Б.ХОНГОР: ААВ МИНЬ НАМАЙГ “СОЁЛ-ЭРДЭНЭ” ГЭХ АГУУ АЙЛ РУУ ХӨТЛӨӨД Л ОРСОН

2016 оны 03 сарын 11

Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Б.Баяр агсны хүү Б.Хонгор аавынхаа сайхан хоолойг өвлөн, урлагт хөл тавьснаас хойш олон жил өнгөрчээ. Дуучин Б.Хонгортой аавынх нь талаарх дурсамж, уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм.

-Хүмүүс таныг дуучин Б.Баяр агсны хүү гэдгийг эчнээ мэднэ. Ухаан орох цагаасаа олны нүдэнд ил амьдрах хэцүү байв уу?

-Тийм ээ. Багаасаа л урлагт сонирхолтой хүүхэд байлаа. Цэцэрлэг, сургууль, дүүрэг, хотын хэмжээнд зохион байгуулдаг бүх л дууны уралдаанд оролцдог байсан.

-Аавтайгаа хамт гитар бариад дуулж буй багын тань төрхийг одоо ч хүмүүс санадаг байх. Тэр үеийнхээ тухай дурсаач?

-Жинхэнэ од байсан үе минь шүү дээ (инээв). Миний дуулсан дуу хүүхдүүдийн амны уншлага болдог байлаа. Намайг тайзнаа гарахын өмнө аав минь их зоригжуулдаг байсан. Миний санаж байгаагаар тэр үед намайг гурав, дөрвөн удаа дахиулдаг байлаа.

“Соёл-Эрдэнэ” хамтлагтай нэг тайзан дээр дуулна гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг шүү дээ. Тэр үе бол миний амьдралын хамгийн сайхан, гэгээлэг дурсамж.

-Та Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг үндэслэгч “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхан дунд өссөн. Алхам тутамдаа тэднээс суралцдаг байсан байх.

-“Соёл-Эрдэнэ” бол миний амьдрал. Төрөөд, ухаан орсон цагаасаа л мэдэрсэн гайхамшиг. Аав минь намайг энэ агуу айл руу хөтлөөд л орсон. Би тэнд л амьдарсан, амьдарч ч байна. Миний амьдралын утга учир гээд хэлэхэд ч буруудахгүй байх.

-Аавынхаа дуунуудыг сэргээн дуулж анхны цомгоо гаргасан. Тэр үед ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Багаасаа чихэндээ биш, зүрхэндээ хоногштол сонсож өссөн дуунууд шүү дээ. Жаахан байхдаа, аавыгаа санасан үедээ дууг нь сонсон тайтгарч, сэмхэн уйлдаг байлаа. Тэр дуунуудыг нь дуулна гэдэг миний хувьд мөрөөдөл байсан юм. Дууг нь дуулаад бичүүлж буйг аав минь тэнгэрээс харж байгаа гэж төсөөлдөг байв.

-Таныг урлагийн мэргэжил сонгуулахгүй гэж ээж тань их хориглосон гэдэг.

-Тийм ээ. Их хорьсон. Тэр үеийн нийгэм хэцүү байсан л даа. Аав нас барж, ээжид минь хүнд үе байсан шүү дээ. Тийм болохоор ээжийнхээ үгэнд орж, би “Отгонтэнгэр” их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Бас багаасаа хятад хэл үзсэн болохоор илүү гүнзгийрүүлж судлахыг хүссэн л дээ. Ингээд Тайванийн Багшийн их сургуулийг төгссөн.

-Ээжийгээ хориглосоор байхад л урлаг руу тэмүүлээд байсан хэрэг үү?

-Урлаг, хөгжим гэдэг бол миний төлөвшил. Тийм болохоор урлаг руу тэмүүлдэг байсан. Ээждээ “Найзуудтайгаа сагс тоглолоо” гэж худлаа хэлж гараад тоглолтод оролцож, дуулдаг байлаа.

