Г.ЛОВОР: Анхны нэвтэрхий тольд хэн хэнийг оруулах вэ гэдэг бөөн асуудал дагуулж билээ

2016 оны 03 сарын 01

Уншигч-сурвалжлагч До.ЦЭНДЖАВ

Манай энэ удаагийн уншигч-сурвалжлагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, доктор, профессор Долгорын Цэнджав ажиллалаа. Тэрбээр “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь”-ийн шинэ хэвлэлийг хамтран бүтээсэн зохиолч Г.Ловортой ярилцсан юм.

1980-аад онд бүтээсэн “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь”-ийн зохиогч, редактороор хүүхдийн зохиолч Г.Ловор гуай мөн ажиллаж байсан туршлагатай нэгэн. Залуу халуун насны эрч хүч, эрдэм мэдлэг, авьяас чадвар гээд хамаг амьдралаа хүүхэд, залуусын боловсролд зориулсан хоёр эрхэм салбарынхаа өнөөгийн тогтолцоонд сэтгэл жаахан дундуур явдаг юм билээ.

-Та боловсролын байгууллагад насаараа зүтгэж байгаа хүн. Социализмын үеийн боловсролын системийг одоотой харьцуулахад танд ямар санагддаг вэ?

-1960-аад оны үед хот, хөдөөгийн сургуулиуд ялгаагүй, политехник боловсрол олгох 11 жилийн сургалттай гэж явдаг байлаа. Сүүлд 10 жилийн сургалттай болсон шүү дээ.

Одоо 12 жилийн сургалттай болоод, зургаан настай багачуудыг сургуульд оруулдаг болж. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг даган дуурайж боловсролын системд янз бүрийн шинэчлэл нэвтрүүлэхдээ бид эхлээд өөрсдийнхөө нөөц бололцоо, нөхцөл байдлаа бодолцох ёстой юм л даа.

Тэгэхгүй болохоор нэг ёсондоо манай хүүхэд багачууд туршлагын туулай гэдэг шиг юм болчихоод байна. Өнөөдөр хөдөөгийн малчдын хувьд тав, зургаан настай хүүхдээ төвийн сургуульд оруулна гэдэг яггүй даваа. Нэг бол дотуур байранд хүүхдээ өгөх, эсвэл хамаатан садныдаа байлгах, эс бөгөөс малаа орхиод өөрсдөө төв суурин газар нүүж ирэх шаардлагатай болдог.

Дэлхий дахины жишгээр хүүхдийг нь эрт боловсролтой болгох гэсэн биш малчдынхаа амьдралыг хөлдөө чирэх маягтай болчихоод байна уу даа гэж би хардаг юм.

-Үндэсний онцлогт суурилсан боловсролын систем гэдэг их чухал шүү. Урьд нь манайхан Зөвлөлтийн боловсролын систем, сургалтын хөтөлбөрөөр явдаг байсан. Одоо Америк, Англи, Японы өөр өөр сургалтын хөтөлбөрүүдийг хольж бүлээд, хүүхдийн оюун тархи руу юүлж байна.

Гэхдээ дээр үед харин ч боловсролыг хүмүүжил гэдэг зүйлтэй ямагт хамт авч явдаг байсан. Өдгөө манай боловсролын системд хүүхдийн хүмүүжлийн тухай асуудлыг бүр мөсөн орхигдуулснаар хойч үеийнхэн маань дэндүү дур зоргоороо, танхай, балмад болцгоох вий гэж би эмзэглэдэг юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нийлэлгүй яах вэ. Бидний үед хичээлээр хүмүүжил олгоно гэж ярьдаг байлаа. Гэгээрлийн яамны дэргэд Хүмүүжлийн хэлтэс гэж байсан шүү дээ. Одоо бол хичээлээр зөвхөн сургах л зорилготой, хүмүүжлийг өөрөө аяндаа олж авах ёстой гэж боддог шиг байгаа юм.

