Хаврын улиралд хүүхдүүдтэйгээ хамт заавал хийж үзэх зүйлс

2016 оны 03 сарын 24

Өвлийн жавар хацар хайрахгүй, зузаан хувцсанд түүртэхээргүй болжээ. Удахгүй модод нахиалж, зүлэг ногоорно гэхээс хүүхдүүд тэсч ядаж буй. Урин дулаан улирал дагаж гэгэлзэх бяцхан тэднийхээ ертөнцөд гэрэл нэмж, дулаан өдрүүдэд хамтдаа хийх зүйлсийн жагсаалтаа гаргаарай.

Бидний бяцхан сахиусан тэнгэрүүдэд үнэтэй чамин тоглоомноос ээж аав, хайртай дотнын хүмүүстэйгээ хамтдаа хөгжилдөн өнгөрүүлсэн хором мөч үнэтэй байдаг билээ.

 

  1. Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд бөмбөг шидэж тоглох нь хөвгүүдийн төдийгүй охидын ч хийх дуртай зүйлсийн нэг. Та ч бас хүүхдүүдтэйгээ бөмбөгөөр тоглож болох юм.
  2. Хэрэв хүүхэд тань дугуй унаж хараахан сураагүй бол энэ хавар хийх зүйлсийнхээ жагсаалтад “Дугуй унаж сурах” өдрийг заавал багтаагаарай.
  3. Усны шувуудын ирэхийг дурандах. Зүгээр л хараад өнгөрөх бус тэднийг ямар төрөл зүйлийн шувуу болохыг зааж өгч, онцлогийг нь зааж өгвөл бүр ч сонирхолтой байх болно.
  4. Ойролцоох орон нутаг руу аялж, мал төллөлт, амьтны үр төлтэй танилцуулаарай. Тэдэнд мартагдашгүй сонирхолтой бөгөөд танин мэдэхүйн ач холбогдолтой аялал болно.
  5. Музейгээр аялах. Үлэг гүрвэлийн араг яс, чулуужсан өндөг, амьтны чихмэл гээд Үлэг гүрвэлийн, Байгалийн түүхийн музейгээр аялах бяцхан зугаалга хийгээрэй.
  6. Эрт ургацын ногоо худалдаанд гарч эхэлмэгч та хүнсний ногоо худалдан авах ажлаа хүүхдүүдтэйгээ хамт хийгээрэй. Ингэхдээ хүнсний ногоог хэрхэн тарьж ургуулдаг, ногоо тус бүр ямар ач холбогдолтой болохыг тайлбарлавал аялал тань үр дүнтэй байх болно.
  7. Цаасан шувуу хөөргөх. Хүүхдүүдийн хийх дуртай зүйлсийн нэг. Тиймээс хавар хийх зүйлсийнхээ жагсаалтад заавал багтаагаарай.
  8. Хүүхэдтэйгээ хамт тоглох тоглоом юу байдаг сан билээ гэж гайхширч байна уу. Тэгвэл дулаахан өдөр гадаа гараад нуугдаж тоглож болох шүү дээ.
  9. Мод тарих. Зуслангийнхаа талбайд мод бут, зүлэг тарих, эсвэл тасалгааны ургамал тарьж услах ажлаа хүүхдүүдтэйгээ хамтдаа хийгээрэй.
  10. Ууланд алхах. Сүүлийн үед нийслэлчүүд ууланд алхахыг илүүд үзэх болсон. Харин энэ аялалдаа хүүхдүүдээ дагуулж явбал олон талын ач холбогдолтой. Бяцхан үрс маань цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээс гадна хаврын улиралд ой мод хэрхэн өөрчлөгдөж, ургамал амьтан сэргэхийг нүдээр харж, танин мэдэх ач холбогдолтой.
  11. Хэрэв та охинтой бол гадаахь зам дээр шохойгоор дөрвөлжилж зураад чирта, эсвэл дээс тоглосон ч болох юм.
  12. Хүүхдийн номын сан, номын дэлгүүрээр зочилж, сонирхолтой түүхүүдтэй танилцуулаарай.
  13. Зуслангийнхаа цэцэрлэгт хүрээлэнг чулуугаар чимэглэвэл ямар вэ. Чулуугаа өнгө өнгөөр будах ажлыг хүүхдүүдтэйгээ хамт хийгээрэй.
  14. Хүүхдүүдтэйгээ хамт бяцхан зугаалга хийж, сонирхолтой зүйлсийн зургийг авч, цомог хийсэн ч болох юм.
  15. Ойролцоох ногоон бүсэд хайгуулд гараарай. Байгалийн сонирхолтой бүтээлүүдийг олох тэмцээн зохион байгуулбал илүү хөгжилтэй байх болно.
  16. Өнгө өнгийн шохой бэлдээд өглөө эрт гадаа гараарай. Хүмүүсийг ажилд явахаас урьтаж, “Ажлын амжилт хүсье”, “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэсэн урмын үгс газар бичиж үлдээх нь хөгжилтэй. Эсвэл тэдэнд дотоод ертөнцөө зургаар илэрхийлэх боломж олгосон ч болох юм.
  17. Нар мандах, жаргахыг харах нь бас нэг аз жаргал юм. Ингэхдээ нар яагаад жаргадаг, өдөр шөнө яагаад солигддогийг тайлбарлаж өгвөл бүр сонирхолтой байх болно.
  18. Гэр бүлийн зураг авахуулаарай. Он жил харвасан сум шиг л өнгөрнө. Харин тэр үед жил бүр авахуулсан гэрэл зургууд тань таны амьдралын дурсамжийг хадгалан үлдэх болно.
  19. Борооны ус тосох хоолой хийж, цэцэрлэгт хүрээлэнгийнхээ моддыг услахад бэлдээрэй.
  20. Хүүхдүүдийнхээ дуртай амттаныг бэлдээд салхилаарай. Хотынхоо хөшөө, дурсгалуудтай танилцаж аялсны дараа цэцэрлэгт хүрээлэнд цайлбал аяллыг тань зугаатай болгоно. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.23.1 үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа
202.131.234.243 Хэрэгтэй мэдээлэл байна.