Их сургууль төгссөний дараа өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхээр шийдэж, уран бүтээл хийж эхэлсэн дээ. Овойж оцойсон баян тарган болох чухал биш ээ. Сэтгэл хангалуун амьдрах нь л чухал.

-Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байв уу?

-Бараг үгүй дээ. Гэхдээ ямар ч ажил эрхэлж буй хүн эрх зүйн мэдлэгтэй байх ёстой. Одоогоор мэргэжлээ ажил биш, хэрэглээ болгож л ашиглаж байна даа. Эрх зүйн мэдлэгтэй байх нь ямар ч ажил эрхлэхэд их хэрэгтэй.

-Одоо дуулахаас гадна ямар ажил эрхэлж байна вэ?

-“White arch” дуу бичлэгийн студийн уран бүтээл эрхэлсэн захирлаар ажиллаж байна. Хуучнаар бол уран сайхны удирдаач гэх юм уу даа. Манай студи дууны чиглэлийн бүх л үйлчилгээ үзүүлдэг. Хуучин Цагаан хаалга гэж байсан шүү дээ.

Улаанбаатар руу орж ирэхэд л угтдаг байсан тэр хаалгыг бэлгэдэж энэ нэрийг өгсөн. Сонсогчдод чанартай уран бүтээл, сэтгэлийн таашаал бэлэглэхийн тулд ажиллаж байна.

-“Соёл-Эрдэнэ” хамтлагийнхантай одоо хэр холбоотой байдаг вэ?

-“Соёл-Эрдэнэ”, “Өргөө” хамтлагийн ах нартай холбоотой байлгүй яах вэ. Аавын минь найзууд, нэг үеийн уран бүтээлчид. Бүгд л миний аав шиг санагддаг. Их олон аавтай хүн шүү дээ, би.

-“Соёл-Эрдэнэ” хамтлаг Монголын анхны “Алдрын од”-ыг хүртсэн. Тэр үед аавыгаа их үгүйлсэн үү?

-Тэгэлгүй яах вэ. Маш их бахархсан. “Соёл-Эрдэнэ” хамтлаг 45 жилийнхээ ойгоор энэ хүндтэй шагналыг авлаа. Аав минь энэ үед байсан бол 60 нас хүрч байх байв.

Аавынхаа, “Соёл-Эрдэнэ”- ийнхний залуу, халуун насандаа мөрөөдөж, бодож санаж явсан зүйлс, тэдний уянгалаг аялгуу, шүлэг одоо ч ард түмнийг хөглөсөөр байгаа гэдгийг мэдрэх сайхан байсан. Талбайд тийм олон хүн цуглана гэж төсөөлөөгүй.

-Аавтайгаа өнгөрүүлсэн мартагдашгүй дурсамжаасаа хуваалцахгүй юү?

-Аав маань орон нутаг, гадаад руу тоглолтоор их явдаг байсан. Гэрийн хаалгаар аав орж ирэх мөч хамгийн том баяр байлаа. Аавыгаа саначихсан, хүлээж байгаа хүнд түүнээс илүү жаргал гэж юу байх вэ дээ. Ирэхдээ дандаа гоё бэлэгтэй ирнэ.

Тэр мөч, аавын инээмсэглэл одоо ч тод санагддаг. Бас манайх гэр бүлээрээ их зугаалдаг байв. Манайх 120 мянгатад байдаг байсан. Голын цэнгэлдэхэд очиж тоглодог байлаа. Тэр хавиар явах бүрт л дурсамж сэргэдэг юм. Миний аавтайгаа өнгөрүүлсэн цаг хугацаа богинохон, дурсамж цөөхөн.

Тийм учраас хүүдээ аль болох л олон сайхан дурсамж үлдээхийг хүсдэг. Хүүгээ цэцэрлэгээс нь аваад заавал алхдаг. Алхах зуураа хүүтэйгээ тоглож, аливааг тайлбарлаж өгөхийг хичээдэг юм.

-Аавыг тань нас барсны дараа тухайн үеийн сонин хэвлэлүүд янз бүрээр нэлээд бичсэн шүү дээ. Тэр үед их хэцүү байсан уу?

-Олны танил хүмүүсийн амьдрал түмний нүдэнд ил. Дээр нь хүмүүс яг юу болсныг мэдэхгүй байж янз бүрийн таамаглал дэвшүүлдэг. Тэр л байсан. Тухайн үед аавын минь талынханд хүнд байсан байх. Хайртай дүү, хайртай дуучин нь гэнэт хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд эвлэрч чадахгүй байсан.

Тийм болохоор янз бүрийн хэл ам дагасан. Жаахан байсан надад ч хүнд туссан. Аавыгаа дагаад энд тэнд явж байдаг, би өөрөө нэлээд хэдэн удаа зурагтаар гарчихсан болохоор гадуур явахад хүртэл хэцүү.

Автобусанд ороод суухад л “Энэ нөгөө Баяр агсны хүү байна”, эсвэл “Нөгөөдөх чинь мөн үү” гээд шивэр авир хийгээд эхэлнэ. Ямар сайндаа л ээж минь нэг хэсэг намайг дагуулж гадагшаа гарахаа больсон.

Гадагшаа гарахаараа эгчийг л дагуулаад гарна, “Хүмүүс таньчихна” гээд намайг авч явдаггүй байв. Тэр үеэс л ээж маань намайг урлагаас хол байлгах гэж оролдож эхэлсэн дээ.

-Ээж, эгчийгээ танилцуулахгүй юү?

-Миний ээж Г.Хулан гэж хүн бий. Орос хэлний багш. Одоо тэтгэвэртээ гарч, манай хүүг харж, надад тусалж байна даа. Эгчийг маань Б.Уянгар гэдэг. Эгч маань олон улсын харилцааны чиглэлээр ажилладаг.

-Та хэсэг хугацаанд уран бүтээл туурвилгүй нам жим байлаа. Яагаад хөндийрчихөв?

-Би багаасаа хүмүүсийн нүдний өмнө амьдарсан. Одоо өөрийнхөөрөө нам гүм амьдрахыг илүүд үзэж байна. Гэхдээ уран бүтээл хийлгүй яах вэ. Тайзан дээр байхдаа би өөртэйгөө ярилцаж чаддаг. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор л тэр.

Тэгэхээр уран бүтээл огт хийхгүй гэсэн үг биш. Тухайн дууны цаад утга санаа нь миний зүрх сэтгэлд буусан тохиолдолд би тэр дууг дуулдаг. Тийм болохоор дуунуудаа өөрөө зохиохыг хичээдэг. Цаг нь болохоор шинэ уран бүтээл гаргана.

-Ханийнхаа тухай яриач?

-Б.Анир гэж бүсгүй бий. Би яг л өөртэйгөө ижил сонирхол, мөрөөдөлтэй бүсгүйтэй учирсан. Бидний хүү Х.Гэгүүн одоо гурван настай. Эхнэрээ жирэмсэн байхад би энэ нэрийг зүүдэлж сэрсэн юм. Тэгээд л тэр нэрээ өгсөн.

-Хэт эрт биеэ дааж, олны танил болсон хүмүүст бусад шиг хүүхэд насаа тоглож, наадаж өнгөрүүлсэн дурсамж байдаггүй байх, тийм үү?

-Тийм шүү. Минийх яг л тийм байсан. Гэхдээ гадаа тоглохгүйгээр дуугаа дуулаад явах нь надад сонирхолтой байсан. Тоглолтод оролцсон хүүхэд л байлаа. Цагаан сараар айлд ороод дуу дуулж өгөөд л бэлэг цуглуулдаг хүүхэд байсан (инээв).

-Аавынхаа ямар дуунд хамгийн дуртай вэ?

-“Зүрхний айзам” дууг сонсох их дуртай. “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан ахын “Нутаг” дуунд бас дуртай. Багадаа “Соёл-Эрдэнэ”-ийнхэнтэй бригадаар явж тоглоно. Тэр үеэс л энэ дуунд дуртай болчихсон. Байгалийн үзэсгэлэн энэ дууны аялгуутай хослохоор ямар гоё сонсогддог гээч. Харин “18 нас” дууг дуулах дуртай.

-Ямар үед аавыгаа их санаж, үгүйлдэг вэ?

-Хүн л юм хойно хүнд хэцүү, өөртэйгөө зөрчилдөх үе гарна. Тийм үед их үгүйлдэг. Чухал шийдвэр гаргах үедээ хамт байсан ч болоосой гэж боддог.

-Таны аав Ховд нутгийнх. Аавынхаа нутагт очдог уу?

-Очилгүй яах вэ. Аав маань Ховд аймгийн Зэрэг сумынх. Намайг их элгэмсэг угтдаг. Нэг малчин өвөө “Чи бол Монголын ард түмний хүү шүү” гэж хэлээд намайг уйлуулсан шүү.

-Аавынхаа талынхантай одоо холбоотой байдаг уу?

-Холбоотой.

-Д.Жаргалсайханы “Соёл-Эрдэнэ” хамтлагийн тухай бичсэн ном бий. Үүнтэй ижил аавынхаа амьдрал, уран бүтээлийн тухай дурдатгалуудыг эмхтгэхгүй юм уу?

-Тийм бодол байдаг ч зориглож чаддаггүй юм. Д.Жаргалсайхан ахын “Үл тасрах аялгуу” үнэхээр сайхан ном болсон. Тэр гоё номын дайтай юм би бичиж чадахгүй шүү дээ.

-Таны гаднах төрх, хоолойн өнгө хүртэл аавынхтайгаа их адилхан юм. Энэ үгийг хаа ч очсон сонсдог байх даа.

-Тийм шүү. Ямар сайндаа л “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн ах намайг харахаараа “Энийг харахаар л Баяраа орж ирж байгаа юм шиг санагдах юм” гэдэг.

“Соёл-Эрдэнэ”-ийнхэн ч “Баяраа яг л бидний дунд байгаа юм шиг санагддаг” гэсэн удаатай. Анхны дуугаа сонсогчдод хүргэсний дараа хүмүүсийн ингэж ярих нь бүр ч нэмэгдсэн.

-Та удам залгасан уран бүтээлч. Харин хүүгээ урлагийн хүн болно гэсэн шийдвэр гаргавал хэрхэн хүлээж авах вэ?

-Шийдвэрийг нь хүндэлнэ дээ. Гэхдээ урлаг хатуу гэдгийг ойлгуулна. Үнэхээр авьяастай, түүнийгээ өнгөлөх зүтгэлтэй бол эсэргүүцэх шаардлага байхгүй. Хүн дуртай зүйлээ хийж байж л сэтгэл хангалуун амьдардаг.

-Олны танил хүмүүс цахим сүлжээг идэвхтэй хэрэглэдэг, тэр бүү хэл нэр хүндээ өсгөх, ашиг олох хэрэгсэл болгон ашиглаж байна. Харин та их идэвхгүй юм.

-Энэ нөгөө нам гүм байхыг хүссэнтэй минь холбоотой. Яваандаа шинэ уран бүтээл гаргаад, тэрийгээ олонд хүргэх шаардлагатай болбол хэрэглэх л байх.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.141.149 ene huuehd ovoo duulah shinjtei garch irsenee tag bolloo do..har bagaasaa nerd garah demii yum u,esvel,avyas gedeg jinhene baigaliin ugugdul gedeg ni ym bolov uu
66.58.200.154 ter muu har tamhichin lhagvasyren yahaaraa bayaraa ahyg bayaraa gedeg um be.ene ter hynii derged u ve hen be heden on be.har bagaasaa l harmaany hulgaich bsn ovoo duulj zovb zamd orson. hen bsn hezee bsn gedgee bitgii martaj bai zaluusaa
220.191.168.25 BAYARAA AGSAN MINII DURTAI DUUCHIN BAISAN DEE.