-Хүүхдэд хүмүүжил олгоход төр, засгийн бодлогоос гадна багш нарын үүрэг маш их. Багш хүн 45 минутын хичээлийн конспект бэлтгэхдээ тэр сэдвээр дамжуулан хүүхдүүдэд ямар хүмүүжил олгох вэ гэдгийг давхар боддог байлаа.

Хичээллэх хугацаанд нэг минутын ч гарзгүй байхыг хичээдэг байв. Үүний ачаар манай үеийнхэн харьцангуй хүмүүжилтэй, ёс зүйтэй байсан юм болов уу даа?

-Ардчилсан нийгмийг цогцлоохдоо бид хууль ёсыг эрхэмлэх гэсэн хамгийн чухал агуулгыг нь орхигдуулж, анхнаасаа анархи маягаар явчихсан юм. Бүгд дур дураараа зүтгээд байвал юу болох билээ. Ямар сайндаа 1990-ээд оны дундуур “Хүнд ер нь эрдэм боловсрол заавал хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу.

Хувьчилж авсан малаа өсгөөд явбал сайхан амьдарч болно” гэх үзэлтэй малчид бий болж, хүүхдээ сургуулиас их завсардуулсан. Үүний уршгаар өдгөө цэрэгт татагдаж буй залуусын дунд бичиг, үсэггүй хүн олон байгаа гэнэ.

18, 19 настай ханагар эрчүүд одоо а, б үсэг заалгаад сууж байна гэдэг мөн гайхалтай яа. Манайх чинь цагтаа нийтээрээ бичиг үсэг эзэмшсэн орон гэсэн батламж ЮНЕСКО-гоос авч байсан шүү дээ (инээв).


-Ингэхэд боловсрол гэж юуг хэлдэг юм бэ. Дипломтой болгоныг боловсролтой хүн гэх үү?

-Яалаа гэж. Боловсрол, сургалт хоёроо ялгаж мэдэхгүй хүмүүс одоо ч мэр сэр байдаг юм билээ. Боловсрол, хүмүүжил хоёр нийлж байж нэгэн цогц болно. Бие, сэтгэлийн боловсрол гэж тусдаа ойлголт шүү. Хүүхдэд хүмүүжил, сэтгэлийн боловсрол олгодог зүйл бол уран зохиол гэж би боддог.

Гэтэл манай төрийн түшээд хуучин хөрөнгөтөн орон гэгдэж байсан улсуудын туршлагаас судлаад, тэднийг дуурайн уран зохиолын хичээлийн цагийг эрс багасгаж, гадаад хэл сургахад илүү анхаарах болсон.

Энэ бол монгол хүний сэтгэлгээний онцлог, уламжлал, нөхцөл байдлаа бодолцож үзэлгүй хөнгөн хуумгай гаргасан шийдвэр яалт ч үгүй мөн.

-Таныг би танин мэдэхүйн чиглэлийн хүүхдийн зохиолч гэж боддог юм. Танин мэдэхүйн зохиолын ач холбогдол, үр өгөөж их гэдэг нь дамжиггүй. Үүнийг мэддэг болохоор яваандаа “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” бүтээх санаа төрсөн үү?

-Хүүхдэд аливаа зүйлийг хэрхэн танин мэдүүлж, зөв ойлгуулсан бэ гэдгээс ирээдүйн хүмүүжил шалтгаалдаг. Социализмын үед манайд хүүхдийн танин мэдэхүйн болон зөгнөлт зохиол бага байна гэж яамнаас сануулдаг байсан. Тиймээс би 1970-аад оноос эхлэн хэд хэдэн ном бичсэн юм.

Тухайлбал, “Байгаль таних түлхүүр”, “Жимсний аяга” номоороо дамжуулан хүүхэд багачуудад байгаль дэлхийгээ хайрлах, мод тарих нь ямар ач тустай болох, хотын ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах тухай мэдлэг мэдээлэл өгөхийг зорьсон.

Таны хэлсэнчлэн энэ маань яван явсаар “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь”-ийн эхлэл болсон түүхтэй.

1979 онд Г.Гонгоржав, С.Жамбалдорж бид гурав хүүхдийн нэвтэрхий толь хийх санаачилга гаргасан юм. Бидний хэдэн сэтгүүлчийг дэмжиж тэтгэх хэн байж болох вэ гээд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэв гуай дээр очсон юм.

Тэрбээр бидний саналыг маш сайхан хүлээн авч, дэмжээд “Та нар зөвхөн хүүхдийн ганц боть нэвтэрхий толь хийхгүй. Хүүхэд, залуучуудад зориулсан гурван боть толь хийх төлөвлөгөө гаргаад ир” гэдэг юм байна.

Ингээд Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын тогтоол гарч, Л.Түдэв гуайнхаа удирдлагад, олон мундаг хүний тус дэмжлэгээр, давхар давхар хяналтан дор найман жил зүтгэсний эцэст бид “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” гурван ботийг бүтээцгээсэн дээ.

Үзэл суртлын нийгэм учраас шат дамжлага болгонд маш нарийн хяналттай. Компьютер, принтер, канон байх биш үг, үсгийн алдаа мадаг гарах тоолонд бичгийн машинаараа дахин дахин цохиж шивнэ. Ингээд эцсийн байдлаар бэлэн боллоо гэсэн үед 7000 км-ын цаана Москвад аваачиж хэвлүүлдэг.

-Тэр зузаан номыг Зөвлөлтөд очиж хэвлүүлэхэд мөн ч их ажил болсон байж таарна. Москва том хот шүү дээ. Хэр их хүндрэл гарч байв?

-Өө, алийг тэр гэх вэ. Эндээс эхээ бэлдээд Гадаад явдлын яамны дипломат шуудангаар явуулна. Түүнийг манай Элчин сайдын яамныхан хэвлэлийн газрууд руу өгдөг. Тэр үед Зөвлөлтийн хэвлэлийн газрууд чиглэл чиглэлээрээ төрөлжөөд хөгжчихсөн байсан.

Газрын зураг, схемийг нь нэг хэвлэлийн газарт, эхийг нь Зөвлөлтийн үлгэр жишээ хэвлэх үйлдвэрт гэх мэтчлэн бэлтгэнэ. Ингээд тал талд бэлтгэгдсэн материалуудаа нэгтгээд, “Прогресс” хэвлэлийн газарт эцсийн уншилт хийхийн тулд бид эндээс 20 гаруй хоногийн томилолттой очдог.

Тэндхийн ажилчдын байранд байрлана. Москвагийн баруун урд захад байдаг байр руугаа бид хотын төвөөс явна. Метротой тулдаа болж байсан байх даа. Ямар ч байсан хугацаандаа багтаж, ажлаа дуусгахын тулд мөн ч их мэрийдэг сэн.

-Ер нь та нар тэр үед өдөрт хэдэн цаг ажилладаг байв?

-Монголд байхдаа өглөө 09.00-өөс үдэш 21.00 цаг хүртэл ажиллана. Хааяа л дунд нь жаахан завсарлага авна. Нэг удаа бид “Та минь ээ, ганц өдөр эрт тарж, тархи толгойгоо сэргээе. Арай хэтэрлээ” гээд 16 цаг өнгөрөөгөөд ажлаасаа гарцгаасан юм.

Гэтэл яг тэр үед Л.Түдэв дарга бидний ажлыг шалгах гээд ирж таарсан байж билээ. Ганц удаа эрт явцгаасан биш бид даргадаа баахан бангадуулсан даа. Юм гэдэг тийм эгзэгтэй, сонин шүү (инээв).

Хойно очихоороо түүнээс ч олон цагаар ажиллана шүү дээ. Монголын галт тэрэг наашаа хөдлөхөөс ганц, хоёрхон цагийн өмнө ажлаа дуусгаад, дэлгүүр хоршоо ч орох завгүй шахам буцдаг байлаа.

-Зөвлөлтийн мэргэжилтнүүд та нарт хэр элэгтэй байв. Тусалж дэмжих юм уу?

-Гайгүй тусалдаг байсан шүү. Монгол хэлтэй хоёр эмэгтэй бидэнтэй хамт уншилцдаг байсан. “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” бүтээхэд оролцсон гээд нэг нь сүүлд “Алтан гадас” одонгоор шагнуулж билээ. Ер нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд монгол хэл огт мэдэхгүй байсан ч өрөхдөө бараг манайхнаас илүү чамбай.

Барагтай бол алдаа гаргахгүй. Харин зурган дээр жаахан асуудалтай. Наад зах нь зураг угаахдаа монгол дээлийн энгэрийг буруу харуулчих жишээтэй. Дахиад л слайдаар зураг өгөх хэрэгтэй болно. Бас нэг хэцүү юм нь Африкийн орнуудын нэр байсхийгээд өөрчлөгдчихнө.

Нэг улс нэрээ солиход л цагаан толгойн үсгийн дарааллаар өрсөн байсан бүх зүйл өөрчлөгдөх болдог. Мөн биднийг нэвтэрхий толио хийж байх зуур Зөвлөлтийн коммунист намын удирдагч нар ар араасаа нас бараад, зөвхөн тэр хэсгийг гэхэд л хэд дахин өөрчилж билээ.

Энэ мэтээр янз бүрийн бэрхшээл саад олон тулгарсан ч манай С.Жамбалдорж маш сайн зохион байгуулагч, мундаг мэдлэгтэй, чадварлаг сэтгүүлч байсан тулдаа их ажил үүрч гарсан шүү.

-Нээрээ С.Жамбалдоржийнхоо тухай энд жаахан дэлгэрүүлж яриач. Асар өргөн мэдлэгтэй, мундаг хүн байсан шүү дээ.

-Бид нэг ангийнх юм. Хойно сэтгүүлчээр сурч байгаад амралтаараа ирэх тоолонд нь би түүнийг дагуулаад номын худалдаагаар их явна. С.Жамбалдорждоо би түүх, танин мэдэхүйн чиглэлийн ном худалдаж авч өгдөг байлаа. Хожим манай хүн “Ловор намайг ийм болгосон юм шүү” гэж намайг хөөргөдөг байсан сан.

Монголд анх удаа гурван боть нэвтэрхий толь бүтээхэд хариуцлагатай редактороор нь манай хүн үнэхээр хариуцлагатай ажилласан даа. Ямар ч туршлагагүй бидэнд Зөвлөлтөөс ирсэн мэргэжилтнүүд их тусалдаг байв. Манай С.Жамбалдорж хэнтэй ч, ямар ч сэдвээр чөлөөтэй ярьдаг, дайчин, хэл ус сайтай агуу хүн байлаа.

-Ардын уран зохиолч П.Бадарч гуай “Би хоёр техникум хаясан, боловсрол мэдлэгээр тааруухан хүн. Гэхдээ би их сургуульд сурсны дайтай мэдлэгийг “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь”-оос олж авсан” гэж билээ. Энэ бол бахархмаар сайхан үнэлгээ. Тухайн үед айл болгонд нэвтэрхий толь байдаг байсан.

-Айл болгонд, цэцэрлэг, сургууль бүрт нэвтэрхий толь байдаг байсан. Тус бүр нь 45 мянган хувь хэвлэгдээд тэр дороо дуусаж байсан даа. Зарим нь арын хаалгаар худалдаж авах гэж оролдоно. Одоо бодоход манайхан номонд үнэн сэтгэлээсээ хорхойтой байсан юм уу даа.

-“Чинжүү гэдэг халуун ногоо. Толь хийнэ гэдэг хэцүү ажил” хэмээн Б.Ринчен гуай хэлсэн байдаг. Үнэхээр зовлонтой ажил юм гэдгийг шинэчилсэн “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” бүтээх гэж таван жил нухахдаа ойлгосон.

Та бид ажлынхаа хажуугаар түүнийг хийсэн шүү дээ. Шинэ ботийн үнэ цэнэ, онцлогийн тухай та юу хэлэх вэ?

-Зарим хүн шинэ ботийг уншиж үзээгүй байж биднийг “Хуучнаа хуулсан байна” гэх өнгө аяс цухалзуулж байсан. Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд олон юм өөрчлөгдсөн шүү дээ. Улс орны байдал байтугай байгаль, газар, ус хүртэл өөрчлөгдсөн байна. Үзэл суртлын нийгмийн үед зохиогдсон толийг одоо тэр хэвээр нь хэвлэж яагаад ч болохгүй.

Тэр үед улс төрийн байдал нэг намын тогтолцоотой байлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжиж, хүн бүхэн өмчтэй боллоо. Хэнээс ч эмээлгүй ярьж, бичих эрх чөлөө байхгүй учраас өмнөх гурван ботид Чингис хааныхаа тухай хүртэл оруулж чадаагүй юм шүү дээ.

-Эртний овог аймгуудын тухай мэдээлэл ч бараг байдаггүй. Гэхдээ та бүхний бүтээсэн өмнөх нэвтэрхий толь тухайн цаг үедээ асар их үнэ цэнэтэй байсан.

Одоо бол “Ийм байсан юм шүү” гэдгийг гэрчлэх түүх болоод үлдэж байна. Харин шинэ боть энэ цаг үеийн хүүхэд, залууст мэдлэг, мэдээлэл болж очиж буйгаараа онцлог юм даа.

-Тэгэлгүй яах вэ. Энэ шинэ ботид манай эрний өмнөх хоёр, гуравдугаар зуунаас эхлээд 2015 он хүртэлх хугацааг хамарсан, асар олон мэдээлэл багтсанаараа онцлог. Биднийг анх нэвтэрхий толь хийх гэж байхад хэн хэнийг оруулах вэ гэдэг бөөн асуудал дагуулж билээ. Эртний хаад, ноёдоосоо дэвшилттэй хүмүүсийг нь сонгоод оруулъя гэхэд огт халгаагаагүй.

Тэгээд Өндөр гэгээн Занабазар, ноён хутагт Данзанравжаа, Парчин туульч, математикч Мянгад, их зохиолч Нацагдорж зэрэг хэдхэн хүнийг л оруулж билээ. Тэр байтугай “XIII зууны үеийн Монгол орон” гэсэн ерөнхий хэсгийн жаахан текстийг бичих хүн олдохгүй баларсан.

Яалт ч үгүй Чингис хааны тухай гарах гээд байгаа учраас дарга, даамал гэлтгүй бүх түүхч, судлаачид айгаад бичдэггүй. Гэтэл Хөдөөгийн Пэрлээ гуай харин “Би ял шийтгэл бишгүй амссан хүн. Одоо юунаас эмээх вэ, бичвэл бичээд өгье дөө” гээд бичиж билээ.

-Монголын ШУА-ийн хүрээлэнгүүдийн 100 гаруй эрдэмтний тус дэмжлэгээр шинэ нэвтэрхий толь хийхэд мөн л багагүй бэрхшээл саад тулгарсан. Зарим нь оюутны курсын ажил ирүүлж байх жишээтэй.

“Ардчилсан, эрх чөлөөтэй нийгэмд тааваараа амьдарч буй гэхэд манайхан ийм хариуцлагагүй болцгоочих гэж” хэмээн эрхгүй харуусах сэтгэл төрсөн шүү.

-Манайхны юманд хандах хандлага нь л тэр байхгүй юү. Нэвтэрхий толь бүтээх гэж байхад шинэ мэдээлэл тун багатай, хуучин бичиж байсан юмаа хуулсхийгээд явуулсан байсан. Тэр болгонд бид өөрсдөө “гар хүрч”, засаж, өөрчлөх, шинэчлэх шаардлага тулгарсан.

Тийм учраас өгүүллээ ирүүлсэн хүмүүсийн нэрийг тухай бүрт нь тавилгүй, нэвтэрхий толийн ард бүгдийг нь жагсааж бичсэн юм. Энэ гурван ботийн ард гарахад нэрт академич Ч.Авдай гуай биднийг чадварлаг удирдаж байв.

Мөн нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэв даргаас эхлээд зохиолч Х.Зандраабайдий, Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун доктор, зураач Т.Мандир, “Гамма” агентлагийн С.Цацрал, хэвлэлийн инженер Дамдинсүрэн тэргүүтэй олон хүний мэдлэг, сэтгэл, зүтгэл шингэсэн дээ.

Ямар ч байсан шинэ гурван ботийг гүйлгэж харсан, уншсан хүмүүсийн сэтгэгдэл өндөр байгаа юм билээ. Гэхдээ хаа сайгүй эдийн засаг хүндхэн байгаа энэ үед хуучных шиг гүйлгээ сайтай байх аргагүй л дээ.

-Саяхан Төрийн тэргүүн биднийг хүлээн авч уулзсан нь шинэ ботид ач холбогдол өгч буйн илрэл биз. Ерөнхийлөгч өөрөө “Сэтгэлгээний хувьсгал” гэсэн том өгүүлэл бичсэн.

Сэтгэлгээний хувьсгал хийхэд нэгдүгээрт, боловсрол чухал. Хоёрдугаарт, танин мэдэхүйн чиглэлийн мэдээ мэдээлэл их хэрэгтэй гэж тэр өгүүлэлд онцолсон.

Хүүхэд, залуусыг боловсролтой, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэлтэй болгоход БСШУЯ маш их анхаарах хэрэгтэй байгаа юм. Ядаж сургууль болгонд энэ нэвтэрхий толь байх ёстой юм шүү дээ.

-Шинэ нэвтэрхий толь агуулга, хэл найруулга, өнгө үзэмж, хэвлэлийн чанар гээд бүх талаараа сайн бүтээл болсныг Ерөнхийлөгч хэлж байсан. Үүнийг хүүхэд, залууст уншуулж, мэдүүлэхийн төлөө боломжийнхоо хэрээр анхаарч, яамныханд үүрэг чиглэл өгөхөө хэлсэн.

Нийгмийн байдал хувьсамтгай, амархан өөрчлөгддөг учраас 20-30 жил тутамд шинэ нэвтэрхий толь бүтээж байх ёстой юм гэсэн санааг ч цухуйлгаж байсан. Ер нь чадалтай, том гүрнүүд нэвтэрхий толио жил болгон хавсралт маягаар хэвлүүлж байгаад, 20, 30 жилийн дараа дахин нэгтгэж шинээр гаргадаг.

-Та олон төрлийн хообийтой хүн. Маркны цуглуулгаараа олон улсын үзэсгэлэнгээс алт, мөнгөн медаль хүртсэн байх аа?

-Миний хообий шувуу гэхэд болно доо. Хүн төрөлхтнийг өндөрт нисэх хүсэл тэмүүлэлтэй болгож, улам дээш ахиулсан хүч бол шувуу гэдэгт би итгэдэг. Тиймээс шувууны холбогдолтой бүх төрлийн зүйл сонирхож, марк, тэмдэг, ил захидал, ном цуглуулдаг байсан.

“Монголын ховор шувуу” нэртэй цуглуулгаараа дэлхийн үзэсгэлэнгээс гурван удаа медаль хүртсэн. Мөн Азийн болон олон улсын үзэсгэлэнгээс арав гаруй медаль хүртэж байв. Энэ талаар би нэг их ярьдаггүй юм. Нэгэнт өөрийг тань асуусан болохоор ярьчихлаа шүү (инээв).

Тэмдэглэсэн Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД