НАР бэлэглэгчид

2016 оны 03 сарын 17

“Эмч, өвчтөн хоёр санаа нэгтэй байвал өвчин ганцаардаад ялагдана. Харин өвчтөн, өвчин хоёр нийлчихвэл хэцүү дээ” гэж ярих хүн бол олонд “Нүдний” хэмээн танигдсан, Ардын болон хүний Гавьяат эмч, доктор, профессор Эрзийн Санжаа. Тэрбээр 82 нас зооглосон ч ном бичиж, оюутнуудад хичээл заан, үзлэг эмчилгээ хийж тэр ч бүү хэл мэс засалд гар бие оролцож байна.

Түүний таван хүүхдийн хоёр нь эмч бөгөөд тэр дундаа ганц охин С.Удвал болон дөрвөн ач, зээ нь нүдний эмчээр ажиллан, удмыг нь залгамжилжээ. Гурван үеэрээ эмч хэмээх эрхэм алдар хүртсэн Э.Санжаа, түүний охин С.Удвал, ач охин Б.Үен нартай ярилцлаа.

Э.САНЖАА: МИНИЙ ХҮҮХДҮҮД ЭЭЖИЙГЭЭ ДУУРАЙСАН

ЗАРЧИМЧ, НЯМБАЙ

-Таныг 15.000 орчим хүн “багш аа” гэж дууддаг, гарын 230 гаруй шавьтай, давхардсан тоогоор сая гаруй хүнд үзлэг эмчилгээ хийж, олон хүнд нар харах заяа хайрласан гэдэг. Эмч хэмээх хувь тавилантай хэрхэн холбогдсон юм бэ?

-Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн. Улсад 58 дахь жилдээ ажиллаж байна. Дахиад хоёр жил ажиллавал нэгэн жарныг элээх юм. Багаасаа эмнэлгийн хүн болно гэсэн хүсэлтэй байлаа. Ээж, аав минь бичиг үсэг мэдэхгүй, тоонд ч сайнгүй малчин, тариачин хүмүүс байсан.

Би дөрвөн хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Багадаа мал маллах их сонирхолтой. Малд догол гарч, хөл нь гэмтэн, арьс нь язраад өтчихнө. Өмхий үнэртэй тосоо бариад л өнөөх арзганасан өтөн дээр гоожуулна. Тэгэхээр өт нь унаад сайхан эдгэдэг юм. Бас мал төллөхөд эх барьж авна. Байдас гүү их зовж унагалдаг.

Эх, унага хоёр хоёулаа амиа алдах нь бий. Тиймээс унаганы хошуу цухуймагц урд хоёр хөлөөр нь толгойг нь хавчиж татан, төрөхөд нь тусалдаг байв. Тэгээд залхсыг нь бушуухан цэвэрлэж, ам хамар руу нь үлээнэ. Хиймэл амьсгал хийж байгаа нь тэр (инээв). Тэр ч болоогүй чоно нохойд уруулсан малын шархыг оёдог байлаа.

-Тэгвэл малын эмчээс хүний эмч болжээ?

-Бараг л тийм. (инээв). 1953 онд арван жилээ онц төгсөж, дипломатын сургуулийн урилга авлаа. Дөрвөн насны зөрүүтэй ахтайгаа хамт Улаанбаатарт таньдаг айлдаа ирэв. Тэр айлын хүн хотод олон жил амьдарсан, үйлдвэрт ажилладаг болохоор бид хоёртоо л бүхнийг мэдэгч.

Гэтэл нөгөө хүн маань дипломатын сургуулийн тухай сонсоо ч үгүй байлаа. Багаасаа эмч болно гэж бодож байсан болохоор тэр сургуульдаа орсонгүй, наймдугаар сарын 31-нд их сургууль дээр яваад очлоо. “Хүний эмчийн ангийн хуваарь дууссан. Онц дүнтэй төгссөн хүүхэд байна, өөр ангид ор” гэлээ. Тэр үед хүний эмчийн, малын эмчийн, түүхийн, тооны анги гэж нэрлэдэг байлаа шүү дээ.

Тэгэхээр нь би “Дипломатын сургуульд сурах урилгаа орхиод хүний эмч болох гэж хөдөөнөөс ирсэн юм” гэсэн чинь багш нар нэлээд зөөлөрч “Хүний эмчийн ангид 10 гаруй хүүхэд илүү байгаа ч чамайг авъя” гээд орууллаа.

Бүх хичээлийг орос хэлээр заана. Тэр үеийн хүүхдүүдэд одоогийнх шиг үзэх, сатаарах элдэв юм байсангүй, сурахаас өөр зорилгогүй байж. Одоо бол залуучууд номын санд суухаас илүү ресторан, бааранд л дүүрэн байдаг болж.

-Чухам яагаад нүдний эмч болохоор шийдсэн юм бэ?

-Оюутан байхад амьдарч байсан айлын маань хүн нас залуу хэрнээ хараа муутай, нүдэнд нь цус харваснаас болж үе үе хараагүй болчихдог байлаа. Одоо ч тэр өвчнийг эмчлэхэд түвэгтэй. Нүдний хамгийн дотор талын бүрхүүлд хараа үүсгэ дэг 137 сая эс байдаг. Тэр бүрхүүл нь тамхи ороодог цаас шиг нимгэн хэрнээ арван давхар шүү дээ.

Чихрийн шижинтэй, цусны даралт ихтэй хүмүүсийн нүдний судас тасарч, цус дүүрснээс хараагүй болдог аюултай. Авто тээврийн ослын улмаас зарим хүний нүдний бүрхүүл урагддаг. Тэр хэсгийг лазерын туяагаар гагнаж, маш нарийн хагалгаа хийдэг юм. Би анх нүдний эмч болохдоо анагаахын шинжлэх ухаан ийм өндөр түвшинд хөгжинө гэж бодож байсангүй.

Нэгэнт нүдний эмч болсон учраас хөгжилтэй орнуудын түвшинд хүрсэн эмнэлэг байгуулахаар зорьсон. ОХУ, Чех, Болгар улсынх шиг эмнэлэгтэй болж, тэр түвшинд ажиллахаар “Орбита” эмнэлгээ байгуулсан.

-Танайх хувийн эмнэлэг хэрнээ ачаалал ихтэй, улсын эмнэлэг шиг үйлчлүүлэгч олонтой юм аа.

-Тийм ээ. Америк, Япон зэрэг орноос мэргэжилтнүүд урьж, туршлага солилцох гэхээр манай багажийг голдог байлаа. Тиймээс энэ эмнэлгийнхээ барилгад зарцуулсан мөнгөнөөс хоёр дахин их үнээр тоног төхөөрөмж худалдаж авсан. Одоо бол Америкт ямар дурангаар мэс засал хийж байна, тийм л багаж хэрэглэж байна.

Тийм болохоор хүмүүс их ирдэг юм. Банкнаас зээл авч, тоног төхөөрөмжөө шинэчилсэн. 2022 он хүртэл өртэй хүн шүү дээ, би. Нэг бүр нь 50 сая төгрөгийн үнэтэй аппарат гэхэд 10 ширхэг байна.

-Ерөнхийлөгч хүртэл танд үзүүлдэг гэж сонссон юм байна. Олны танил хүмүүс хэр үйлчлүүлдэг вэ?

-Хоёрдугаар эмнэлэгт намайг зөвлөхөөр ажиллаж байх үед чадварлаг эмч нарыг цуглуулж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын эрүүл мэндийг үзүүлсэн юм. Би Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нүдийг үзсэн дээ.

-Монголчуудын нүдний өвчний талаар та арван хуруу шигээ мэдэх байх. Ямар өвчин зонхилж байна?

-Зүүн өмнөд Азийн Индонез, Филиппин, Африк тивийн орнуудад нүдний хурц халдвартай өвчин их байдаг. Хүн амынх нь 15-40 хувь нь ийм өвчтэй. Харин манай улсад нийтийг хамарсан, нүдний халдварт өвчин бага.

Нас ахиад ирэхээр болор цайх, ялангуяа малчдын дунд нүдэнд цагаа унах, улайх, нулимс гоожих, гэмтэх, хальс, мах ургах өвчин түгээмэл болдог. Манайхан их хэнэггүй.

“Ийм эм уугаад, төд хоноод ирж үзүүлээрэй” гэхээр бараг хараагүй болсон хойноо ирдэг. Эмч, өвчтөн хоёр санаа нэгтэй байвал өвчин ганцаараад ялагдана. Харин өвчтөн, өвчин хоёр нэгдвэл эмчлэхэд хэцүү дээ.

-Гэр бүлийнхээ хүнийг дурсахгүй юу?

-Миний эхнэрийг Отгон гэдэг, Монгол Улсын гавьяат багш. Маш ажилсаг, гайхамшигтай, авьяас чадалтай, нэг үгээр хэлбэл хатуу хүн байлаа. Хүүхдээс гадна ач, зээ нийлсэн 10-аад хүнийг өсгөхдөө нэг ч удаа түүртэж байгаагүй. Миний хүүхдүүд ээжийгээ дуурайсан нэг чигийн сэтгэлтэй, зарчимч, нямбай хүмүүс.

Даасан анги нь гурван удаа улсын тэргүүний анги болж, ХБНГУ-д хамт олноороо амарч байсан түүхтэй. Отгон багшийн даасан ангийн хамгийн муу сурлагатай хүүхэд нь Засгийн газарт 2-3 жил ажиллаад, тэргүүний ажилтан болсон. Шалны алчуур нь хүн гутлаа арчихын аргагүй цас шиг цагаан байсан гэдэг.

Намайг Гавьяат, Ардын эмч болохоос хамаагүй өмнө миний хань Гавьяат цолоор шагнуулсан. Арай л эрт энэ хорвоог орхисон доо. Гэр бүлийнхээ хүний тухай өнөөдөр сайхан ярьчихлаа. Түүнийхээ тухай бараг ярьж чаддаггүй юм (Санжаа эмчийн хоолой зангирч, аньсага нь чийгтээд ирэв).

С.УДВАЛ: ААВ МИНЬ ИХ НИГҮҮЛСЭНГҮЙ ХҮН

-Та аав шигээ эмч болно гэж багаасаа боддог байв уу?

-Миний аав их нигүүлсэнгүй хүн. Харааны бэрхшээлтэй нэгнээ хөтөлсөөр аавд минь үзүүлэх гэж зорьж ирсэн хүмүүс манайд хонодог байлаа. Огт танихгүй тэр хүмүүсийг аав минь халуун дотноор хүлээн авч, эмчилнэ. Сахал нь ургасан, нус нулимс нь гоожсон, муухай үнэртэй хүмүүс ч ирнэ.

Мэс засал хийлгээд хэдэн сар, жилийн дараа их сайхан болоод эргээд ирэхэд нь би танихгүй, “Нөгөө сахал үсэндээ баригдсан хүн мөн үү” гэж бодогдох үе байлаа. Гэрэлт нарыг хардаг болсон цагаас нь л тэдний сэтгэл дотор ч нар мандсан юм шиг санагддаг. Тэгээд л нүдний эмч болж, олон хүнийг сайн сайханд хүргэе гэж бодсон.

Аавд үзүүлэхээр ирсэн хүмүүсийн байдал, эрүүл болсны дараах баяр хөөр нь намайг нүдний эмч болоход их нөлөөлсөн. Аав минь эмчилгээний тухай уйгагүй хэлж, зөвлөн, урам зориг өгдөг.

-Таны хоёр охин бас нүдний эмч байх аа?

-Тийм. Би гурван хүүхэдтэй. Хоёр охин маань нүдний эмч. Харин гурав дахь хүүхдээ эмч болгохгүй. Бусдад хэрэгтэй хүн болж байгаагаараа эмч мэргэжил сайхан. Гэхдээ шулуухан хэлэхэд хүнд буянтай ч өөрт их тарчлаантай ажил.

10 хүнд хагалгаа хийхэд найм нь амжилттай болж, хоёр нь хүндрэх жишээтэй. Амжилт муутай болсон хагалгаагаа бодон, нөгөө хүндээ санаа зовж, сэтгэлдээ тарчилж явдаг.

-Та Монголд анх удаа нүдний эвэрлэг бүрхүүл солих хагалгаа амжилттай хийсэн. Тэр тухайгаа яриач.

-Орчин үед шинжлэх ухаан өндөр хөгжиж, эсийн түвшинд ярьж байна. Долоохон грамм жинтэй эрхтэн болох нүдийг судлах салбар маш олон салаалж хөгжсөн. 1999 оны эхээр бид болор суулгах, хялар засах зэрэг бүх л хагалгаа хийдэг байлаа. Тэр үед л эвэрлэг бүрхүүл солих хагалгаа надад оногдсон хэрэг. Одоо бол би голчлон болор суулгаж байна.

-Аавдаа хэр зэмлүүлж байв. Мэргэжлийн хувьд хамгийн сайн зөвлөгч бас шүүмжлэгч тань болов уу?

-Би аливаа юмыг няхуур хийх гэж цаг их зарцуулдаг. Тиймээс ааваасаа “Хурдан хийгээч, удлаа” гэсэн үг олон удаа сонссон. Зарим хүний хоёр хийгээд сурах юмыг би 4-5 удаа хийж байж сурах жишээтэй. Тэгэхдээ гартаа ортол сайн сурдаг. “Нүдний эмч яах гэж болгов доо” гэсэн харуусал өнөөг хүртэл аавд минь байгаагүй болов уу.

-Аавынхаа мэргэжлийг өвлөж, эмнэлгээ удирдаж яваа хүний хувьд цаашид ямар зарчим баримталж ажиллах вэ?

-Шинжлэх ухаан дээд цэгтээ хөгжиж, ялангуяа хүн шинжлэл цаг минутаар өөрчлөгдөж байна. Тиймээс шинжлэх ухааны хөгжлөөс хоцрохгүйг хичээж ажилладаг. Бидэнтэй сэтгэл нийлж, хамтран ажиллаж байгаа эмч нараа тухтай нөхцөлд ажиллуулахыг хичээдэг.

Б.ҮЕН: ӨВӨӨГӨӨ ДАГАЖ ЯВСААР ЗУРГАДУГААР КУРСЭД БАЙХДАА МЭС АЖИЛБАР ХИЙЖ СУРСАН

-Та яагаад нүдний эмч болсон юм бэ. Өвөөгийн нөлөө хэр байсан бол?

-Би анагаахын сургуульд орно гэж бодож байгаагүй. Гэхдээ ухаан орсон цагаасаа л эмч, эмнэлгийн орчинд амьдарсан. Миний багад хүн болгонд гар утас гэж байгаагүй учраас эмч нартай холбоо барихад хэцүү байлаа. Өвөөд үзүүлэх гэсэн хүмүүс манай гэрийн утас руу залгана. Өглөө гэрийнхээ утасны дуугаар сэрдэг байв.

Өвөө 08.00 цагт ажилдаа явдаг учраас 06.00 гээд л утас хангинана. 24.00 цагийн турш тасралтгүй дуугарч, “Санжаа эмчтэй ярья” гэнэ. Гэр бүлийн энэ уур амьсгал намайг эмч болоход нөлөөлсөн. Түүнээс би “Эмч болно” гэж зорьж тэмүүлээгүй.

Эмч хүн ямар байх ёстойг өвөө, аав, эгчээсээ харж мэдэрсэн. Тэгээд “Нүдний эмч сайхан мэргэжил юм байна. Би ч бас энэ мэргэжлээр ажиллах ёстой юм байна” гэж бодсон. Ингээд анагаахын сургуульд орсон доо.

Сүүлийн 10 жилд мэргэжил маань нүдний даралтын, торон бүрхүүлийн, нүдний эвэрлэг бүрхүүлийн эмч гэх зэргээр төрөлжин хөгжсөн. Би харин нүдний торон болон судсан бүрхүүлийн өвчин эмчлэх чиглэлээр мэргэшсэн. 2001 оноос эхлэн “Орбита” эмнэлэгт ажиллаж байна.

-Таны эмчилдэг торон болон судсан бүрхүүлийн өвчин манай улсад хэр түгээмэл байдаг вэ?

-Ер нь судсан бүрхүүлийн өвчин хүний дархлаатай холбоотой байдаг учраас мэр сэр тохиолддог. Зонхилон тохиолдож байгаа нь торон бүрхүүлийн өвчин. Чихрийн шижинтэй хүмүүст голчлон тусдаг. Тиймээс маш их тархсан.

-Та түрүүн аавынхаа тухай цухас дурдсан. Таны аав бас эмч байх аа?

-Миний аавыг Болд гэдэг. Санжаа эмчийн том хүү. Аав минь аравдугаар ангиа Монголд төгсөөд Герман улсад хүний их эмч мэргэжил эзэмшсэн. Монголдоо ирээд зүрхний эмчээр 2-3 жил ажиллаж байгаад шилжилтийн үеэс өөр ажил эрхлэх болсон.

-Өвөөгөөсөө хэр суралцаж байна. Загнуулах үе гарах уу?

-Өвөөгөөсөө өдөр бүр суралцдаг. Мэргэжлийн ур чадвар болон амьдралын ухаан сурч байна. Тэр хүний хэлж буй үг бүр үнэ цэнэтэй. Өвөө минь хүүхдүүдээ үглэж загнаад байдаггүй, хааяа нэг жинтэйхэн үг хэлдэг. Тэр нь ухаарал хайрладаг юм. “Миний хүүхдүүд мэргэжлээрээ хоцорч болохгүй. Өдөр бүр шинэ зүйл сурч бай” гэж захидаг.

-Гэр бүлийнхээ гурав дахь үеийн эмч болсноороо бахархдаг уу?

-Бахархалгүй яах вэ. Ээж нь хуульч байгаад хүүхэд нь хуульч болох, аав нь машинист байхад хүү нь түүнийг өвлөхийг би азтай гэж боддог. Тухайлбал, ямар нэгэн эмч байхгүй гэр бүлээс эмч төрлөө гэхэд тэр хүн зөвхөн өөрөө өөрийнхөө алдаа оноон дээр үндэслэн ажилладаг бол миний хувьд өвөө, эгчийнхээ олон жил хурааж, хуримтлуулсан мэдлэг, туршлагаас суралцдаг.

“Үүнийг ингэдэг юм. Гэхдээ сүүлийн үед ямар шинэ эмчилгээ гарсан байна, хараарай” гэх жишээтэй. Анагаахын сургууль төгсөж байгаа оюутнуудын олонх нь зургадугаар курс хүртлээ юуны эмч болохоо шийдээгүй байдаг. Гэтэл би хоёрдугаар курсээсээ эхлэн зуны амралтаараа өвөөгөө дагаад хөдөө явдаг байлаа.

Эхний жил өвөө хагалгааны хэрэгслээ бэлдүүлж, дараагийн жил нь мэс засалд хамт орж, сувилагчийн ажил хийлгэж байсан бол дөрөвдүгээр курсэд ороход нүдний зовхи яаж тэлэх, тос хэрхэн хэрэглэх зэргийг зааж сургасан. Зургадугаар курсээ төгсөхдөө өвдөг хагалах, буруу ургасан сормуус засах зэрэг мэс ажилбар хийгээд сурчихсан байлаа.

-Та хоёр охиноо эмч болгох уу. Тэгвэл дөрөв дэх үеийн эмч төрөх нь байна шүү дээ.

-Үгүй ээ. Эмч байх хоёр талтай. Бусдад буянтай ч өөрт их зовиуртайщ. Хагалгааны дараа хүндрэл гарах, хүлээж байсан шиг үр дүнд хүрэхгүй бол их шаналдаг. Талхаа зүсэж байсан ч нөгөө хүнээ бодож, сэтгэл зовдог. Амархан ажил биш. Тиймээс хүүхдүүд маань өөрсдөө эмч болно гэхгүй бол би хүчлэхгүй.

-Тийм шүү. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой ажил болохоор нэг алдаа гаргахад л цагдаа, шүүхэд дуудагдана шүү дээ.

-Тийм ээ. Эмч хүний нэг хөл наранд, нөгөө нь нарсанд байдаг гэсэн үг бий шүү дээ.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
64.119.24.126 China
174.221.146.62 Saihan yariltslaga boljee.. Mundag ger bul, hairt Otgon bagshiinhaa achaar hunii zeregtei ywna.
202.9.43.119 Хоёр нүдэндээ хийлгэх онош гарсан юмаа чука хариу бичээч
202.9.43.119 Эвэрлэг бүрхүүлийг солих хагалгааны тухай зөвлөгөө авах гэсэн юмаа одоо засвартай байгаа юм шиг байна нэг нүдийг хэдээр хийх болоо чука
66.181.161.107 Ta buhendee bayrlaj yvdag shuu
103.57.92.58 Дотно сайхан хүмүүс. Мундаг эмч нар шүү дээ.Гадаад үзэмж дотоод чадвар чансаагаараа ч гайхалтай гоё хүмүүс.Найз Удвалдаа Гавъяат эмч доктор профeссор Санжаа эмчдээ, Үeн эмчдээ ажлын улам их амжилт сайн сайхныг хүсэн eрөөe!Сайхан ярилцлага болжээ.Ариунаа
27.123.212.132 UEN naiz maani ih hubleg, mundag ohin shuu.amjilt huse.Adiya emch n.
27.123.212.132 Bayar hurge.manai bagsh mundag uhaantai alsig harsan hu shuu. Udbal, Uen 2 too ajilin ih amjilt huse.tanai ger buld az jargal huse.
124.158.109.232 Орбита эмнэлэг нь хувийн нүдний эмнэлгүүдээс хамгийн чадварлаг сайн эмч нар ажилладаг.Гол хүн нь маш сэтгэл сайтай чадвартай хүн учраас ЗАН САЙТАЙ АЙЛД ХҮН БОЛГОН ЦУГЛАДАГ гэдгээр их хүн цугладаг байх.Хэдэн жилийн өмнө ээж нь хориход хүмүүжиж байгаа нүд нь хялар охиныг нэвтрүүлгийнхэн аваад нүдний олон хувийн эмнэлгүүдээр орорход хэн нь ч хүлээж аваагүй.ОРБИТА-д Санжаа багш дээр ирээд уулзахад маш эелдэг сайхнаар хүлээн авч уриалгахан тусалж үнэ төлбөргүйгээр хагалгаа хийж өгсөн нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн.Санжа
106.102.128.127 Mundag zarchimch bolivsroltoi soeltoi humuus shu iim humuus amjiltand hurch bnda Estoi nar shig humuus de Ta buhend amjilt huse
59.153.113.156 Bagshdaa urt udaan nas eryyl enkhiig hysie.Udval emchdee, naizdaa amjilt hysie
103.212.116.171 China
103.229.121.63 Санжаа эмч болон ажил мэргэжлийг нь өвлөж байгаа охидуудад нь амжилт хүсч эрүүл энх, сайн сйхныг хүсье.
103.229.122.157 Bagshdaa eruul enxiig xusie! Unxeer sxan setgeltei bagshdaa,,,
150.129.142.147 Санжаа эмчдээ урт удаан насалж, эрүүл энх байхыг хүсэн ерөөе! Алтан гартай, ажилсаг, зөөлөн сэтгэлтэй эмч шүү.
103.26.195.11 jinhene mongol baharhal gej ene de.saihan ger bul,udam sudar bn.az jargal husye