“Өвөрхангайн малчдадаа тусалъя” аян эхэллээ

2016 оны 03 сарын 14

Өвөрхангай аймгийн хангайн бүсийн зарим сумын нутагт цас их унаж, хаваржилт хүндрээд байна. Тус аймгийн Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Баян-Өндөр сум зудархуу байгаа аж. Ялангуяа Хужирт сумын урд, Өлзийтийн зүүн тал, Есөнзүйл сум бүхэлдээ цасанд хучигдан, мал бэлчээрлэх боломжгүй болж, зам даваа хаагдсан байдалтай байгаа аж.

Энэ хүнд үед малчдад туслах сайн үйлсийн аяныг сэтгүүлчдийн нэгдсэн “Бичиг занги” ТББ-аас санаачлан, өрнүүлэхээр болсон байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдов, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Шагдарсүрэн, Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн, ”“Бичиг занги” ТББ-ын тэргүүн А.Бүрэнбаатар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, энэхүү аянд нэгдэхийг уриаллаа.

“Өвөрхангайн малчдадаа тусалъя” сайн үйлсийн аян өнөөдрөөс эхэлж, ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. “Аяны хүрээнд Өвөрхангай аймгаас төрсөн соёл урлаг, спортын алдартнууд, нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид болон малчдадаа туслах, тэдэнд сэтгэлийн дэм, өгөхийг хүссэн хүн бүрийг уриалан нэгтгэж мөнгөн тусламж, эд материалын хандив цуглуулах юм.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Шагдарсүрэн “Энэ сар болон ирэх дөрөвдүгээр сард цаг агаарын байдал тааруу байна. Иймээс цагийн хөтүүг давж гарахаар зүтгэж буй хэдэн малчдадаа чадахаараа тусалцгаая” гэж уриалав.

 “Өвөрхангайн малчдадаа тусалъя” сайн үйлсийн аянд нэгдэгчид ХААН банк- 5041390608 /"Бичиг занги" ТББ/ тоот хандивын дансанд мөнгөн хандив өргөх, бусад эд материал, малын тэжээл зэргийг хандивлан, малчдадаа урам хайрлаж, сэтгэлийн нэмэр, тус болох боломжтой байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД