигдаж байлаа. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Х.Үнэнхүү, дуучин, их эмч Л.Оюун-Эрдэнэ нар бас дуулна. С.Мөнхбат бид хоёрын “Бороо”-гоос өмнө хийсэн “Уулс аав”-ыг Л.Оюун-Эрдэнэ дуулах юм.

“Тахиа” С.Мөнхбат бид хоёрын танилцсан түүх сонирхолтой. Би анх хөгжмийг нь сонсоод “Монголын хөгжмийн урлагийг устгах гэлээ. Чиний хөгжимд нэг ч монгол аялгуу алга” гээд хэлтэл мань хүн манай өрөөнөөс салахаа болиод “Чи их хоншоортой, хүн доромжилдог хүн. Шүлэг бичиж өг” гээд зүтгэсээр байгаад хийсэн дээ. Би энэ дууг дуулсан Б.Сарантуяа гавьяаттай С.Мөнхбатын тайлан тоглолтын үеэр ганц удаа уулзаж, гар барьсан. Одоо харин тоглолтоо хийх гэж байгаа болохоор ирж дуулж өгөөч гэж хэлнэ дээ, харж л байя.

-Ойрын үед ямар зохиол бүтээл туурвиж байна вэ?

-Ээжийгээ бурхны оронд явсны дараа хүн хорвоог өөрөөр хардаг юм байна. Аав, ээжийгээ 18 настайд төрж, өдий хүртэл хамт өтөлчихсөн болохоор эвгүй юм. Айлын том хүү, долоон дүүтэй. Эхээсээ хойш арай цоглог байж, энэ хэдэн хүүхдийн магнайд аятайхан явъя гэж бодогдож байна. Зөвхөн ээжийнхээ тухай баримтат роман бичнэ гэсэн амлалт өгсөн.

Бас сэтгүүлч, зохиолч хүмүүс юмны муу талыг түрүүлж хараад бусдыг их шүүмжилж, хүн муулдаг ажил хийдэг. Ээжээсээ хойш хүн муулахаа болихоор шийдсэн. Хүний ээж гэдэг юутай ч зүйрлэшгүй бат цайз юм аа. Би ээждээ зориулж 40 шүлэг бичсэн байдаг юм. Бүгдийг нь би өөрөө ээждээ уншиж өгсөн. Тэр дунд 1996 онд “Ээжийн үг” гэж шүлгээ уншихад ээж минь уйлсан юм даг. Хүүгээ өрөвдсөн байх.

Тухайн үед би өвчтэй байсан юм. Ээжийгээ их л зовоож, донсолгоотой амьдарсан болохоор бурхан болсных нь дараа өөртөө иймэрхүү амлалт өгчихөөд биелүүлэх гэж хичээж явна даа.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД